Б.БОЛОРЧИМЭГ 

Тавдугаар сарын 1. Энэ өдрөөс өмнө та өөрийн эзэмшлийн газраа цахим бүртгэлд бүртгэлтэй эсэхийг заавал шалгах учиртай. Хэрвээ цахим бүртгэлд бүртгэгдээгүй бол та гэрчилгээтэй байлаа гээд ашиглах боломж нь хязгаарлагдана.

Монгол Улсын Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд 1.054.266 иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн газар өнөөд­рийн байдлаар бүртгэлтэй ч газрын захирамж шийдвэр нь бүртгэгдээгүй нь цөөнгүй гэнэ.

Тиймээс 2022 оноос мэдээл­лийн нэгдсэн санд бүртгэх ажлыг эхлүүлсэн. Энэхүү нөхөн бүрдүүлэл­тийн хугацаа сар гаруйнхны дараа дуусах гэж байна. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын еgazar.gov.mn системд нэвтэрснээр газрынхаа мэдээллийг хүн бүр шалгаж болох юм. Хэдий танд газрын гэрчилгээ байсан ч системд хэрвээ бүртгэлгүй бол харьяа газрын албандаа заавал хандаарай. Гуравдугаар сарын 1-ний дотор бүртгэлийг дуусгахаар төлөвлөсөн ч хугацааг дахин хоёр сараар сунгаж, тавдугаар сарын 1-ний өдөр болгосон учраас ажлын явцыг сурвалж­лахаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон нийслэлийн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаар орж, тэнд дугаарлаж зогссон зарим иргэнтэй уулзаж ярилцлаа.

Ажлын эхний өдөр учраас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрынхан хуралдаад тун завгүй байсан тул нийслэлийн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албыг зорилоо. Энэ өдөр тус албаныхан “Нээлттэй хаалга”-ны өдөр зохион байгуулж байгаатай таарлаа. 

Иргэд тасралтгүй дугаарлаж, мэдээлэл авч харагдав. Сонгинохайрхан дүүргийн иргэн ч мэдээлэл авахаар иржээ. Тэрбээр газрын гэрчилгээгээ алга болгосон гэнэ. Гэрчилгээгээ гар утаснаасаа шинээр хэвлээд авчихна гэсэн ч чаддаггүй хэмээн газрын албаны ажилтнаар чамбай гэгч нь заалгаж аваад явлаа.

Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ажилтнаас зарим зүйлийг тодрууллаа.

-Дөрөвдүгээр сарын 1-нд цахим бүртгэл дуусна гээд иргэд бужигнаж байна. Хүмүүс мэдээлэл муутайгаас ачаалал үүсгээд байх шиг байна?

-Бусад дүүргээ бодвол манайх харьцангуй ачаалал багатай нь. Манайд шинээр олгох газрын нөөц байхгүй учраас ачаалал бага байдаг.

-Эзэмшиж буй газар нь цахим бүртгэлд ороогүй бол яах вэ. Цахим бүртгэл хийхэд та бүхэнд хэр хүндрэл гарч байна?

-Цахим бүртгэлд орсон үгүйгээ иргэн өөрөө egazar.gov.mn сайт руу ороод шалгачихна. Шалгаад хэрвээ ороогүй байвал дүүргийн Газар зохион байгуулалтын албан дээрээ очоод дахин шалгуулаад нөхөн бүрдүүлэлт хийлгэнэ. Хүндрэл гээд байх зүйл алга. 

Тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл бүртгүүлээгүй бол дүүргийнхээ Газар зохион байгуулалтын албан дээр очоод нөхөн бүрдүүлэлт хийлгэнэ.

-Тавдугаар сарын 1-ний өдрөөс хойш цахим бүртгэлд газар нь бүртгүүлээгүй бол газрын гэрчилгээ бусад бичиг баримт нь хүчингүй болох уу. Иргэдийн дунд ийм ойлголт байна?

-Хүчингүй болно гэсэн шийдвэр огт гараагүй. Тийм зүйл байхгүй. Чингэлтэй дүүргийн хувьд газар чө­лөөлөх буулгалтын ажилтай холбоо­тойгоор ачаалал их байгаа болохоос цахим системтэй холбоотой ачаа­лал огт байхгүй. Тэгээд ч ихэнх хүмүүсийн гэрчилгээ захирамж, шийдвэр цахим бүртгэлд орчихсон. 

Яахав ганц нэг хамрагдаагүй үлдсэн хүн байгаа учраас тэр хүмүүс л нөхөн бүрдүүлэлт хийлгэх юм. Бидний ийн ярилцаж байх зуур иргэд тус албаны хоёр ажилтнаас асууж лавлах зүйл их байлаа.Иргэдэд учирч байгаа хүндрэ­лийн талаар тодрууллаа.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн Б.Мөнхбаатар:

 -Та газраа цахим бүртгэлд бүртгүүлсэн үү?

-Бүртгүүлээгүй. Гэхдээ газрын албаных нь сайт руу орж шалгаад үзэхээр бүх зүйл гараад ирэх юм байна. Тэгээд бүртгэгдээгүй байвал бүртгүүлэх юм байна. Хэдийгээр би энэ дүүргийн иргэн биш ч гэсэн асуух зүйлээ асуугаад авлаа.

-Газрын албаныхныг хүнд сурталтай гэдэг шүү дээ. Энэ талаар таны бодол?

