Н.Мөнхшүр: Өөрийгөө ялах нь аваргыг ялахаас хэцүү
2022/03/22
Өнгөрсөн хоёрдугаар сард дэлхийн ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээн болж манай улсаас анхны хошой аварга төрсөн. Мөн таван тамирчин Олон улсын мастерын болзол хангасан билээ. Монгол хүний ген, ой тогтоолтын гайхамшгийг дэлхийд сурталчилсан Ой тогтоолтын дэлхийн хошой аварга, Олон улсын хэмжээний их мастер, Гиннесийн дээд амжилт эзэмшигч Н.Мөнхшүрийг энэ удаагийн дугаарын зочноор урилаа.
-Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээний онцлог юу байсан бэ. Цахимаар оролцоход хүндрэлтэй зүйл байв уу?
-Цар тахлын улмаас 30 дахь удаагийн “Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг цахимаар зохион байгууллаа. Энэ удаа 18 улсын шилдэг 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөн. Өнгөрсөн жил манай улс цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад оролцож чадаагүй. Харин энэ жил анх удаагаа цахимаар оролцсон.
Бүгд л сайн тамирчид учир өрсөлдөөн ихтэй байсан. Учир нь ДАШТ-д оролцсон 18 улс тус бүр өөрийн улсдаа тэмцээнээ зохион байгуулаад тамирчдынхаа нийт дүнг дэлхийн ой тогтоолтын холбоо руу явуулсан. Ингээд нийт дүнг Дэлхийн холбоо шалгасны дараа Дэлхийн аваргаа тодруулсан. Миний хувьд энэ удаа улсдаа ДАШТ-д оролцсон учир тэмцээний үед сандрах зүйлгүй маш тайван байсан.
-Тэмцээний үед таны хамгийн том өрсөлдөгч хэн байв?
-Өнгөрсөн хугацаанд дэлхийн олон шилдэг тамирчинтай өрсөлдсөн. Үүнээс дүгнэхэд миний хамгийн том өрсөлдөгч би өөрөө юм байна гэдгийг ухаарлаа. Ямар ч тамирчинтай өрсөлдөхөд хичээл зүтгэл, хүч хөдөлмөр шаардлагатай ч өөрийгөө ялах нь аваргыг ялахаас хэцүү. Бид бэлтгэл дээр сайн үзүүлэлт гаргасан ч тэмцээнд ороод хангалттай сайн байж чадахгүй тохиолдол гардаг. Тиймээс өөрийгөө ялж, амжилтаа бататгах нь хамгийн чухал.
-Хичээллэж эхлээд зургаан сарын дараа дэлхийн амжилтуудыг эвдсэн. Тухайн үеийг эргээд санавал?
-Нэг цагт олон багц хөзөр цээжилдэг төрөл байдаг. Тэр тэмцээнд би 30 багц буюу 1560 хөзрийг алдаагүй цээжилж, дэлхийн амжилтыг эвдсэн. Энэ амжилтыг өмнө нь Монголын өсвөрийн тамирчин н.Пүрэвжав нэг цагт 22 багц хөзөр цээжилж шинэчилсэн байдаг. Харин манай ихрийн хувьд таван минутад дэлхийн түүхэн үйл явдлыг он сартай нь цээжлэх төрөлд 88 түүхэн үйл явдлыг цээжилж, дэлхийн дээд амжилтыг эвдсэн. Түүний эвдсэн амжилтыг Германы өсвөрийн тамирчин эзэмшиж байсан юм билээ. Тэр хүүхэд 2013 онд таван минутад 80 үйл явдал цээжилсэн байдаг.
-Ер нь яагаад хоёулаа ой тогтоолтын спортоор хичээллэх болов. Магадгүй нэг нь спорт, нөгөө нь урлагаар явж болох байсан байх?
-Бид бусад ихрүүдийг бодвол бүхий л зүйлээ хамт хийдэг. Багаасаа л ингэж өссөн. Энэ спорт руу ч орохдоо хамтдаа шийдвэр гаргасан. Ер нь бид тус тусдаа, ганцаараа юм хийнэ гэж бараг байдаггүй болохоор тэр байх.
-Энэ спортоор хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн гэвэл хэнийг нэрлэх бол?
-Хамгийн их нөлөөлсөн хүн Монголын Оюун ухааны академийн багш Х.Хатанбаатар. Багш маань ой тогтоолтын спортыг Монголд анх дэлгэрүүлж, олон хүүхдийг энэ спортод элэгтэй болгож, өөрийгөө сориход нь тусалж байгаа ачтан. Бид хоёрын гарын багш бол олон улсын хэмжээний их мастер, Азийн аварга Ө.Сэнгэсамдан багш юм. Багш маань бидэнд “Та хоёрын одоогийн үзүүлэлт гайхалтай байна. Гэхдээ үүнээс илүү хичээх хэрэгтэй” гэж захиж байсан. Багшийнхаа хэлсэн энэ үгэнд урамшаад хичээллэж эхэлсэн жилдээ арванхоёрдугаар сард Сингапурт болсон 25 дахь удаагийн Дэлхийн аваргын тэмцээнд оролцсон. Тэр үед бид 17 настай байсан учир дунд насны ангилалд өрсөлдөх сүүлийн жил байсан. Тэмцээндээ ч амжилттай оролцож, Өсвөрийн дэлхийн аварга, ой тогтоолтын олон улсын их мастер болсон.
-Ой тогтоолтын спортын юу нь тэгтлээ та хоёрыг татсан юм бол. Анх хичээллэж эхлэхэд хэцүү байгаагүй юу?
-Бид 2016 онд ахлах сургуулиа төгсөөд ой тогтоолтын спортоор хичээллэх цаг завтай болсон. Тухайн үед тамирчин болно гэж ерөөсөө бодож байгаагүй. Учир нь удахгүй оюутан болоод гадаадад суралцахаар явах гэж байсан учраас тамирчин болж чадахгүй болов уу гэж бодож байсан. Сургалтын явцад энэ спортод улам татагдаж, ой тогтоолтын тамирчин болох хүсэл төрсөн. Тэгээд л илүү гүнзгийрүүлж, суралцах замд эргэлт буцалтгүй орсон.
-Ой тогтоолтын спортоор хүссэн хүн бүхэн хичээллэх боломжтой юу. Насны хувьд хязгаар заадаг уу?
-Энэ асуултыг олон хүн асуудаг. Бүх насны хүн ой тогтоолтын спортоор хичээллэх боломжтой. Хүний тархи боломжгүй зүйлийг ч бүтээдэг гайхамшигтай эрхтэн. Бусад спортыг бодвол өргөн цар хүрээтэй учир бүх хүнд нээлттэй гэж хэлмээр байна. Харин амжилт гаргах эсэх нь тухайн хүний хичээл зүтгэлээс шалтгаална.
-Монгол хүүхдүүд ой тогтоолтоор яагаад ийм өндөр амжилт үзүүлээд байна вэ. Үүний гол нууцыг юу гэж дүгнэж байна?
Монгол хүний ген л гэж хэлнэ. Тэмцээний болоод бэлтгэлийн үеийг харахад бусад орны тамирчид өглөөнөөс орой хүртэл ажлаа хийж байгаа юм шиг тасралтгүй бэлддэг. Харин манай тамирчид ажил, хичээлийнхээ хажуугаар бэлддэг ч үр дүн нь хамаагүй өндөр байдаг. Мөн ой тогтоолтын спорт дотроо хараа, сонсгол шалгасан 10 төрөлтэй. Бид хоёрын оролцож буй олон улсын тэмцээнүүд эдгээр төрлөөр явдаг. Ой тогтоолтын тэмцээний аваргыг нийт 10 төрлийн дараах нийлбэр оноогоор шалгаруулдаг тул бидний хувьд бүх төрөлд нь оролцдог гэсэн үг. Тиймээс 10 төрөлд жигд амжилттай явахын тулд олон цагийг бэлтгэл, сургуулилтдаа ашигтай зарцуулдаг. Манай тамирчид бусад улсын тамирчид шиг тогтмол цагаар бэлтгэл хийдэггүй ч бага, дунд насны ангилалд өөрсдийнхөө хувийн амжилтыг үзүүлж чаддаг. Харин насанд хүрэгчдийн ангилал илүү өрсөлдөөнтэй. Тэд олон цагийг бэлтгэл, сургуулилтдаа зарцуулсан, олон улсын их мастер, шилдгүүд байдаг тул өрсөлдөөн их ширүүн. Бидний хувьд бусад улс орны тамирчид шиг олон цаг зарцуулдаггүй ч тодорхой цагт бэлтгэлээ сайн, чанартай хийдэг нь амжилтын гол түлхүүр байх.
