Цар тахлын улмаас нийтээрээ хоёр жил гэртээ “өнжсөн”. Энэ хугацаанд бүх шатны боловсролын байгууллагууд цахимд шилжиж хичээлийн хоцрогдол үүсээд байгаа. Бүх хичээл хоцрогдолтой дүн гарсан.

Тэр дундаа биеийн тамирын хичээлийн хоцрогдол хамгийн ноцтой, сөрөг үр дагавартайг мэргэжилтнүүд хэлж анхааруулж байна. Эцэг эхчүүд ч хөл хорио, цахим хичээлийн хоёр жилд биеийн тамирын хичээл хаягдаж хөдөлж, хөгжих насан дээрээ дөрвөн хананы дунд дэлгэцийн өмнө хүүхдүүд өсөж байгааг шүүмжилж байгаа. Ингэхээс өөр аргагүй. Учир нь эрүүл, зөв амьдралын хэв маяг, дадал хэвшилд сургах, бие бялдар, зан төлвийн хүмүүжил, тэсвэр тэвчээр олгох хичээл хоёр жил завсардсанаар сурагчид жингийн илүүдэлтэй болж, хөдөлгөөний дутагдалд орсон судалгааны дүн гарчээ. Нөгөө талдаа муу юманд сайн зүйл ч бий гэдгийн адил цар тахал бүх нийтэд биеийн тамир ямар хэрэгтэй вэ гэдгийг ойлгуулав. Түүнчлэн нийгмийн сүлжээгээр одооны хүүхдүүд үг даах чадваргүй, бие бялдарын хөгжил сул, сэтгэл зүй төлөвшөөгүй байна гэж шүүмжилдэг.

 

Үүний учир шалтгаан бага наснаас нь тэсвэр тэвчээр, бие бялдарын хөгжил, өөрийгөө дайчлах чадварт сургах ёстой биеийн тамирын хичээл хангалтгүй байгаатай холбоотойг учир мэдэх хүмүүс тайлбарласаар байна. Тэгвэл биеийн тамирын хичээлийн сургалтын хөтөлбөр, агуулга хэрэгцээ, шаардлагаа хангахуйц түвшинд байгаа эсэх талаар МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн багш, доктор, профессор Л.Уртнасантай ярилцлаа.

 

-Биеийн тамирын хичээлийн үр дүн хангалтгүй байгаа нь агуулгатай холбоотой, тиймээс агуулгыг илүү сайжруулах ёстой гэсэн асуудлыг хөнддөг. Хичээлийн агуулга хэрхэн сайжруулах шаардлагатай байгаа вэ?

 

-Өмнө нь биеийн тамирын хичээлийн гол зорилго нь бие бялдарын хөгжил олгоход оршдог байсан. Хурд, хүч, тэсвэр тэвчээрт голлон анхаардаг. Харин нийгэм, цаг үе өөрчлөгдөхийн хэрээр биеийн тамирын хичээл хүүхдүүдийг эрүүл мэнд, чанартай амьдралд бэлтгэхэд нэн тэргүүнд чиглэж байгаа. Дараа нь өв тэгш бие бялдарын хөгжилтэй болгох, тэсвэр тэвчээртэй болгох зорилгыг тавьж агуулгад тусгасан. Энэ гурван зорилгыг хангахын тулд сургалтын хөтөлбөрийг сүүлд 2019 онд шинэчилсэн. Ер нь биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийг олон дахин шинэчилсэн юм. Миний хувьд 2012 оноос хойш сургалтын хөтөлбөр боловсруулахад ахлагчаар ажиллаж ирсэн. Анх 2003 оноос биеийн тамирын боловсролын стандартыг гаргаж байв. Дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлсэн стандартыг тогтоож хүүхдэд эзэмшүүлэх цогц чадамжид суурилсан шинжтэй. Гэтэл манай улсын төрийн бодлого, шийдвэр тогтворгүй байдгаас дөрвөн жил тутам шинэчилдэг. 10 жилийн хугацаанд хөтөлбөрөө танилцуулж хэрэгжүүлдэг олон улсын жишгээс эсрэгээрээ. Шинэ хөтөлбөр батлаад хэрэгжиж эхлээгүй байтал өөрчлөх жишээтэй. Тухайлбал, биеийн тамирын хичээлийн сургалтын хөтөлбөрийг 2008, 2012, 2016, 2019 онд шинэчилсэн. Хөтөлбөрт олон дахин өөрчлөлт оруулах нь багш нарт хүндрэлтэй, хичээлийн үр дүнд ч сөрөг нөлөөтэй. Үүнийг ч салбарын яам, холбогдох газрууд ойлгож 2016 оны хөтөлбөртөө өөрчлөлт оруулалгүй сайжруулалт хийсэн. Тэгэхээр биеийн тамирын хичээлийн үр дүн хангалтгүй байгаа нь зөвхөн сургалтын хөтөлбөр, агуулгатай холбоотой зүйл биш. Одоогийн баримталж буй сургалтын хөтөлбөр нь олон улсын жишгээс манай боловсролын систем, сургалтын онцлогт тохирохыг шилж сонгон багтаасан. Өмнө нь манай сургалтын хөтөлбөр Оросын сургалтын хөтөлбөртэй ойролцоо агуулгатай байсан бол сүүлийн үеийн хөтөлбөрөө олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан юм. Ялангуяа, Япон улсын хөтөлбөрийн туршлагыг судалж тусгасан.

