Монгол улсын их сургууль их шинэчлэлт өөрчлөлтийг хийж байгаа ч  нэг л арга эвээ зөв олж чадахгүй байгаа бололтой юм.  Энэ жил  тус сургуульд элсэн суралцах оюутны тоог сургууль тус бүрээр нь  харилцан адилгүй тогтоож Монгол улсыг эдийн засагчгүй болгох бодлого баримталж байгаа юм. Өөрөөр хэлбэл жил бүр Боловсрол шинжлэх ухааны яам хичнээн оюутан элслүүлэх  саналыг сургууль тус бүрээс авдаг. Улмаар уг саналыг  үндэслэн Улаанбаатар болон орон нутгаас  мэргэжил бүрт суралцах оюутны тоог баталдаг бөгөөд үүнийг хяналтын тоо гэдэг.  МУИС энэ жил нийт  4500 оюутан элсүүлнэ. Үүнээс  3550 Улаанбаатарт үлдсэн нь  Завхан, Орхонд байрлах МУИС-ийн салбар сургуульд элсэх юм. Энэ жилийн хувьд МУИС-ийн  хяналтын тоо нь ийм байна.

Таны харж байгаагаар энэ жил МУИС-ийн эдийн засгийн  тэнхим эдийн засаг, олон улсын эдийн засаг, хүн ам зүй,  статистикийн гэсэн дөрвөн ангидаа нийт 25 оюутан элсүүлэх ажээ.  Тэгвэл  энэ дөрвөн чиглэлд жилдээ  120-130 оюутан элсүүлдэг.  Өнгөрсөн жил эрэлт их байгаа гэдэг утгаараа  өнгөрсөн жилийн хичээлийн жилд   147 оюутан элсүүлсэн байдаг. Тэгэхээр  яаж ч бодсон нэг тэнхимийн  элсэгчдийг  дөрөв дахин бууруулах үндэслэлгүй болчихож байгаа юм. МУИС-ийн Бизнесийн сургуулв Худалдааны ангидаа өмнө нь  25 оюутан элсүүлдэг байсан. Харин энэ жилийн  хяналтын тоогоор бол 110 оюутан элсүүлэхээр болжээ.  

Л.Гантөмөр сайдын баталсан энэхүү хяналтын тоо нь буруутай гэдгийг ганцхан жишээгээр тайлбарлъя.  Хөдөлмөрийн яамны дэргэд  хөдөлмөрийн судалгааны институт ажилладаг.  Энэ байгууллага нь 2013 онд төгссөн оюутнуудын ажил хөдөлмөр эрхлэлтийн  судалгааг хийсэн байна.  эдийн засгийн чиглэлээр суралцаж төгссөн оюутны 93.5 хувь нь ажилд орсон байгаа юм.  Харин бусад салбарынхан, тухайлбал хүмүүнлэгийн салбар 63, бизнесийн удирдлагын чиглэлээр төгсөгчдийн   80 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа юм.  Энэ нь  нийгэмд эдийн засагчид хэрэгтэй байгааг илтгэж байгаа  юм.  

Нөгөө талаас  гуравхан багштай танхим 100 оюутан элсүүлэх бол,  40 гаруй багштай танхим  25 оюутан элсүүлнэ гэж энэхүү хяналтын  тоонд тусгасан байгаа юм.  Тэгэхээр багш нарын ачаалал,  тухайн мэргэжлээр  суралцаж байгаа, сургалтын чанар зэрэгт шууд нөлөөлөх бөгөөд  давуу  тал гэхээсээ илүүтэйгээр   сөрөг тал их гарах гээд  байна.    

Боловсрол, шинжлэх ухааны сайд энэхүү судалгаа тооцоогүй, олон нийтийн  эрх ашгийг хөндсөн “гариг андуурсан” тушаалаа  энэ сарын 20-ны өдөр гаргасан байгаа юм. Өмнө нь энэхүү тушаалыг 2-р сард гаргадаг байсан. Үүний цаана хэн нэгний эрх ашиг байгаа гэж хэлж болох юм.

Монгол услын эдийн засаг элгээрээ хэвтчихсэн байгаа энэ үед  Монгол улс эдийн засагч бэлтгэх ёстой. Өөрөөр хэлбэл МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн  47 багшийн 50 хувь нь гадаадад боловсрол эзэмшсэн, улсдаа тэргүүлэх зэргийн багш нар байдаг.  Тэгтэл улс дампуурах гээд байгаа ийм хүнд  үед эдийн засагч бэлтгэхгүй гэдэг нь олон хардлага дагуулж байна.  

Сайдын баталсан энэхүү   хяналтын тоогоор бол  хувийн сургуулийг дэмжиж,  багш нарыг  халах,  чанаргүй эдийн засагч бэлтгэх зэрэг олон сөрөг нөлөө гарах юм.  Энэ талаар МУИС-ийн удирдлага, Боловсрол шинжлэх ухааны яамаас асуусан ч  мэдлэг хүн байдаггүй.   

Энд зөвхөн Эдийн засгийн тэнхимаар жишээлэн бичлээ.  Яг ийм жишээ бусад тэнхимд ч байгаа.   МУИС-д шинэчлэлийг хийж чадахгүй бол  ядаж бүтээсэн, бий болгосон амжилтыг нь нураалгүй хуучин хэвээр нь хадгалчих хэрэгтэй ш дээ.  Чадахгүй мэдэхгүй,  судалгаагүй  зүйл хийж олон хүнийг хохироох хэрэг байхгүйг  Л.Гантөмөр сайд гуай та бодоорой.  Бодоод нэгийг хийгээрэй!!!      

А.Баярмаа