-Сурсан эрдмийг хэн ч булаахгүй. Гэхдээ давтахгүй л бол мартагдана биз?
-Тийм ээ. Аливаа зүйлийг сурч мэдсэнийхээ дараа тодорхой хугацаанд давтаж байх шаардлагатай. Ингэснээр илүү үр дүнтэй байх болно.
-Та гиннесийн амжилт эвдсэн тэмцээнийхээ талаар хуваалцаач?
-2017 онд БНХАУ-ын Шэньжэнь хотод болсон “Дэлхийн ой тогтоолтын аварга шалгаруулах” тэмцээн байсан юм. Тэмцээний онцлог нь амжилт гаргавал Гиннесийн эрх олж авах боломжийг олгодогт оршдог. Миний хувьд багц хөзөр цээжлэх, тоо цифр цээжлэх, хоёртын тоолол цээжлэх төрлүүдэд дэлхийн рекорд эвдсэнээс гадна нэг цагт олон багц хөзөр цээжлэх төрлийн дэлхийн рекорд маань Гиннесийн номд бүртгэгдсэн. Тодруулбал, би нэг цагт 37 багц хөзөр буюу 1924 ширхэг хөзөр цээжилж чадсанаараа дэлхийн рекордыг эвдэж Гиннесийн номд бичигдэх эрхтэй болсон гэсэн үг.
-Та хоёрын амжилтаас гадна энэ спортын дээд амжилтуудыг манай монголчууд л эзэмшдэг. Тэгэхээр монгол хүний ген гэдэг үнэхээр гайхамшигтай юм?
-Монголын тамирчид нас насны ангилалдаа дэлхийн дээд амжилтуудыг эзэмшдэг. Тэмцээн, уралдаанд оролцох бүртээ амжилтаа ахиулсаар байна. Сүүлийн үед олон улсаас биднийг “Манай тэмцээнд ирж оролцооч. Манай тамирчдад туршлагаасаа хуваалцаач” гэж урих нь нэмэгдсэн. Мөн дэлхийн хэвлэл мэдээллийн олон байгууллагууд томоохон шоундаа оролцох урилгыг ч их явуулдаг болж. Телевизүүд ч биднээс их ярилцлага авдаг. Тэр бүрт оролцож, эх орныхоо нэрийг гаргаж яваадаа үнэхээр их баяртай байна.
-Тэмцээнд оролцсоны дараа харамсах тохиолдол гарч байв уу?
-Анх ой тогтоолтын спортоор хичээллэж эхлээд арай эрт хичээллэсэн бол илүү амжилт гаргах байсан болов уу гэж боддог байсан. Тухайн үед өнөөдрийн энэ амжилтад хүрнэ гэж бодож байгаагүй. Харин оюутан болоод тууштай бэлтгэл хийж, тэмцээнд оролцох хэцүү болох байхдаа гэж бодож байсан ч хичээллэж эхлээд хурдан хугацаанд амжилт гаргаж, өөрсдийгөө сорих тусам ямар нэгэн харамсах зүйлгүйгээр хичээллэх болсон. Хүн хэдэн настай нь хамаагүй суралцаж эхэлсэн л бол тууштай байж, түүндээ цаг зарцуулбал зорилгодоо хүрч чаддаг гэдгийг энэ спортоос мэдэрсэн.
-Амжилт гаргах тусам хариуцлага нэмэгдэх байх?
-Оюун ухааны спорт өөрийгөө удирдах сэтгэл зүйн тулаан. Мэдээж амжилт гаргахын хэрээр аварга гэх хүндтэй нэр хүндийг авч явах хариуцлага бий болдог. Одоо дэлхийн хошой аварга болсон учир дараа дараагийн тэмцээндээ илүү хариуцлагатай оролцох болно. Мөн үүнээс шалтгаалж сэтгэл зүйн дарамт их байдаг учир үргэлж өөрийнхөө сэтгэл зүйг дэмжиж, бэлтгэл сургуулилтаа цаг алдалгүй хийхийг хичээдэг болсон.
Д.Дарамбазар
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин