Малын өвчнөөр хулгайч тэжээдэг сайн хууль (Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль) сайн хэрэгжиж байна. Хулгайч нарт сайн хууль. Бүх суманд нэгжтэй, малын өвчин барьцаалсан, мэргэжлийн босоо худалч – хулгайч тогтолцоо хуулийг сайн хэрэгжүүлж байна.

Тэд 8 сарын дотор бүх аймагт, гурван сумын хоёрт нь мал шүлхийрүүлэв, мөн олон суманд мал мялзантуулав, цэцэгтүүлэв, шинээр үхрийн арьс товруутах өвчний вирүсийг заллаа. Зарим аймаг 4 өвчинтэй, зарим аймаг 3 өвчинтэй, зарим аймаг 2 өвчинтэй, зарим аймаг нэг өвчинтэй болов. Аймаг, сумын мал эмнэлгийн албад өвчний тоогоор, өвчин тарсан сумын тоогоор, өвчний голомтын тоогоор, өвчилсөн малын тоогоор, вакцин халдаасан малын тоогоор, малчдад зарсан вакцины хэмжээгээр, малчдад шахсан антибиотикийн хэмжээгээр, шүлхийгээс сэргийлж угаасан малын тоогоор өрсөлдөж байна, баярлаж байна, олон өвчинтэй, олон малд вакцин халдаасан нэгэндээ атаархаж байна, мал нь өвчлөөгүй, вакцин хэрэглээгүй нь гомдлоо нуухгүй байна, сум, аймгийн малын тоог бариад вакцин нэхэж байна, сумын нийт үхэр, хонь, ямааны тооноос 3 – 4 дахин давсан малын тоог вакцинжуулж, төсөв тонох шуналаараа өрсөлдөж байна. Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд сумандаа 21000 тун шүлхийн вакцинаар цагаан сарын бэлэг барьсан нь эмнэлгээс түргэн тусламжийн тэргэнд нярай эхийг шилжүүлж суулгасан далимын дэргэд харин ч хүндтэй огцрох шалтгаан буй за. 

 

“Зүүн бүсийн мал эмнэлгийн чухал асуудлууд” сэдэвт онол – үйлдвэрлэлийн бага хурал дээр (2014) “Шүлхий мандтугай” гэж уриалж, танхимыг бүхэлд нь хөөргөж, алга ташихыг шаардаж, уухайлуулж байсан нэгэн бээр саяхан, Үндсэн хуулийн 30 жилийн ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “гавьяат малын эмч” цол авчээ. Мөн хурал дээр “Вакцины мөнгө чинь малын тоо тарихад хангалттай, харин мал тарихад хамарт нь ч хүрэхгүй байна, мал тариулья гэвэл мөнгөө нэмж өг” гэдэг алдарт шаардлага танхимыг доргиосон бүлгээ. 

 

Шүлхий, цэцэг, мялзангийн 2017 – 2018 оны их дэгдэлтийн дараа 2019, 2020 онд ганц хоёр жижиг дэгдэлт илэрч, тус гурван вирүсийг бүрэн цэвэрлэх ажиллагааг эхлэх сиймхий таарсаныг алдалгүй, 2021 оны эхний хагаст илэрсэн цөөхөн, цомхон дэгдэлтийн үед эхнээс нь “Хил зөрчдөг өвчний дэгдэлтийг унтраах жишиг ажиллагааны дэгийн” дагуу зөв, шуурхай ажилласан бол дараагийн аль ч дэгдэлтийг эхэнд нь нам дарах боломж байсан гэж ажиглагчид, шинжээчид үзэж байна. Дэгдэлтийг эрт илрүүлсэнгүй, зарлан мэдээлсэнгүй, сэрэмжлүүлсэнгүй. Өвчилсөн амьтдыг тусгаарласангүй, нядласангүй, устгасанүй. Хөл хорионы дэгийг чанд бүү хэл сул ч мөрдсөнгүй. Аль ч шатны мэргэжлийн алба эдгээр ажиллагааг хэрэгжүүлсэнгүй, тэд зөвхөн вакцинд л шуналаа.

 

 

Олон сая тун вакциныг жишиг ажиллагааны дэгийн дагуу хэрэглээгүй. Олон аймагт шүлхийн вакциныг малчдад заржээ. Хаа сайгүй антибиотикийг малчдад шахлаа. Зарим суманд шүлхийг “эмчлэх, сэргийлэх угаалга” үйлджээ. 

