Мөсний баярыг хориглоё !
2022/03/15
Жил бүрийн хавар Хөвсгөл нуурт мөсний баяр болдог. Өнөө жил гэхэд 13 мянга орчим тээврийн хэрэгсэл, 35 мянган хүн цугласан тоон үзүүлэлт гарсан.
Одоогоос 20 гаруй жилийн өмнө буюу 2000 онд Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчид санаачлан далай ээжийнхээ мөсөн дээр баяр хийж морин чарганы уралдаан зохион явуулснаас хойш хүрээгээ улам тэлсээр монголчуудын бөөнөөрөө шавдаг зах замбараагаа алдсан баяр наадмын нэг болж өргөжсөн. “Хөх сувд” гэх гоё нэрээр халхлан бүр төр засгийнхаа хэмжээнд, аймаг орон нутгийнхны үндсэн ажил болгон зохиодог ч ачир дээрээ бид дэлхийн цэнгэг усны ай сав голомт болсон Хөвсгөл нуураа хог новш, олон түмний нус шүлс, цэр, ялгадсаар бохирдуулж, нуурандаа асар их хор хохирол учруулах болсон. Хөвсгөл нуур бол Азийн цэнгэг уст нууруудаас усны эзлэхүүн, нөөцөөрөө хоёрт ордог, Монгол Улсын нийт цэнгэг усны 70 хувийг агуулдаг. Хамгийн гол нь усны тунгалагшил цэнгэг байдлаараа дэлхийд гуравдугаарт бичигддэг цэнгэг усны хосгүй үнэт баялаг болсон газар. Гэтэл мөсний баяр хүрээгээ тэлсэн сүүлийн 20 жилд давхардсан тоогоор 400 орчим мянган хүн хавар бүр цуглаж цэнгэг уст нуурынхаа мөсөн дээр нус цэр шүлсээ хаяж, нуурынхаа эрэг дагуу ялгадсаа гаргаж, 100 гаруй мянган тээврийн хэрэгсэл нуурын мөсөн дээгүүр явж бохирдуулсан гээд бодохоор юу болох билээ. Тиймээс дэлхийд цэнгэг усныхаа нөөцөөр гайхагддаг ганц нуураа хамгаалах үүднээс мөсний баяр гээч хэрэггүй зүйлийг одоо болих хэрэгтэй.
Энэ жилийн хувьд нуурын мөсөн дээр машин техник зогсоохгүй, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан био 00-ыг ашиглана хэмээн төр засгийн зүгээс шийдвэрлэж БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Гэвч бодит байдал дээр мөсний баяр ямархан дүр зурагтай болсныг баярт оролцоод ирсэн хүмүүсийн олон нийтийн сүлжээнд бичсэн санал сэтгэгдэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан сурвалжлагууд бэлхэнээ гэрчилнэ.“Зөөврийн жорлон байсаар атал манайхны хэлдгээр “байгаль”-д ил задгай сууж хамгаалалтынханд хөөгдөх хүн олон байжээ. Мөсөн дээр тамхины иш, нус шүлсээ хаях энүүхэнд. Уул нь баяр дээр юу л байна, хогийн сав байсан. Монголчуудын ухамсар, хандлага ийм байгаа нь харамсалтай, ийм мөхөс ухамсартай хүнийг аялуулмааргүй” гэж сэтгүүлч бичсэн бол Хатгал тосгоны бизнес эрхлэгч эмэгтэй “Азийн хөгжлийн банкны гурван сая ам.долларын тусламжаар нийтийн бие засах газруудыг олноор байгуулсан. Харамсалтай нь монголчууд сурсан зангаараа суултуур дээр сууж биш, зогсож бие засна. Жорлонгийн суултуур, компьютерийн гар хоёрыг харьцуулахад суултуур илүү цэвэрхэн гэсэн судалгаа байдаг. Гадныхан суултуур дээр суух ёстой гэж үздэг. Харин манайхан хичнээн цэвэрхэн байсан ч суулгүй гутлаараа гишгэж гадуур нь ялгадсаа цацдаг аж. Мөн аялагчдын хамгийн олноороо очиж зураг авдаг хэсэгт байгуулсан бие засах газруудыг эвдэлж сүйтгэсэн нь гайхмаар” гэж ярьсан байсан. Энэ бүхнээс монголчуудын үнэн нүүр царай, зэрлэг бүдүүлэг, ой гутам дүр төрх нь харагдаж байна. Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт өнөөдрийн байдлаар 94 жуулчны бааз, 132 гэр буудал, найман зочид буудал, 15 дэн буудал үйл ажиллагаа явуулдаг байна. Тэдгээрийн дийлэнх нь ямар ч зөвшөөрөлгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, Усны тухай болон Ойн тухай хуулийн заалтуудыг зөрчсөн, ус ашиглах дүгнэлт хийлгээгүй, мөн ус ашиглах эрхийн бичиггүй, усны тоолуургүй байгаа тухай мэргэжлийн дүгнэлт гарч байсан. 00-ын хувьд үнэхээр асуудалтай.
Энэ талаар “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа “Жуулчны баазууд нэг нэг уулын аманд өөрийн гэсэн овгор шовгороо үүсгэчихсэн. Гэр буудал жуулчны бааз бүхэнд яг ийм тооны жорлон, бохир хатуу шингэн хог хаягдлын цэг байна. Энэ олон бохирдлын цэг нийлэхээр Хөвсгөл нуурыг сөнөөх аюулт эх үүсвэр болчихоод байна. Одоогийн стандартаар нуурын ус хөрсөнд шингээхгүйгээр бохироо машинаар зөөж Хатгал тосгон дахь лагийн талбайд асгах ёстой. Энэ тухай хяналт судалгаа хийхэд баазууд нэг нь ч бохироо зөөдөггүй нь батлагдсан. Тэр их бохир хаачсан бэ гэвэл баазууд бохирын цэгтээ ёмкость тавьдаг. Түүнээ цоолж байгаад хөрсөнд байршуулаад цементэлдэг. Гэвч нуур орчим мөнх цэвдэгтэй учир цемент нь хагарч бохир хөрсөндөө шингэдэг”-ийн баримт нотолгоотой хэлж байсан.
Тэгвэл Монгол Улсын шинжлэх ухааны академи хүртэл Хөвсгөл нуурын бохирдлын талаар байр сууриа илэрхийлж ирсэн. ШУА-ийн Технологийн Инкубаторын төвийн захирал Ч.Батсүх “Нуурын эрэг орчмын жуулчны баазууд нь бохир ус тээвэрлэх техник хэрэгсэл байхгүй, машинтай нэг нь тээвэрлэхэд хол хүндрэлтэй байдаг зэргээс шалтгаалан бохир ус хуримтлуулах ёмкостийн ёроолыг зориуд цоорхой байлгаж нуурын ойр орчмын хөрсөнд бохир усаа шингээж байгаа нь бохирдлыг үүсгэх эх үүсвэр болж буй”-г судлан шинжилснээ хэдэн жилийн өмнө нийтэд тайлагнасан. Нуурын урд хэсгийн Жанхайн сайрын эргийн хөрснөөс дээж авч шинжилгээнд хамруулахад нянгийн бохирдолтой гэсэн хариу гарч байсан. Хатгалын иргэд Хөвсгөл нуураас ундны усаа авдаг. Тэдгээр цэгүүдээс болон усан замын үйлчилгээ үзүүлдэг завинуудын зогсоолоос усны дээж авч шинжилгээ хийхэд гэдэсний бүлгийн нянгийн бохирдол илэрсэн тухай шуугиан болж байсан.
Ингэж монголчууд бид цэнгэг усны ганц нөөцөө жорлон болгож баяр нэртэйгээр бөөнөөрөө цуглан хөрсийг нь ялгадсаараа булж байна. Юун дэлхийн цэнгэг усны ай сав бэ, нянгийн бохирдол нь хэрээс хэтэрч Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ирээд байна. Хөвсгөлийнхөн аймаг орон нутгийнхаа төсвөөс 40-50 сая төгрөг гаргаж мөсний баяр тэмдэглэх нэрээр нуураа бохирдуулахаа одоо боль. Сүүлийн 20 гаруй жил уг баярыг тэмдэглэснээр улс орны хөгжил, Хөвсгөл нутгийн хөгжилд ямар ахиц дэвшил гарав. Хөвсгөл нуурын эрэг дээр олон улсын стандартад нийцсэн ганц буудал байхгүй нь эмгэнэл биш гэж үү!
Ер нь монголчууд энд тэнд баяр хөөр тэмдэглэж, нийтээрээ зугаацан цэнгэж, амарч аялдгаа жаахан хэмжээ хязгаартай болговол яасан юм бэ. Энэ улс оронд чинь ажил хийдэг хүнгүй боллоо. Монгол бол гурван сар нь тас хүйтэн, үлдсэн 9 сар нь сэрүүвтэр байдаг байгаль цаг агаарын онцлогтой. 10, 11 сараас хаврын 4 сар хүртэл ажил хийх нөхцөл хэцүү. Гэтэл манайхан яг ажил эхлэх урин дулааны улиралд амарч зугаалаад алга болно. Зусангаа энэ тэрүүгээр хий дэмий хоосон тэнэж яваад 9 сарын нэгэнтэй уралдан хот орж ирдэг. Амарч зугаалах нь мэдээж хувь хүний асуудал тэдний эрх. Гэхдээ ажил хийсэн хүн амрах эрхтэй байдгийг санах хэрэгтэй. Мөн бидэнд амарч зугаалах нь амьдралын утга учир болчихоод байгаа нь харуусалтай. Алтай Таван Богд, Хөвсгөл далай, Халх гол Буйр нуур, Эг-Тарвагатайн бэлчир, Шилийн Богд, Бурхан Халдун, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо гээд байгалийн үзэсгэлэнт газар бүрт очиж, зураг хөргөө авахуулан цахимаар бусдадаа гайхуулж байгаа нь сүүлдээ сэтгэцийн донтой болгож буйг сэтгэл зүйчид хэлдэг. Энэ бүхнийг төр засаг хязгаарлаж, урин дулааны цагт монголчуудаа ажил хийдэг сэтгэхүйтэй болгомоор байна. Бүгдээрээ, нийтээрээ хөдөлмөрлөж улс орныхоо хөгжил дэвшилд гар бие оролцдог баймаар байна.
Мөн байгалийн үзэсгэлэнт газруудыг Улаанбаатар хот болон төв суурин газартай засмал замаар холбодгийг болиулмаар санагдах юм. Бараг л толгой бүхэн Хөвсгөл далайд давхиад оччихсон, арзганасан олон хүн нуурын эрэг дээр шавж байдаг. Монголчууд бүгд амины нэг приустэй болсон, тэр нь бензин ч бага иддэг. Тиймээс очихгүй газар, аялахгүй хүн гэж байхгүй болжээ. Ард иргэдээ ажиллаж хөдөлмөрлөлгүй зуны хэдэн сар зугаацаж сэлгүүцэж, Монголын уудам тал нутгаар дур зоргоороо тэнэж явахыг төр засгийн зүгээс хориглох нь бүү хэл харин өөгшүүлэн дэмжиж байна. Үүний илрэл Хөвсгөл далайн мөсний баяр юм. Хахир хүйтэнд нуурын мөсөн дээр Хөвсгөлийнхөн хамаг юмаа дэлгэж ярихын оронд Улаанбаатар хотод бизнесмэнүүд, аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүнээ танилцуулах хэрэгтэй. Цагаан-Уулын хонь, эрчим үүлдрийн ямаагаа ярьдаг юм гэсэн, тэр хүйтэнд хэн тэднийг тоох вэ дээ. Тэгээд ч приусээ унаад сэлгүүцэж ирсэн нөхдүүд ууж идэж наргиж наадахаас өөр зорилгогүй нь мэдээж. Түүний оронд эрдэмтдийг цуглуулж ярихад үр дүн гарна. Тэгэхээр хэдий болтол бид бүх насаараа амралтад байгаа хүмүүс шиг зүгээр сууж, зугаа цэнгэлээр гулгиж амьдрах юм бэ. Энэ бүхний эцэст улс орон чинь дампуурч гүйцлээ. 100 жилээ тэмдэглээд бөөн сүр найр наадам болж байсан сумын ой дээр ирсэн гадны жуулчин “Энэ суурин 100 жил болсон байтал модон жорлонгоосоо салж чадаагүй нь харамсалтай” гэж хэлснийг бодох цаг болсон. Хөвсгөл нуурын эрэгт байгаа бүх жуулчны баазыг орчин үеийн стандарт бүхий био 00-гүй бол зөвшөөрлийг нь цуцлах нь зөв.
XX зууны монголчууд гээд энд тэндгүй овойж суугаад нохой шувуугаа тойруулчихсан бие засч байгаа зураг бичлэгүүд бий. Гэтэл XXI зууны монголчууд бид юугаараа өөр болсон юм бэ. Ялгаагүй модон жорлонтой, хөдөө хээр задгайд ялгадсаа гаргасан, заваан бүдүүлэг хэвээрээ байна. Дахиад зуун жил ийм байх ёстой юу. Дэлхий нийтэд аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал эхэлж байхад бид “Хатан ээж, хан сарьдаг минь өршөө” хэмээн бөө удганыхаа өмнө бөхөлзсөн хэвээр байх уу. Аялж зугаалах нэрээр байгаль дэлхийгээ сүйтгэдэг хүннү үеийн зэрлэг бүдүүлэг байдлаасаа одоо салцгаая. Нийтээрээ ажил хийдэг, бүтээн байгуулалтын төлөө бүгд зүтгэдэг болъё. Тэгэхийн тулд эх жолоогүй найр наадам тэмдэглэж, амарч зугаалж нийтээрээ архиддагаа болих шаадлага тулгарна. Энэ бүхний түрүүнд төр засаг Хөвсгөл далайн мөсний баяр гээчийг хориглох хэрэгтэй байна. Цэнгэг усаараа дэлхийд гуравт бичигддэг энэ нуурыг жорлон болгож ялгадсаараа очиж булж байгаадаа монголчууд хүн төрөлхтний өмнө хариуцлага хүлээх ёстой.
Д.Батболд
нутгийн хүн · 2022/03/16
Ttt · 2022/03/16
Mosnii bayariig horigloh heregtei.
mesnii bayar gegchiig halah horigloh heregtei!!! · 2022/03/15
Mongolchyyd baigaliinhaa saihan gazaryydaar yabj BOGD YYLAND hyrtel aylah alhah nereer baigalian syitgej dyyslaa!!ene byheniig horigloh heregtei!!!darhan chaaztai yylandaa hyniig gargahgyi bolgoyo?....yyl ysaan hairladag hyn amitan alga bolloo!!!
oogii · 2022/03/15
ХОРИГЛОЁ ГЭДЭГТЭЙ 100 ХУВЬ САНАЛ НЭГДЭЖ БАЙНА. ГАНЦ ГАЙГҮЙ НУУРАА ДААНЧ ХАРЙРАН БОЛГОЧИХДОГ ЮМ БАЙНА ЛЭЭ.