Улсын Дээд шүүх улс төрийн намаар тоглохоо боль!
2022/04/01
Г.АМАРТҮВШИН
Улсын Дээд шүүх /УДШ/ улс төрийн сөрөг хүчнээр үнэхээр тоглож байна. УДШ-ээс АН-тай холбоотой гаргаж буй шийдвэр тогтоолыг улстөрчид байтугай, шүүгч нар ч ойлгож буй эсэхэд эргэлзэхэд хүрэв. Өчигдөр Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж, хуралдаанаас С.Эрдэнэ нарын ирүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд хүчин төгөлдөр гэж үзжээ.
УДШ-ийн албан ёсны мэдээлэлд дурдсанаар “Ардчилсан намыг төлөөлж С.Эрдэнэ нарын ирүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд Улсын дээд шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 05 дугаар тогтоолд заасан зөрчил арилсан, уг нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж шийдвэрлэв” хэмээв.
“С.Эрдэнэ АН-ыг төлөөлөх эрхгүй этгээд” хэмээн удаа дараа хариу өгч байсан Улсын Дээд шүүх, түүний гарын үсэгтэй хүсэлтийг ийнхүү бүртгэж орхижээ.
Улс төрийн намын тухай хуульд зааснаар нам дүрмэндээ өөрчлөлт оруулах бол аймаг, сум, дүүрэг хорооныхоо гишүүдээс санал авч нэгтгэн, их хурлаараа хэлэлцүүлэн дүрмийн өөрчлөлтөө УДШ-д хүргүүлэх ёстой.
Гэвч С.Эрдэнийн тэргүүлсэн АН тийм хүчин төгөлдөр их хурал зохион байгуулаагүй. Гэтэл С.Эрдэнийн хүргүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг яагаад бүртгэчихэв гэдэг нь хачиртай.
Нөгөөтэйгүүр 2021 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдсан АН-ын Онц их хурлыг УДШ хүчинтэй хэмээн үзэж, тус их хурлыг зохион байгуулсан Үндэсний бодлогын хороо, Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороог хүчин төгөлдөр хэмээн УДШ 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр гаргасан тогтоолдоо дурдсан удаатай. Энэхүү дээр дурдсан намын бүтцүүд нь С.Эрдэнэд ямар нэгэн хамааралгүй бүтэц.
Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ АН-д хэн ч биш гэж шүүх өчигдрийг хүртэл үзэж байлаа. Тийм ч учраас шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн АН-ын Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороо намынхаа даргыг тодруулах сунгааг зарлан хуралдуулсан гэж ойлгогддог.
Гэтэл УДШ-ийн гаргасан өчигдрийн шийдвэр нь үнэндээ ойлгомжгүй байдлыг бий болгочихлоо. “Маргаанаа нэгтгээд ир” гэж үүрэгдэж байсан УДШ-ийн чиглэлийн дагуу АН-ын 330 сум, 21 аймгийн дарга, гишүүд нь Онц их хуралдаа оролцож, нэгдмэл байгаагаа баталж байлаа. Шүүх ч түүнийг нь хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Гэвч яагаад? С.Эрдэнийг хүсэлтийг хангачихав.
Тэгэхээр ерөөсөө АН-ын маргаан нь намын гишүүд, лидерүүдээс нь хамаарч байгаа ч асуудал биш бололтой. “Хоёр үзүүртэй зүү шиг” шийдвэр гаргаж байгаа Улсын Дээд шүүхэд л учир байна. Шүүхээс дээрх маргаантай холбоотойгоор тас хийсэн тодорхой шийдвэр гаргасангүй ацаглаж бөөрөнхийлсөөр явж ирлээ. Уг нь маргааны хайнайг нь хагалах эрх УДШ-д л бий. Гэвч өнгөрсөн хугацаанд УДШ аль аль талыг "алцгануулсаар" байв.