 

 

 

Ийнхүү амьтны хил зөрчдөг 4 өвчний 2021 – 2022 оны их дэгдэлт “малын өвчнөөр хулгайч тэжээдэг хууль” сайн хэрэгжиж байгааг, мэргэжлийн босоо худалч, хулгайч тогтолцоо сайн ажиллаж байгааг, тэд шүлхийг, мялзанг, цэцэгийг, арьс товруутах өвчнийг сайн үйлдвэрлэж байгааг, тахлыг сайн хадгалан хамгаалж байгааг, үүндээ баярлаж, хөөрч байгааг олон нийтэд дахин тод илчиллээ. Вакцины буруу хэрэглээ вирүсийг нуудаг, хадгалдаг, үржүүлдэг, тараадаг арга гэдгийг дахин хангалттай илчиллээ. Вакцины буруу хэрэглээ вирүсийн халдлагаас хамгаалах, сүргийг вирүсээс цэвэрлэх арга биш гэдгийг дахин хангалттай нотоллоо. Зүүн 4 аймагт сүүлийн 5 – 10 жилд бүх үхэр, хонь, ямаан сүрэгт 2 – 3 вакциныг жил дараалан хэд хэд халдаасны үр дүнд аймаг тус бүр 3 – 4 өвчнийг нутагшуулж, вирүс нөөцлөж, вакцины орлогоороо бусад аймгийнхны атаархлыг төрүүлж, шуналыг нь бадрааж байна. 

 

2021 оны их дэгдэлтийн сайн, муу сургамжийг задлан шинжлээд, хил зөрчдөг өвчний дэгдэлтийг дарах олон улсын жишиг ажиллагааны дэгийн дагуу ажиллавал, эн тэргүүнд зөв, буруу вакцинжуулалтыг аль алиныг нь нэн даруй зогсоогоод, 2022, 2023 онд илрэх цөөн дэгдэлтийг эрт илрүүлж, нам дараад, 2024 оноос шүлхийгүй, цэцэггүй, мялзангүй, арьс товруутах өвчингүй цаг хугацааг тоолж эхлэх сиймхий шийдвэр гаргагч нарт, сайн шийдвэрийн төсөл боловсруулаад өргөн толилуулах боломж мэргэжлийн албаны түшмэл, мэргэжилтэн нарт тохиож байна, гэвч урьдын адил ийм шийдвэр гарахгүй л болов уу, тэд чадваргүйн дээр зөвлөхүүд нь, ялангуяа худалч – хулгайч зөвлөхүүд нь саад болно.

 

 

Бүх аймаг, сумын бүх малд 3–4 вакциныг хэд хэдэн удаа жил дараалан халдаах өрсөлдөөн аль хэдийн эхлэж, хүчээ авч байна, вакцинд өртөх малын тоо хэд дахин нэмэгдэх төлөвтэй.

 

 

 

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн барьцаанд байдаг Дорноговь аймгийн мал эмнэлгийн алба 2.4 сая хэвэгч малдаа 7.2 сая тун вакцин нэхэн салхи хагалав. 2022, 2023 онд 4 өвчний дэгдэлт цөөрөхөд тахал хадгалан хамгаалагч өөрийгөө магтаж эхлэнгүүт, 2021 оны 8 – 12-р сард дэлгэрсэн шиг их дэгдэлт 2024 онд эхлэх нигууртай байна.  Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2022 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 634, нэг суманд 2 мал өвчнөөр хорогджээ. 2021 оны нэгдүгээр сард 259 буюу хоёр сумын нэгд 1–2 мал өвчнөөр хорогдож, нэгд нь мал өвчнөөр хорогдоогүй гэнэ. Ийм л эрүүл сүрэгтэй малчид биднийг тэжээдэг. Эрүүл сүргийн эзэн – амьтан эзэм шигчид ээ, үйлдвэрлэгчид ээ, хэрэглэгчид ээ, шүлхий, мялзан, цэцэг, арьс товруутах өвчин үйлдвэрлэгч, тахал хадгалан хамгаалагч нарт хорлогдсоор л суух уу? 

 

 

О. УЛАМБАЯР