 

-Олон улсын жишигт нийцүүлж хөтөлбөрөө боловсруулсан гэлээ. Гол онцлог нь юу вэ. Өнөөгийн хэрэгцээ, шаардлагад нийцэж байгаа юу?

 

-Биеийн тамирын хичээл 1-12 дугаар анги хүртэл долоо хоногт хоёр цаг ордог. Биеийн тамирын хичээл бусад хичээлээс өвөрмөц онцлогтой. Тухайлбал, 40 минутын хичээлийн эхний 10 минутанд бие халаалт хийдэг. Халаалт нь хүүхдэд шинэ мэдлэг, чадвар эзэмшүүлэхгүй. Зөвхөн бие махбодод ачаалал өгч хүнд дасгал хийхэд бэлтгэж өгдөг. Тэгэхээр хүүхдэд яг биеийн тамирын мэдлэг, чадварыг эзэмшүүлэх, бие бялдарыг хөгжүүлэхэд 25 минут л үлддэг. Үлдсэн таван минутад ачаалалтай дасгал хийсэн бие махбодыг тайвшруулах амраахад зарцуулдаг гэхээр цаг хүрдэггүй. Бусад хичээл бүтэн 40 минутын турш хүүхдээ хөгжүүлэх зорилгоо хангадаг бол биеийн тамирын хичээлийн тал цаг нь халаалт, амралт, сурагчид хувцас солих зэрэгт зарцуулагддаг. Түүнчлэн биеийн тамирын хичээл дээр спортын олон төрөл үзэж байгаа нь үр дүнгүй болох нэг шалтгаан болдог. Жишээлбэл, суурь боловсролын түвшинд долоон төрлийн спорт үзэж байна.  Жилд 66 хичээлийн цагаа төрөл бүрт хуваахад нэг төрлийн спортын техникийг арав хүрэхгүй цагт эзэмших боломжгүй.

 

Гэтэл энэ цагийг нэмэх эсвэл ахлах ангид биеийн тамирын хичээлийг заавах үзэх биш сонгон судлах хичээл болгох янз бүрийн санал гардаг. Биеийн тамирын хичээл заавал үзэх ёстой гэдэг асуудал өнөөгийн цаг үед илүү хурцаар тавигдаж байна. Цар тахал дэгдэж хөл хорио тогтоосноор хүүхдийн хөдөлгөөн хязгаарлагдсан. Үүнээс болж хөдөлгөөний дутагдалд орж дархлаа суларч, хөдөлгөөний чадвар муудаж байгаа нь судалдаагаар гарсан. Тодруулбал, БШУЯ-наас 2020, 2021 онд цар тахлаас шалтгаалсан хөл хорионы үед хүүхдүүдийн хөгжилд гарсан хоцрогдлын түвшинг тогтоох судалгааг хийсэн. Хүүхдийн биеийн жингийн өөрчлөлтийн талаар 2020 онд судалгаа хийхэд бүх насны хүүхдүүдийн биеийн жин хэвийн хэмжээнээс илүү нэмэгдсэн дүн гарсан. Хүүхдийн биеийн жин нас ахих тусам өсөх ёстой. Гэхдээ хэвийн хэмжээнээс илүү нэмэгдсэн байсан. Харин өнгөрсөн оны намар хөдөлгөөний чадварын хоцрогдлыг илрүүлэх судалгааг явуулахад эерэг дүн гараагүй. Бага оногдож байгаа цагийг үр дүнтэй ашиглахын тулд хүүхэд өөрийгөө хөгжүүлэх арга барилыг эзэмшүүлэх чиглэлийг нэн тэргүүнд тавьсан. Долоо хоногийн хоёр цагийн хичээл хүүхдийн хөдөлгөөний хэрэгцээ, бие бялдарыг хөгжүүлэхэд хангалтгүй. Тиймээс хичээлийн хоёр цагт бага ангиас нь ахуйд хэрэгтэй дасгалыг зааж гэртээ, чөлөөт цагаараа хийдэг дадалд сургах нь биеийн тамирын хичээлийн гол зорилго. Түүнчлэн алхах, гүйх, шидэх, дамжуулах төрөлхийн шинжтэй дасгалыг бага ангийн хөтөлбөрт багтаасан. Өмнө нь бага ангиас эхлэн гимнастик, хөнгөн атлетикийн техникийг заадаг байсан юм. Харин одоо тэр агуулгыг дунд ангиас нь эхлэн заадаг болсон. Тухайлбал, түгээмэл хөгжсөн спортын төрөл, үндэсний спортыг багтаасан байгаа. Ахлах ангийн биеийн тамирын сургалтын хөтөлбөрийн агуулга нь биеэ даагаад цаашид өөрөө хичээллэх спортын төрлийг олж авахад чиглэж байгаа юм.

