Анагаах ухааны судалгааны нэгдсэн мэдээллийн сантай болох ажлыг эхлүүлж байна
2013/11/16
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд нотолгоонд суурилсан шийдвэр гаргах нь чухал. Түүнчлэн “Судалгааны үр дүн”-г ашиглах шаардлага улам бүр нэмэгдэж байна. Харин судалгааны материалын талаарх мэдээлэл, ил тод байдал, судалгааг үйл ажиллагаандаа ашиглах асуудал дутагдалтай байдаг. Энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол улсад анагаах ухааны чиглэлээр хийж буй бүхий л судалгаа, шинжилгээний мэдээллийн нэгдсэн сантай болох ажлыг эхлүүлж байна. Уг чиглэлээр мэдээллийн сан байгуулахаар сүүлийн таван жил ажиллаж, “МонголМед” цахим мэдээний санг Монголын анагаах ухааны сэтгүүлүүдийн санаачлагаар ЭМЯ, ДЭМБ, Монголын Анагаах ухааны академийн дэмжлэгтэйгээр байгуулаад байна.
Монголын анагаах ухааны академи, мэргэжлийн нийгэмлэг, холбоодын эрхлэн гаргадаг 20 орчим сэтгүүлээр дамжуулан анагаах ухааны эрдэм судлалын үр дүн, судалгаа, шинжилгээний мэдээллийг олон нийтэд хүргэдэг. Тиймээс дээрх сэтгүүлүүдийн нэгдсэн мэдээний сантай болох нь өндөр ач холбогдолтой юм.
“МонголМед” нь Монголын анагаах ухааны салбарт хийгдсэн судалгааны бүтээлүүдийг нийтэлж буй сэтгүүлүүдийн цахим мэдээний сан юм. Энэхүү цахим мэдээний санг англи, монгол хэл дээр ашиглах боломжтой болсон нь дэлхийн анагаах ухааны салбарт өөрсдийн мэдээ мэдээллээ давхар хүргэх боломжийг бүрдүүлж байна. Одоогийн байдлаар тус цахим санд долоон сэтгүүлийн 3000 гаруй мэдээлэл орсон бөгөөд нэг өгүүллийг дээд тал нь 1500 гаруй удаа уншсан байна. Энэ тоо нь мэдээний сангийн ач холбогдол, хүмүүсийн эрэлт хэргцээг харуулж байна.