Ван И: Хятадыг гомдоосон хүмүүс шийтгэлээ заавал амсана
2022/08/04
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд гэнэтийн айлчлал хийснийг БНХАУ буруушааж, АНУ-ын Элчин сайдыг дуудан ирүүлж, айлчлалыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байв. Айлчлал болохоос ч өмнө АНУ-ыг буруутгаж, сүрдүүлсэн мэдэгдэл хийж байсан БНХАУ айлчлалын дараа ч хурц мэдэгдэл хийсээр байгаа юм.
Энэ удаад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Нэнси Пелосигийн айлчлалыг "хошин жүжиг" хэмээн нэрлэжээ. Тэрбээр наймдугаар сарын гуравны өдөр Камбожид болсон Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр ийм мэдэгдэл хийсэн гэж Регнум агентлаг мэдээлсэн байна.
"Энэ бол хошин жүжиг. АНУ ардчилал нэрийн дор БНХАУ-ын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож, харин Цай Инвэнь болон Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч бусад хүмүүс АНУ-аас зуурч, үндэсний ашиг сонирхлоос урвалаа" хэмээн Ван И мэдэгджээ.
Түүнчлэн, Хятадын бусад удирдлагуудын адилаар, энэ айлчлалын хариуг БНХАУ заавал барина хэмээн анхааруулсан байна.
"Галаар наадсан хүнд сайн юм тохиолдохгүй. Хятадыг гомдоосон хүмүүс шийтгэлээ заавал хүртэнэ" хэмээн Ван И онцолжээ.
Пелосигийн айлчлал
Нэнси Пелоси Азийн орнуудаар хийх айлчлалын хөтөлбөрт Тайванийг тусгаагүй байсан ч түүнийг Тайваньд очно гэсэн мэдээлэл наймдугаар сарын хоёрны өглөөнөөс эхлэн гарч байв. Энэ мэдээлэл батлагдаж, наймдугаар сарын хоёрны үдэш 22:44 цагт Нэнси Пелосигийн онгоц Тайванийн нийслэл Тайбэйгийн нисэх буудал дээр газардсан юм.
Ийнхүү Пелоси Тайвань руу нисэж ирсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын Гадаад хэргийн яам шийдэмгий эсэргүүцэл илэрхийлсэн.
"Үндэсний тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах Хятадын засгийн газар болон ард түмний эрс шийдэмгий байдал, хатуу эр зоригийг хэн ч дутуу үнэлэх ёсгүй" хэмээн Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдэж байв.
Ийнхүү эсэргүүцэл илэрхийлэхийн зэрэгцээ, Пелосиг Тайбэй рүү нисэж ирсэний дараахан Тайванийн зүгт Хятадын байлдааны онгоцууд нисэж байгаа талаар Хятадын хэвлэлүүд мэдээлж байлаа. Синхуа агентлагийн мэдээлснээр, наймдугаар сарын хоёрны мягмар гарагаас эхлэн Тайванийн ойролцоо Хятадын арми цэргийн сургуулилалт хийж эхэлжээ.
Үүний зэрэгцээ, наймдугаар сарын хоёрны өдөр, Тайваньтай хил залгаа Фужянь мужид нислэгүүд цуцлагдаж, цэрэг армийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн байна. Мөн Тайвань ч байдал бишдэхэд бэлэн байх үүднээс иргэдээ оролцуулан өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилалт хийж, тэнгисийн болон агаарын десантын хамгаалалтыг боловсруулж, пуужингаас эсэргүүцэн хамгаалах хүчээ байлдааны бэлэн байдалд оруулсан юм.
Хятад "бухимдсан"-ы шалтгаан
Нэнси Пелосигийн айлчлалд БНХАУ ийнхүү сүр дуулиантай хандсан нь учиртай. Энэ нь сүүлийн жилүүдэд АНУ-ын ийм өндөр албан тушаалтан Тайваньд айлчилж байгаа анхны тохиолдол болж байгаа юм. Мөн Пелосигийн албан тушаал нь маш өндөр, төрийн гурав дахь том албан тушаал.
Ийм өндөр албан тушаалтан Тайваньд айлчилвал Хятад сул дорой, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хадгалж чадахгүй байгааг илтгэх бөгөөд нэгэнт л Пелоси Тайваньд хөл тавьбал дараагийн удаад Америкийн Ерөнхийлөгч ирж, Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчихнө. Ингэснээр АНУ, Тайванийн харилаа гүнзгийрч, "салан тусгаарласан улс"-ыг эргүүлэн нэгтгэж Бээжингийн мөрөөдөл сарнина гэсэн үг.
Үүний зэрэгцээ, Тайванийг алдах нь Хятадын удирдлагыг сулруулна, ирэх намар, гурав дахь удаагаа улиран сонгогдохоор зэхэж буй Ши Жинпиний хувьд хүнд цохилт болно, тиймээс л Хятад эрс шийдэмгий байгаа хэрэг хэмээн зарим судлаачид үзэж байна.
Харин АНУ-ын хувьд Пелосигийн айлчлалыг цуцлах, өөрчлөх нь "Вашингтон аливаа сүрдүүлгээс эмээдэг" гэж харагдуулахаар байлаа. АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргаа албан ёсоор Тайвань дахь айлчлалыг дэмжээгүй. Гэхдээ Пелоси Тайваньд айлчлах эрхтэй, харин Цагаан ордон АНУ-ын Конгрессын хараат бус байдлыг хүндэтгэнэ гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Жон Кирби мэдэгдэж байв.
Түүнчлэн, Пелоси Тайваньд айлчилсан ч энэ нь Тайваньтай холбоотой АНУ-ын бодлогыг өөрчлөхгүй, Пелоси айлчлалын тухайд бие даан шийдвэр гаргах эрхтэй төрийн эрх мэдлийн хуваарилалтыг БНХАУ сайтар ойлгох ёстой гэж Кирби онцолж байлаа.
Г.Бямбасүрэн
www.shuud.mn