XXI зуунд хүмүүст халдварласан, цар тахал болон өргөн тархсан вирусууд чухамдаа, гол төлөв ямар хүмүүсийг үхэлд хүргэж байв аа? Шалтгаан нь юу юу байсан юм бэ?Ингэж асуух, хариулт олох, мөрөөр нь зохих арга хэмжээ авах цаг ирчихээд байна, хүмүүсээ, эмч нараа! 

200 гаруй улс орноос 2 жилийн дотор тарааж байсан мэдээнүүдээс үзэхэд цоо эрүүл хүмүүс бараг эндээгүй бололтой. Амьдрах орчин, нөхцөл нь хэвийн, эрүүл байх аваас хүүхэд, залуусын эндэгдэл тун бага байжээ. Ингэхлээр экологийн орчин нь хэвийн, 50-иас дээш насны хүмүүс нь архаг хууч өвчингүй улс орон бол ямар ч цар тахлыг бараг л хохиролгүйгээр даван гарч чадахаар ажээ. Монголчууд бид байгаль орчноо, нийгмийнхээ нөхцлийг, дээр нь хүн амаа яг л ийм ( цар тахалд тэсвэртэй, дархлаа сайтай ) болгочихож чадахгүй гэж үү? Аль аль нь л шийдвэрлэж болох, хэрэгжүүлж чадахаар асуудлууд байгаа биз дээ? Бид чинь өргөн уудам газар нутагтай, цөөхөн хүн амтай, байгалийн баялаг арвинтай, баян орон шүү дээ! Хүн амтай нь харьцуулах аваас эмч нарынхаа тоогоор ч дэлхийд дээгүүр орох байх...

 

 

Цар тахлаар өвчлөх үед хүмүүсийн эмзэг болгодог шалтгаанууд нь бараг л 100 хувь нийгмийн гаралтай хүчин зүйлүүд байх ажээ. Нөгөө л утаат тамхи, согтууруулах ундаа, хөдөлгөөний дутагдал, архагшин үлдсэн өвчнүүд, агаар болон хөрсний бохирдол, стресс, буруу хооллот, ариун цэвэр-эрүүл ахуйн боловсрол, хэт таргалалт гэх мэт.

 

 

Байгаль орчны бохирдолт, дайн дажин, ядуурал, байнгын стресс, мансууруулах бодисын хэрэглээ, цахим техникийн сөрөг нөлөө, цацраг идэвхит бодисын хордлого мэт нь нэг талаас, нөгөө талаас хэт тансаглалын сөрөг үр дагавар хоёр нийлж, хавсраад биологийн нэгэн зүйл амьтан болохын хувьд хүмүүс биднийг зуунаас зуунд л доройтуулж, арчаагүй болгож, байгалийн шалгарлаар олж авсан амьдрах төрөлх чадварыг маань сулруулсаар байгаа нь тодорхой боллоо. Хүмүүс бид өсөх өндийх, нас бие гүйцэх явцдаа л өөрсдийгөө хорлож, хордуулж, өч төчнөөн эмгэг олж, дархлаагаа сулруулж, бактери, вирусыг эсэргүүцэх, устгах чадавхаа гээж, насаа богиносгож, эрсдэлтэй бүлэгт орцгоочихдог юм байна. Тэрнийгээ бид ч мэддэггүй, ойлгодоггүй, эмч нар ч энэ байдлыг нэг их тоодоггүй бололтой...

 

Архаг хууч өвчинтэйгээ хувь хүн өөрөө ч тэмцэж, мөн эмч нар ч энэ талаар онцгой анхаарч байдлыг 2-3 жилийн дотор ядаж л 60-70 хувиар дээрдүүлж болноо доо? Ковид-19 манай эрүүлийг хамгаалах байгууллага, ажилтнуудын чанар, байдлыг, үнэн нүүр царайг нь сайн илчиллээ. Эм хангамжийн ажил Монголд эрүүгийн гэмт хэрэгтэй хутгалдсан болох нь ч ил боллоо. Монголчууд бид чинь хэтэрхий хөөсрүүлсэн үнэтэй, 30 орчим хувь нь анагаах чанаргүй хулхи эм, бэлдмэл хэрэглэсэн, шуналдаа хөтлөгдсөн нүгэлтнүүд болж тодорлоо. Нөгөө Гиппокаратын тангараг нь ч хоосон зүйл, хуурамч ёслол төдийн зүйл байжээ. Зарим эмч, сувилагч “тулалдааны талбараас ухарч, зугтааж, бууж өгч “ ч байлаа...

 

 

Архаг хууч өвчинтэй л биш бол 90-100 настай хүмүүс халдвар авсан ч эдгэрч байв. Энэнээс харахад цар тахал нь үхлийн гол шалтгаан биш, харин архаг хууч өвчин нь л үхлийн гол шалтгаан болчихож байна. Архаг хууч өвчний ихэнх нь анагаагддаг, ул мөргүй эдгэрдэг шүү дээ. Ингэхлээр ард иргэдийн багагүй хэсэг нь архаг хууч өвчтэй байгаагийн гол буруутан нь хэн юм бэ? Өвчтөн өөрөө юу? Эмч нар уу? Хулхи эм, бэлдмэлүүд үү?

 

 

Хүн амын маань 50 хувь архаг хууч өвчтэй болчих юм бол нэг цар тахлаар л Монгол улс хүн амынхаа хагасыг алдаж болох нь ээ дээ? Энэ чинь хэрэг дээрээ цар тахлаар биш дутуу эмчилж архагшуулсан халдвартай биш өвчнөөр хүмүүс маань үрэгдэж байна гэсэн үг! Эмч нар нь сайн, эм нь жинхэнэ, өвчтөн нь эрүүл ахуйн зохих боловсролтой байсансан бол ийм хохирол үзэхгүй л дээ. Иймд энэ талаар эрүүлийг хамгаалах яамны сайд, орлогч сайд, газар, хэлтсийн дарга нар нухацтай, шинжлэх ухаанч яриа, хэлэцүүлэг өрнүүлж, шийдвэр гаргаж, зорилт дэвшүүлж, хугацаа товлон хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ковид-19 нь үнэндээ бол өндөр настай хүнд биш, харин архаг хууч өвчтэй өндөр настанд халтай байв.

Архаг хууч өвчин, сөрөг үр дагавартай хоол, ундаа, ядуурал, вакциныг эсэргүүцсэн эрүүл бус хийрхэл мэт нь нийлж хамсаад Монголоос маань 2 мянга гаруй, дэлхийн дүнгээр 6 сая шахам хүнийг хөнөөчихлөө. 

 

Вирус бол байгаль эхийн бүтээл. Ингэхлээр энэ бол биет байх, хувьсах эрхтэй. Харин хүмүүс бид өөрсдийгөө хамгаалах үүрэгтэй. Хүнд халдварласан ямар ч вирусыг устгадаг өргөн үйлчилгээтэй эмийн эрэлд гарах хэрэгтэй. Хүмүүс цоо эрүүл, амьдрах, оршихуй өрсөлдөөнд бэлэн байх, ямагт ялах дархлаатай байх нь өргөн үйлчилгээний эмийн нэгэн хувилбар юм. 

Энэ зуунд амьдарч байгаа хүмүүсийн мөс чанар ч муудаж, бие, дархлаа нь ч доройтож, ёс суртахуун нь ч урууджээ. Халдвар авсан нэгнийгээ адлаж, баалж бас халдвар тарааж болзошгүй гэмт үйлдлүүдийг санаатай хийж, хуурамч бичиг, магадлагаа өгч, халдвар авснаа нууж, цар тахлыг ашиглан “мөнгө хийх” гэж оролдох, хуурамч эм, бэлдмэл ийш тийшээ шахах зэрэг нь хүн-чонын л хийх үйлдэл юм. Хүмүүс бид бие цогцосынхоо ч сайн чанарыг гээж, бас ёс суртахууныхаа ч сайхан чанарыг гээсээр байгааг Ковид-19 илчиллээ. Ковид-19 нэгэн төрлийн шалгалт, үзлэг боллоо. Эмнэлэг, эмч нар, ард иргэд дүн тавиуллаа.  Ихэнх нь  муу дүн авлаа. Цөөхөн хэдэн шинжлэх ухаанч иргэд л үүрэгтэй шалгууллаа. Гэвч шалгалт, шүүлэг үргэлжилсээр, Ковид-19 дүн тавихдаа улам улам л хатуурхах бололтой. Уг нь монголчууд бид чинь их оюунлаг, их практикч, их хүмүүнлэг өвөг дээдсийн үр сад, удам судар шүү дээ.

 

Яг болсон явдал, бодитой жишээ ганцыг татъя. Манай хамаатан эмэгтэй, хүү, бэр, хоёр ач хүүтэйгээ амьдардаг юм.

 

 

Тэрээр хүү, бэр гурвуулаа утсаа л маажна, Фейсбүүкийн хэмжээ, түвшинд, зөвхөн тэр цонхоор л хорвоог ойлгоно. Тэндээс уншсан зүйл, авсан мэдээллээ л ганц үнэнд тооцно. Вакцины талаарх бүх хов жив, худал мэдээлэлд гурвуулаа итгэчихжээ. Вакцины тухай яриа гармагц л нөгөө худал мэдээллүүдийг нь яг  шинжлэх ухаанаар шалгагдчихсан, амьдрал дээр нотлогдчихсон үнэн мэтээр ярьж маргалдана. Бусдын үгийг сонсохгүй, зөрүүд хүүхэд шиг чихээ таглана.

 

 

Энэ сэдвээр ярихаа больёо гэж уцаарлана. Ээж нь зөвхөн файзерт итгэнэ. Тэгсээр файзерын хоёр тунг төлбөртэй хийлгэжээ. Хүү, бэр хоёр нь спутник-V нэг нэг тунг хийлгэжээ. Гэвч ээж нь халдвар авчээ. Чанартай вакцин 100 хувь хамгаалдаг мэтээр ойлгочихсон хүн чинь бодвол хамаагүй задгай загнасан биз. Хүү, бэр хоёр нь ч мөн халдвар авсан байна. Нэг тун вакцинтай , тэгээд ч гуч хүрээгүй залуус болохоор хөнгөхөн тусаад өнгөрчээ. Харин хоёр ач нь байгаль эхээс өгсөн дархлааныхаа ачаар бас л хөнгөхөн давчихжээ. Энэний дараа 3 дахь, 4 дэх тунг хийлгэ гэж гуйсан хүмүүсийн үгийг тэд бас л тоосонгүй. Тэг тэгээд дахиад л халдвар авцгаасан юм. Вакцины үйлчлэл, нөлөө үндсэндээ алга болсон үе юм болохоор нэлээн хүндэрцгээсэн дээ... 

 Муу ч бай, сайн ч бай эх орон нь 4 тун вакцин хийлгэж өвчлөлийг зөөллөх, хөнгөрүүлэх боломж олгоод байхад ийм ааш, авир гаргаж буй хүмүүсийг хэн гэх вэ? Би тэднийг битүүхэндээ “гурван тэнэгийн холбоо”, “өөрөө бүү мэд, мэдсэн хүний үгэнд бүү ор” /мэдэхгүйгээсээ болж төөр, будил!/ хэмээдэг. /энэнийг хүмүүс хар Тангадын хараал хүрчээ гэдэг юм/ буруу замаар орчихжээ гэж үнэлсэн юм. 

Тэнэглэх, тансаглах , хэрээ үл мэдэн цуурхах, мэдлэг чадварын намхаан түвшнээс том ярьж солиорох зэрэг гажиг тун ч цөөнгүй хүний амийг авч одсон доо. Харамсмаар шүү! Хайран ч амь, амьдрал. Энэ бурангуйн хөнөөлд бүр цэл залуу хүмүүс ч өртөж, хорвоог орхижээ. Энэ баримт ядаж зөв сургамж үлдээгээсэй билээ. “Амьд нь үхсэнийхээ нүдийг хааж, үхсэн нь амьдынхаа нүдийг нээдэг” гэдэг дээ. Хүн ардууд минь!, шинжлэх ухааны мэдлэгт л тулгуурлаж, үнэн мэдээлэлд итгэж амьдарцгаа л даа.

3 тун, 4 тун вакцин хийлгэсэн хүмүүсийн ихэнх нь халдвар, омикрон авсан эсэхээ сайн мэдэхгүй эргэлзсээр 4-6 хоноход л эрүүл болчихож байсныг би нүдээрээ үзэж, чихээрээ сонссоор сууна. 

 

 

“Цагаан цэцэг” цар тахлын үед зарим шашны лам нар өвчилсөн хүнийг эмчлэхийн эсрэг байж, энэ нь бурхны гэсгээлт болох тул бурхан авахаа аваад, үлдээхээ үлдээнэ, бурхны санаа зоригт харшилж авах гэсэн хүнийг нь эмчилж, эдгээж хэрэггүй хэмээн сурталчилж байжээ. Тэр цаг үеийг бодоход өнөөдөр хүмүүсийн мэдлэг, боловсрол ихэд дээшилж, лам нар бүгд л анагаах ухаанд хандаж, олгой авахуулж, хавдраа авахуулж, химийн эмчилгээ, цацраг туяа эмчилгээ хийлгэж эрүүлжсээр байна.

 

 

Гэтэл “буруу ишилсэн сүх”  гэдэг шиг эгдүү, цээр хүрэхээр, ой гутаж жигшил төрөхөөр эр, эм хүмүүс гараад ирдэг юм байна. Тэд вакцины талаар мөн ч их цуурхал, гүтгэлэг тараалаа. 

Тэд маань эрүүл байдаг байгаа даа. Сэтгэл мэдрэлийн ийм шинэ өвчин, гажиг ирсэн юм биш биз дээ? Мэдлэг чадварын намхаан түвшнээс, тэр тусмаа гол төлөв худлаа, дэгс мэдээлэл дээр тулгуурлан мэдэмхийрэх нь хатууруулж үнэлэх аваас гэмт хэрэг мөн юм.  Олон хүн иймэрхүү мэдэмхийрэлд автаж, дагалдаад амиа алдлаа шүү дээ! 

Микробиологи, бактериологи, вирусологийн шинжлэх ухааныг өнөөдрийн түвшинд нь үзэж судалсан, орчин үеийн асуудлуудыг нь гаргууд сайн мэддэг хүний үгийг бол сонсолгүй яахав, дагалгүй яахав. Хэр чадлаа мэддэг, хэмжээ түвшингээ ойлгодог, ичих болгоомжлох сэтгэлтэй, хөөргөн хөвсгөр биш хүн бол ярихаасаа илүү их сонсдог, илүү их уншдаг, “учрыг нь олж, хужирыг нь тунгааж” байж л санал, бодлоо хэлдэг дээ. Монголчуудад маань зуршмал байсан энэ соёл хаачив аа?

 

Бусдын бичсэн нийтлэлийг уншаад, эргэцүүлж бодоод наад цаад учрыг нь таниад, мэдээд, мэдлэгээ сэлбэхийн оронд тэнэгээ илчилсэн тайлбар, коммент бичдэг өвчин мөн ч их газар авч байна даа. Ичих, эмээх сэтгэл, зөв сайхан ааш зан, хүмүүжил зөвхөн боловсрол дагаж буй болдог, төлөвшдөг бололтой. 1990 оноос хойш хот, хөдөөгийн ихэнх залуусын боловсрол, хүмүүжил, ааш зан уруудаж, доройтож, заримынх нь бүр зэрлэгших байдалд орсон юм шигээ. Нийгэмших, хотжих, соёлжих, хүмүүнлэг энэрэнгүй болж төлөвших нь хүн бүхэнд тавигддаг шаардлага шүү дээ.  Хүн бүхэн л хичээх үүрэгтэй. Өөрөө хүн болж төлөвшиж байж л бусадтай хүний ёсоор харьцана шүү дээ.

 

Онолын хувьд дурдаж болох нэгэн таамаглалыг уншигчдад хүргэе. 

Хүн төрөлхтөн удаа дараагийн цар тахалтай хийсэн тэмцлийн явцаас үзэхэд вируснууд нь оршин байх нэн өндөр чадавхитай биет юм. Манай дэлхий дээр ямар ч шинжтэй сүйрэл болсон гэсэн вирус, бактери мэт нь үлдсээр байсан ба ирээдүйд ч мөн үлдэх болно. Амьгүй биет болон амьтай биет нь материйн ердийн хувьслын гинжин хэлхээ юм. Амьгүй биет бүхэн ямар нэгэн хэмжээний тусгах чадвартай байдаг. Чухамхүү тэр тусгах чадварынх нь хувьсал, хөгжил нь эцсийн дүндээ /олон тэрбум жилийн эцэст/ амьд биетийг төрүүлж, мөн түүний сэтгэх чадвар, оюун ухааныг буй болгожээ.  Амьгүй болон амьтай биеийн аливаа шинж чанар заавал ч үгүй хувьсаж, хөгжиж улам бүр хүчтэй тод болж байдаг нь энэний нотолгоо юм. Элдэв гэнэтийн өөрчлөлт, сүйрлийн улмаас дэлхий дээрх бүх макро амьд биет устаж алга болно. Гэхдээ микро амьд биетүүд үлдэж хоцроод тааламжтай нөхцөл бүрдэх хэрээр тэд нэг эстэй, олон эстэй амьтад болон хувирч цааш цаашдаа хөхтөн амьтад, мөн хүн мэтийг ч буй болгож чадах билээ. Дэлхий дээрх амьд биетийн мөхөл үүсэл, хувьслын ердийн орчил ийм бололтой. Бактери, вирус мэтийн бичил биетүүд бүрэн устаж болох тийм хөнөөл, сүйрэл дэлхий дээр маань ер нь гарахгүй л болов уу. Тэгээд ч бактери, вирус мэтийн бичил биетүүд органик молекулууд сансар хорвоод өргөн тархсан байх магадлал өндөр юм. Ингэхээр тэд бараг л мөнхөд байсан байж ч болох ажээ. Ингэж үзэх, дүгнэх учир шалтгаан олон буй. Хүмүүс генийн фондондоо засвар үйлчилгээ хийх аргаар тэднийг /бактери, вирусыг/  огт тоохгүй болгочихож болох юм. 

 

Амьтай, амьгүй аливаа биет нь материаллаг биет зүйлүүдээс, тэдгээрийн элдэв хослол, найрлага, шүтэн барилдлага, бүтцийн өвөрмөц зохиомжоос бүрэлддэг.  Дүрсэлж хэлэх аваас тухайн биетийг бүтээхэд ашигласан зураг, схемийг өөрчлөх, сайжруулах аргаар мөнхүү биетийг төгс төгөлдөр болгож, өөрийгөө хамгаалах, хадгалах, орчны сөрөг нөлөөний эсрэг тэмцэх чадавх, дархлааг нь өндөржүүлж болох юм. Тэгвэл амьтан, хүний хувьд ингэж болох уу? Орчин үеийн шинжлэх ухаан болноо!  Гэж хариулж байна.

 

Хүн бүхэнд өөрийг нь бүтээсэн “хийцийн зураг” бий. Ав адилхан зураг гэж үгүй. Маш олон янзын барилга, өрөө, коридор байдаг шиг маш олон янзын нүүр, нүд, биетэй хүмүүс буй. Хүний генийн фонд бол хийцийн зураг, схем нь юм. Генийн  тоо, хэмжээ, дараалал, бүтцэнд өөрчлөлт оруулах аргаар юуны өмнө хэрэггүйгээс нь цэвэрлэж, элдэв согогоос нь цэвэрлэж болно. 

 

 

Элдэв эмгэг, жишээ нь шизоферение, аутизм мэтийн гажгаас урьдчилан сэргийлж болох ажээ. Эр бэлгийн эсэд, өндгөн эсэд, эсвээс үр тогтсон өндгөн эсэд засвар хийх бололцоотой. Зарим төрлийн өвчин, халдварт тэсвэртэй байх шинжийг нь өндөржүүлж болно. Генд өөрчлөлт оруулах аргаар бактери,  вирусын халдлагаас хамгаалагдсан хүүхэд, хүмүүсийг буй болгож ч болох юм.

 

 

Гэхдээ бактери, вирусын халдлага нь хүн, амьтны цаашдын хувьсал, оршилд нь  хэрэг болдог тус хүргэдэг байж ч болохыг судалж мэдэх нь чухал.

 

Ковид-19 вирус нь амьтан, хүн, ургамлын эд эсэнд нэвтрэн орох замаар үржих, оршихыг хичээж байгаа “хагас амьд биет” юм. Түүний орчиндоо зохицох, өөрөө хувьсаж амьд биет болох, мөнхөд орших гол арга бол жирийн нэгэн шимэгч болж хувирах явдал. Халдварлан орсон эзэн амьтнаа үхүүлээд л байх юм бол тийм омгууд нь сөнөдөг байна. Иймээс мутацид олон дахин орох хэрээр хоруу чанараа гээх нь “түүний зорилго”юм.  Гэхдээ анхны төрөлх шинжүүдээ хадгалж хувьсаж чадаагүй омгууд нь өөрийгөө устгах ёстой. Ийм л амаргүй, олон хувилбарт, зовиурт арга замаар вирус бүхэн хувьсдаг жамтай ажээ. Ковид-19 түүхэн хувьслаа дуусгаад ердийн нэгэн шимэгч болох нь тодорхой хэдий ч тэр хүртлээ хичнээн хүний аминд хүрэх нь мөн тодорхойгүй юм. 

Ковид-19-ийн хоруу чанарт өртөхгүй байхын тулд архаг хууч өвчингүй, илүүдэл жингүй, саахарын шижингүй,  уушиг, зүрх эрүүл, цусны өтгөрөл, судасны хатууралгүй, дархлаа сайтай байх нь наад захын шаардлага болно. Эрүүл, идэвхитэй, хорт зуршлуудаас хол, вакцины ач холбогдлыг зөвөөр ойлгодог хүмүүсийн хувьд Ковид-19-ийн халдвар үхлийн аюул дагуулахгүй байгаа нь нотлогдлоо шүү дээ.

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав