Нийслэлийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог 75 байхаар батлав
2022/05/31
Нийслэлийн ИТХ-аар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлав. Нийслэлийн хэмжээнд дээрх тоог 75 байхаар тогтоосон байна.
- Баянзүрх дүүрэгт 10
- Сүхбаатар дүүрэгт 10
- Налайх дүүрэгт 10
- Багануур дүүрэг 10
- Баянгол дүүрэг 9
- Сонгинохайрхан дүүрэг 8
- Чингэлтэй дүүрэг 8
- Хан-Уул дүүрэг 6
- Багахангай дүүрэг 4 байхаар тогтоожээ.
Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах аж. Дүйцүүлэх алба хаагч сургалт, батлан хамгаалах ажил үйлчилгээ, гамшиг осол, хүмүүнлэг, бүтээн байгуулалтын болон бусад ажил зэрэг 180 хоногийн үүрэг гүйцэтгэх хөтөлбөртэй.
Товчхон:
- Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг баталлаа. Нийт 10 бүлэг, 180 заалттай журмаар нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний харилцааг зохицуулах юм.
- Нийслэлийн ИТХ-аас Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах нийтлэг журмыг шинэчлэн баталлаа. Хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон тогтоов.
- Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа шинэ төрлийн “Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг /LRT/ нэвтрүүлэх төсөл”-ийн бүтээн байгуулалтад шаардагдах 110.06 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжлээ.
- Шинээр байгуулагдсан хороодын хилийн зааг, цэг тэмдэгт, солбилцолыг мөн баталлаа. Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт шинээр байгуулагдсан 33 хорооны хилийн зааг, цэг тэмдэгт, солбилцолыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэн, холбогдох материалыг дүүргүүдийн ИТХ-аас уламжлан ирүүлсэн юм.