-Өмнө нь ийм асуудал байсан. Харин сүүлийн жилүүдэд харьцангуй гайгүй болсон. Магадгүй зарим зүйлийг цахимаар бүрдүүлж өгдөг болсонтой холбоотой байх. Тэгээд ч бүх зүйл цахим болоод байна. Энэ нь бидэнд амар юм. Нөгөө талаараа интернэт сүлжээгүй хүмүүст бол хүндрэлтэй хэвээр байгаа юм.Чингэлтэй дүүргийн 9  дүгээр хорооны иргэн З.Ням-Осор:

 -Над шиг настай хүмүүс энэ цахим бүртгэлийг чинь хийж, шалгаж чадахгүй юм. Тийм болохоор заавал газрын албан дээр ирж үзүүлэх хэрэгтэй юм байна. Санаандгүй явж байгаад “Нээлттэй хаалга”-ны өдөр дээр нь яваад ирчихлээ. Асуух юмнуудаа асуусан ч зарим зүйлийг нь сайн ойлгохгүй л байна хэмээн ярилаа.

Иргэд газрын цахим бүртгэлийн талаарх ойлголт сайн биш байгаа нь газрын албаны ажилтнуудаас асууж байгаа асуултаас нь илт харагдаж байлаа. Гэхдээ энэхүү өдөрлөгөөс анзаарагдсан зүйл бол газартай холбоотой зарим нэг зүйл нөгөө л өмнөх шигээ чирэгдэл ихтэй хэвээрээ байна. Тухайлбал, Иргэн та газрынхаа гэрчилгээг үрэгдүүлсэн бол заавал харьяа дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхаа архиваар орж шүүлгээд, Улсын бүртгэлийн газарт очиж ямар нэгэн газарт барьцаалаагүй гэсэн тодорхойлолт аваад өдөр тутмын ямар нэгэн сонинд зарлуулна. 

Дараа нь дүүргийнхээ Газар зохион байгуулалтын албанд бичиг баримтаа өгөөд хэд хоногийн дараа авдаг юм байна. Хэрвээ зараа буруу биччихвэл хэд хэдэн удаа эргэж буцна. Нэгэнт цахимд шилжиж байгаа бол иргэнд заавал ингэж чирэгдэл учруулж ингэж явуулах ямар шаардлага байна гэх бодол эрхгүй төрснийг нуух юун.

Газрын харилцаа геодези зураг зүйн газрынхан ачаалал үүсгэх асуудал гаргахгүйн тулд egazar.gov.mn сайтаар дамжуулан өөрийн нэр дээр бүртгэлтэй газраа шалгаж үзэхийг иргэдэд сануулж байв. Олон нийтийн дунд нийтлэг буруу ойлголт өнөөдрийг хүртэл явсаар байгаа. Газрын гэрчилгээгээ авсан л бол газартай болчихсон гэж боддог бодол. Гэрчилгээн дээр байгаа тэр газраа чухам хаана ямар байршилд байгааг ч мэдэхгүй байх нь цөөнгүй аж. Газрын албанд бүрдүүлж өгөх ёстой зарим материалаа дутуу өгснөөс болоод мэдээллийн санд орохгүй тохиолдол ч байдаг ажээ. 

“Хэрэв өөрт тань газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг байгаа л бол тухайн баримтаа харьяалах газрын албандаа авч очоод шалгуулж мэдээллийн санд бүртгүүлэх хэрэгтэй” гэдгийг тэд сануулсан. 

Ямар шалтгаанаар мэдээл­лийн санд ороогүй гэдгээ газрын албанаас тодруулж,  бүртгүү­лэхэд болох юм билээ.Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын ээлжит чуулган дээр Газрын шинэтгэлийн бодлого, цахим системийн талаарх мэдээллийг Барилга, хот байгуу­лалтын сайд Б.Мөнхбаатар танил­­цуул­сан. 

Тэрбээр “Газрын харилцааны салбар нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодези, зураг зүй, суурь судалгаа, газрын мониторинг, газар зохион байгуулалт, газрын кадастр, орон зайн мэдээллийн менежментийн бод­лого, хууль тогтоомжийн хэрэг­жил­тийг хангаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, баялаг бүтээх эрхийг зохицуулдаг суурь салбар” гэдгийг онцолж байсан. 

Тэгэхээр иргэн таны эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, баялаг бүтээх эрхийг зохицуулдаг суурь салбар болсон газраа Газрын мэдээллийн санд бүртгүүлээгүй бол та эдийн засгийн ямар ч харилцаанд оруулж чадахгүй юм.

Өөрөөр хэлбэл та газраа зарж чадахгүй, үр хүүхэддээ өв­лүүлж чадахгүй, банканд барьцаалах ямар ч боломжгүй. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд 598 мянган нэгж талбар зөрчилтэй байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Тэгэхээр эдгээр газрууд баталгаажаагүй гэсэн үг.

Үүнээс гадна газрын цахим системийг ашиглахтай холбогдуулан газрын мэдээллийн бодит байдлыг сайж­руулах, иргэн, хуулийн этгээдэд системээс өөрийн мэдээллээ шууд ашиглах нөхцөлийг бүрдүүлэх үүд­нээс газар эзэмшиж, ашиглаж бай­гаа иргэн, аж ахуй нэгж, байгуул­лагууд өмнөх онуудынхаа газрын төлбөрийн үлдэгдлээ энэ сардаа багтаан төлж барагдуулахыг дүүр­гийн газрын албанынхан ч анхааруулж байв.