Хэн нь албан ёсны дарга, бүтэц зохион байгуулалт вэ гэдгийг тодорхой шийдсэнгүйд л хамгийн их асуудал байна. Бид шүүхэд итгэх ёстой. Цэцийн дээр хөх тэнгэр бий гэдэг шиг, шүүхийн дээр ч хөх тэнгэр байх учиртай. Гэтэл УДШ-ийн гаргаж буй шийдвэр, шийдэмгий бус байдал нь хэн нэгнээс хараат байгаа юм байна гэж хардахаас өөр аргагүйд хүрч байна. Уншигч та улс төрийн намд ямар их санаа зовинож байна вэ гэж шүүмжилж мэдэх. Ардчилсан нам байна уу, Ардын нам байна уу аль нь ч бай, улс төрийн нам төлөвшиж, хөгжих ёстой. Улс төрийн ууган намтай энэ тэнцүү өрсөлдөж, хүчтэй сөрөг хүчний дуу хоолой болж ирсэн улс төрийн хүчнийг уруу, дорой байлгах нь хэтдээ ард түмэнд ч ашиггүй. Улсынхаа хөгжлийг өөд татъя гэвэл, улс төрийн намуудаа төлөвшүүлэх ёстой. Гэтэл дотоод зохион байгуулалтад нь шүүх хөндлөнгөөс оролцдог, хагалган бутаргадаг, намын зохион байгуулалтыг нь ойлгомжгүй болгодог байж болохгүй.
Гэтэл ийм байдлаар шүүх өнгөрсөн хугацаанд АН-ын дотоод байдалд оролцож ирэв. АН бол 30 жилийн түүхтэй улс төрийн хоёр дахь баганын нэг. АН шиг хүчтэй үзэл санааны нэгдлийг шинээр бий болгохын тулд дахиад 30 жил шаардагдана. Ерөөсөө АН гэлтгүй ямар ч улс төрийн хүчнийг өөд нь татаж, өндийлгөж авах нь миний ч, таны ч үүрэг. Тэр тусмаа ардчилал, эрх чөлөөний “манаач” АН-ыг үгүй хийж болохгүй билээ.
Парламентын дийлэнх олонхийг бүрдүүлж буй МАН хэрхэн “галзуурч” байгааг та, бид хангалттай харлаа. Концессын гэрээ, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, Хөгжлийн банкаар дамжуулан улсын хөрөнгийг дээрэмдсэнийг та ч харлаа, би ч харлаа. Тэгэхээр эрх баригчдын алдааг нь засаж, оноог нь дэмжих хэрэгтэй сөрөг хүчинтэй байх ёстой. Тиймээс Монгол Улсын Дээд шүүх 200 мянган гишүүнтэй Ардчилсан намын хувь заяа, үзэл санаа, үнэт зүйлийг үгүй хийж болохгүй билээ. Улсын Дээд шүүх улс төрийн намаар тоглохоо боль!
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Хариулт · 2022/04/03
НАМЫН ҮНДСЭН ДҮРМИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ АН ын ДАРГААС ЧӨЛӨӨЛЧИХСӨН ЭРДЭНЭ ГАНЦААРАА ХИЙХГҮЙ ЭЭ..ДЭЭД БАЙГУУЛЛАГА БОЛОХ АНын ХУРЛААРАА ШИЙДДЭГ АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ. ТУХАЙЛБАЛ ГИШҮҮД ДЭМЖИГЧ , ҮНДЭСНИЙ БОДЛОГИЙН ХОРОО ОЛОН ТАЛААС НЬ ХЭЛЭЛЦЭЖ ХИЙДЭГ ЮМ.ШҮҮХ ЗҮГЭЭР УЛСТӨРИЙН НАМААР ЗАХИАЛАГААР ШИЙДЭЖ БАЙНА.
Зочин · 2022/04/01
Ард түмэн минь параламентаа 2 тахимтай болгож төрд төсвийн эзний хяналт тавихгүй бол хүний шунал хэцүү эдийн засгаа сэргээхгүй тамын тогооны үлгэр үргэлжилсээр
Зочин · 2022/04/01
зочин · 2022/04/01
шүүх тоглоогүй баттулга намаараа тоглоод сүүлднн бүр шүүхийг сүрдүүлж намын даргаар бүртгэхгүй болно ард түмэн босно ч гэх шиг намаараа жинхэнэ тоглож байна
Зочин · 2022/04/01
Шүүх хуулиа л барьж шийдсэн байж таарна. Баттулга шиг хууль гэж мэддэггүй танхайрагчдад их андуу сонсогдож байгаа байх . Бүгдийг ялангуяа үнэнийг булааж дээрэмдэж болдоггүй юм. жонхуу ууу !!!