Хууль үйлчилдэг бол Б.Асралт арав хоногийн дараа ажлаасаа чөлөөлөгдөнө
2022/08/01
Агентлагийн даргаар хамгийн удаан, тогтвортой ажиллаж байгаа хүн бол Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт. Түүнийг Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсон 2016 оны наймдугаар сарын 11-нд Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат, Сангийн сайдаар Б.Чойжилсүрэн нар ажиллаж байв.
Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байдаг агентлагийн даргаар Б.Асралт яг зургаа дахь жилдээ ажиллаж байна гэсэн үг. Түүнийг Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллах хугацаанд Сангийн яам Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан гээд гурван сайдын нүүр үзэж байгаа бол Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт тогтвор суурьшилтайгаар энэ албандаа зургаан жилийг үджээ.
Түүний агентлагийн даргаар томилогдсоны зургаан жилийн ой арав хоногийн дараа болно. Зургаан жил гэж онцлохын учир нь Засгийн газрын тухай хуульд агентлагийн даргыг зургаан жилийн хугацаагаар томилох тухай заалт буй.
Тэгэхээр Б.Асралт даргын албаа өгөх хугацаа нь арав хоногийн дараа гэсэн үг л дээ. Ингэж тогтвортой ажилласан нь Б.Асралт ажлыг яралзтал хийж байсантай нэг их холбоогүй, харин ар тал нь нэлээд “дааж” байсны л хүч юм. Дэгсдүүлсэн гэвэл энэ зургаан жилийн дотор гаалийн байгууллага хийгээд түүний удирдлагуудын холбогдсон хэргүүдийн датаг хайлтаас харчихад л болно.
Б.Асралт даргын авилга авсан байж болзошгүй хийгээд албан тушаалаа урвуулан ашигласан байх магадлалтай гэсэн хэргүүдээр АТГ болон прокурорын шатанд шалгагдаж байсан тухай мэдээллүүд ар араасаа хөвөрнө.
Үүний дунд нь хачир болон өөрийнхөө аавыг цэргийн амралтын даргаар томилуулсан гэх хэргүүд ч олон гарч ирнэ. Ийм түүхтэйгээр зургаан жилийг үдэж, ажлаа өгөх хуулийн хугацаатай нүүр тулж байгаа Б.Асралтын хувьд өдгөө агентлагын даргын суудлаасаа зуурч үлдэх нь эргэлзээтэй болж байна. Дээр нь Төрийн албаны зөвлөлөөс түүнд хаягласан хоёр зүйл бүхий сануулга бичиг ширээн дээр нь задраад удаагүй байгаа энэ цагт!
О.Балдан-Очир
www.24tsag.mn