УИХ-ын чуулган хуралдаж байна. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын манай улсад хийж буй айлчлалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “ОХУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад хэд хэдэн удаа ирж байсан. Манай Гадаад харилцааны яамны ажилтнуудын буруугаас ч юм уу эсвэл өөрөө манай улсад хүндэтгэлгүй ханддагаас болсон уу жийнсэн өмдтэй онгоцноос буудаг байсан. Харин одоо костюм өмсөж, зангиа зүүгээд, гутлаа тослоод ирдэг болсон байна. Энэ нь ОХУ манай улсад хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл юм болов уу гэж харж байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд айлчилж буйтай холбогдуулаад эрчим хүчний хараат бус байдал, Эгийн голын усан цахилгаан станц, төмөр замын хувь эзэмшил зэрэг асуудлаа ярилцаж шийдмээр байна. Гэвч миний ойлгосноор ШХАБ-д ор, Евро Азийн худалдааны байгууллагад элс гэдэг зүйлийг ярьж юм байна. Энэ нь бүрэн эрхт улсыг 30 жилийн өмнөх шиг Кремлийн нөлөөнд оруулчих вий гэдэг болгоомжлол төрүүлж байна” гэлээ.