 

-Сургалтын хөтөлбөр сайн байгаа ч хэрэгжилт хангалтгүй байгаагийн шалтгааныг юу гэж харж байна. Багш нарын арга зүй, ур чадвартай хамааралтай юу, хэрэглэгдэхүүн орчин дутмаг байна уу?

 

-Биеийн тамирын хичээлийг үр дүнтэй болгохын тулд багш нар сурагчидтай тулж харьцах, сурагчдын онцлогт тулгуурласан зөвлөгөө өгөхийг хөтөлбөрт тусгасан. Хүүхэд бүрийн онцлогт тулгуурласан арга зүй хэрэглэж байж биеийн тамирын хичээлийн гол зорилго биеллээ олно. Учир нь биеийн тамирын хичээл дээр хүүхэд бүрийн хөгжлийн ялгаатай онцлог илүү харагддаг. Хөтөлбөр хэрэгжихгүй байгаа нь олон шалтгаантай. Багш нарын зүгээс биеийн тамирын хичээлийн цагийн хүрэлцээ муу, олон хүүхэдтэй ажилладаг учир хүүхэд бүртэй тусгайлан ажиллах боломжгүй гэдэг. Энэ үнэн. Хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгааг 4, 9, 11 ангийн сурагчдын дунд 2019 онд хийхэд биеийн тамирын хичээлээр эзэмшсэн мэдлэг нь 50 хувиас доош, тэр дундаа арга зүйн мэдлэг хангалтгүй байгаа дүн гарсан.

 

-Арга зүйн мэдлэг гэдэг нь?

 

-Энэ нь биеийн тамираар үзсэн дасгал, хөдөлгөөнийг өөрийн амьдралд хэвшил болгон ашиглах мэдлэг. Хэрхэн зөв амьсгалах, өглөөний дасгалыг ямар хөдөлгөөнөөс эхлэх зэрэг хүүхэд өөрийгөө хөгжүүлэх, амьдралдаа ашиглах мэдлэг юм. Гэтэл манай багш нар ихэвчлэн сагсан бөмбөгийн техник, залалт, дамжуулалт зэрэг уламжлалт спорт заах хандлагатай байдаг. Түүнчлэн өнгөрсөн онд БШУЯ-наас сургуульд суурилсан үнэлгээний судалгааг хийхэд мэдлэг 56-75 хувь, хөдөлгөөний чадвар 72 хувь, хурд хүч, тэсвэр тэвчээрийг хөгжүүлсэн байдал нь 62-82 хувьтай байгаа юм. Үүнээс харахад багш нар биеийн тамирын хичээлээр сурагчдад хурд, хүчний дасгалыг илүү гүйцэтгүүлж байгаа боловч хөтөлбөрийн гол зорилго болсон хүүхэд өөрөө хөгжих арга зүйн мэдлэгийг олгохдоо сул ажиллаж байгаа нь харагдаж байгаа юм. Үүнд анхаарах шаардлагатай. ЕБС бол хүүхдийг цаашдын амьдралд нь бэлтгэх суурийг тавьдаг. Тэр үүднээсээ зөв дадал хэвшилтэй, эрүүл иргэнийг бэлтгэхийн тулд өөрийгөө хөгжүүлэх чадварт сургах ёстой. Хүүхдүүд багшийн хий гэснийг дагаад хийдэг ч бие даан дасгал хийх, суралцах чадвар сул, энэ дасгалыг хийснээр ямар үр дүнтэй вэ, яагаад энэ дасгалыг заавал ингэж хийх ёстой вэ гэсэн ойлголтгүй байна. Угтаа үүнийг мэдэж авч байж хүүхэд өөрийгөө хөгжүүлж, өөртөө ачаалал өгч дайчилдаг, өөрийгөө үнэлдэг болох юм.

 

-Тэгвэл олон улсад биеийн тамирын хичээл дээр хүүхдийн биеийн хөгжлийн ялгаатай байдал, өөрийгөө хөгжүүлэх чадвар, арга зүйн мэдлэгийг хэрхэн зөв менежментээр олгодог юм бэ?

 

-Биеийн тамирын хичээл спортод тулгуурладаг учраас хүнд техниктэй байдаг. Гэтэл спортын хүнд техникүүдийг сургуулийн хүүхдүүд гүйцэтгэхэд хэцүү. Тэгэхээр хүүхдүүдэд хялбаршуулж хөнгөн болгож оруулдаг Японы биеийн тамирын хичээлийн сайн жишээ байна. Тухайлбал, сургуулийн спорт заалыг уртааш нь газрын теннисний тор шиг гурван нам тор татаад том бөмбөгөөр тоглуулж байгаа юм. Ингэхдээ волейболын хялбарчилсан дүрмээр тоглуулдаг. Ингэснээр хүүхдүүд заавал хатуу, хүнд дүрмээр биш өөрсдийн хэмжээнд чөлөөтэй хөдөлж чадна. Гэтэл манайд зургадугаар ангиас нь волейболын доороос давуулалт заадаг. Зургадугаар ангийн арван хоёр настай хүүхэд тороо давуулж хүрдэггүй. Чадахгүйдээ биш хүч нь хүрдэггүй.

 

-Одоогийн хүүхдүүд үг даах чадваргүй, хөвгүүд нь эмэгтэйлэг байна зэрэг олон шүүмжлэл байдаг. Энэ нь биеийн тамирын хичээлийн үр дүн хангалтгүй байгаагийн илрэл биш үү. Тийм чадвартай болгохын тулд юуг анхаарах ёстой вэ?

 

-Биеийн тамирын хичээлээр хүүхдийг тэсвэр тэвчээртэй болгох ёстой. Дасгал хийж өвдөлт, ядралт мэдэрч түүнийгээ даван туулах шаардлагатай. Илүү ачаалал өгч байж булчин хөгждөг. Хүүхдүүд гар дээрээ суниагаад гар нь өвдөөд ирэхээр больдог. Хол гүйсэндээ ядраад зогсмоор санагдсан ч зогсохгүй үргэлжлүүлэх нь тэсвэр, тэвчээрийг нэмэгдүүлнэ. Хүний биеийн уналтын үе буюу дасгал хийх үеийн ядралт, өвдөлтөө даван туулсанаар ахиц, дэвшил гардаг. Тэрийг даваад хийгээд байвал тэсвэр тэвчээртэй болоход гол нөлөө үзүүлнэ. Тийм учраас биеийн тамирын хичээлээр бэрхшээлийг давж туулах чадвар суулгадаг гэдэг. Ингэснээр эр зоригийн хүмүүжил олгож байгаа гэж үздэг. Эр зоригийг хүмүүжил гэдэг нь амьдралд тохиолдсон янз бүрийн бэрхшээлийг даван туулах чадвар.

 

-Биеийн тамирын хичээл ирээдүйн эрүүл, зөв иргэнийг бэлтгэхэд хамгийн чухал гэдгийг ойлгуулахын тулд хөтөлбөрийн хэрэгжилтээс гадна ямар гарц, шийдэл байж болох вэ. Саяхан болсон хэлэлцүүлгийн үеэр шинэ, сонирхолтой санаанууд гарч байсан?

 

-Биеийн тамирын хичээлийн ач холбогдлыг ойлгуулахын тулд хөшүүрэг хэрэгтэй гэж хардаг. Тухайлбал, төгсөлтийн шалгалтыг биеийн тамирын хичээлээр авдаг болж болно. Үнэлгээ бол сурагчдад хичээлдээ мэрийх, хөдөлмөрлөх хөшүүрэг болдог. Гэхдээ үнэлгээг уян хатан байдлаар тогтоож өгөх нь зүйтэй. Бага ангийн хүүхдүүд хамгийн дуртай хичээл нь биеийн тамир гэдэг бол анги дэвших тусам биеийн тамирын хичээлд дургүй болох хандлагатай байдаг. Үүний шалтгаан нь биеийн тамирын хичээлийн үр дүнг мэдрэхгүй байгаатай холбоотой.

 

 

Б.Бямбажаргал

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин