Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Өндөр дов гэх газрын ойролцоо зам тээврийн осол гарчээ.

Уг автомашины жолооч Т нь ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй ослын газрыг орхин явж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас зайлсхийсэн байна. Иймд Төв аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд Зам тээврийн осолд холбогдсон хэд хэдэн үүргийг хүлээдэг. Тухайлбал:

  • Ослын зогсолтын тэмдгийг тогтоосон зайд тавих, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
  • Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;
  • Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх буюу тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэж байгаа эсэхийг, мөн шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвараа цагдаагийн эрх бүхий ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах;
  • Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэх, эмнэлгийн түргэн тусламж дуудах, мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтныг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ гэж тус тус заасан.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба