Энэтхэгийн зохиолч Кришан Чандарын "Уруугаа ургасан мод" зохиолыг уншиж байхад монголын ардчилал яг л уруугаа ургаж, буруугаар эргэчихсэн юм шиг.

Бүх л зүйл буруу тийшээгээ эргэжээ. Энэхүү зохиолоос хэсэглэн авч уншигчиддаа хүргье. Магадгүй үүнийг уншаад нэгийг ухаарч, хоёрыг ойлгох буй за.

 - Одоо бид хаашаа явах билээ? гэж Мохан асуув

- Хаашаа бол хаашаа гэж Юсуф шийдэмгий хариулав. Олон өнгийн тугтай өргөн жагсаал тэдний дэргэдүүр өнгөрөв. “Аладдины төлөө саналаа өгцгөөе. Аладдины төлөө саналаагүй хүн эх орноосоо урвагч мөн. Аладдин мандтугай” гэж хүмүүс дуу нийлүүлэн хашхирч байв. Мохан, Юсуф, Гүнж гурвуул хүмүүсийг даган явлаа. Аладдины нэрийг хашхиран, тугаар далласаар, олны жагсаал хотын их талбайд очив. Энэ хотынхон муу хувцастай, ядуу өлсгөлөнгөөс хацар нь хонхойсон боловч нүдэнд нь баяр итгэл тодорч байгааг Юсуф ажиглав.

            - Энд юу болж байгаа юм бэ? гэж Юсуф нэг хүнээс асуув.

- Ертөнц даяараа мэдэж байгаа юмыг ганц чи л мэдэхгүй байна уу? Биднийг аз жаргалтай болгох сонгууль өнөөдөр манай хотод болно. Наашаа хар ... Тээр тэнд Аладдин шидэт дэнлүүгээ бариад зогсож байна гэж тэр хүн гайхан хариулав.

- Нээрээ ч өнгө бүрийн олон тугаар чимсэн тавцан дээр Аладдин зогсож үг хэлж байгааг Юсуф харав. Ах дүүс минь ээ. Би та нарын л нэг адил жирийн хүн. Та бүгдийн зовлон гачигдлыг би ойлгож байна. Та нар өлсөж байгаа, та нар сайн хувцасгүй байгаа, та нар хүүхэддээ эрдэм сургаж чадахгүй байгааг чинь би сайн ойлгож байна. Түрүүчийн засгийн газар та нарын төлөө юу ч хийгээгүйг би мэдэж байна. гэсэн ч тэр чинь Алтан Мангасын засгийн газар шүү дээ. Харин би гуталчны хүү болохоороо та нарын бүх зүдгүүрийг арилгана. Шидэт дэнлүүний тусламжтайгаар би та нарыг зол жаргалтай болгоно. Та нарт би хүссэнийг чинь өгч чадна. Харцгаа. Миний дэнлүүний хүч чадлыг өөрсдөө үзэж гайхацгаа гэж хэлээд Аладдин шидэт дэнлүүгээ арчихад тэр даруй дэнлүүний бирд тодрон гарч ирээд Аладдинаас:

           - Эзэнтээн, юу гэвээ? гэхэд

- Орон гэргүй хүмүүст би төгөлдөр сайхан орд харш барихыг хүсч байна. Алив, ордуудынхаа нэгийг авчирч хүмүүст үзүүл гэж Аладдин хэлэв. Бирд мэхийн ёслоод эгшин зуур алга болсноо мөчийн дараа гэрэв гэгээ цацарсан төгөлдөр сайхан долоон давхар ордон барьсаар дахин тодрон гарч ирэв. Хүмүүс түүнийг нүд үл салган ширтэв.

- Аладдин мандтугай! Аладдины төлөө саналаа өг! Нэг орон! Нэг санал! Нэг Аладдин! Нэг дэнлүү! ... гэж мянга түмэн хүн хашхирав.

Аладдин алгаа ташихад бирд ордонтойгоо алга болов!

- Надад саналаа өгцгөөвөл ордон та нарынх болно гэж Аладдин хэлэв.

Аладдины төлөө саналаа өгөх гэж хүмүүс сонгуулийн хайрцаг руу очтол гэнэт нэг хүн, Ах дүүсээ, тэнэглэхээ больцгоо! Өөдгүй гуталчны хүү, энэ хорлонтой залилагч ерөөсөө та нарыг маллаж байна! Жинхэнэ илбэ шидийн нууц зөвхөн надад байна! Та нарын аз жаргалыг би барьж байна! Харцгаа! Энэ байна! Далдын хар малгай! Сулейманы малгай! гэж хашхирав! Тэр хүний хашхирсан зүг рүү бүгдээр эргэв.

- Тусгайлан зассан өндөрлөг дээр хөгжимчид сууж, дуу дамжуулагчийн ард талд илбэчин зогсоод үг хэлж байлаа. Юсуф, Мохан, Гүнж гурав ч мөн л Аладдины тэндээс эргэж, олны хамт гүйв.

- Аладдин бол арга зальтан! Түүний төлөө саналаа бүү өгцгөө! Түүний дэнлүү, бирд бол дэмий, шал дэмий хэнд ч хэрэггүй новш! Энэ муу зэвэрсэн дэнлүү, дэмий новшийн тусламжтайгаар тар, та нарын тусын тулд юу хийж чадах юм бэ? Юу ч чадахгүй! Миний төлөө саналаа өгцгөө! Яагаад гэвэл далдын хар малгай зөвхөн надад л байна. Энэ малгайг олж авах гэж би юугаа ч хайрлаагүй! Мянга түмэн бэрхийг туулсан. Олон удаа үхэлд ч тулж очсон. Та нарын төлөө далдын хар малгайг олж ирэх гэж л тэгж явлаа гэж шинэ илбэчин байдаг чадлаараа хашхирав.

           - Чиний хар малгай чинь ямар ашигтай юм бэ? Энэ чинь жирийн л малгай байна гэж Мохан асуулаа.

Моханы үгийг сонссон илбэчин - Жирийн малгай гэнээ? Үүнийг өмссөн хүн үзэгдэхгүй болно. Илжигний эвэр алга болсон шиг л хүн алга болно. За жирийн байгаа биз? Харцгаа! Харцгаа! Миний малгайн ид шидийг та нар нүдээрээ үзэцгээ! гэж ууртай хашхираад далдын хар малгайгаа өмсөж, гайхаж хоцорсон олны өмнө төдхөн алга болов.

- Далдын хар малгайн хүч ямар байна даа! Ийм малгайтай хүн хүссэн цагтаа алга болж, ил гарч болно гэж зөвхөн түүний дуу нь сонсогдож байлаа. Малгайг аваад илбэчин дахин үзэгдэж,

- Ийм малгайтай хүнд, юм бүхэн өөрийн дураар! Билетгүйгээр хаашаа л орох гэвэл болно. Энэ малгайн тусламжтайгаар хүн сайд болж, төдөлгүй хамгийн дээд зиндаанд хүрч болно. Далдын хар малгайн дэргэд Аладдины дэнлүү юу ч биш! Дэнлүүг үргэлж арчиж, тослох бол, малгайг зөвхөн л өмсөнө. Тэгээд л хамаг хэрэг чинь энэ хар малгайд байна! Наашаа ирж энэ малгайг өмс! Та нарын юу санасан хүсэл чинь биелнэ. Арга зальтай Аладдин ганцхан дэнлүүтэй, харин би хүн бүрд малгай өгнө. Энэ боодолтойг харж байна уу? Цөмөөрөө дээд зэргийн далдын хар малгай! Надад саналаа өгөөд үүнийг авч болно. Нэг санал аваад нэг малгай өгнө!... Илбэчний төлөө бүх ард саналаа өгөхөөр болж.

- Далдын хар малгай мандтугай! Аладдины дэндүү сөнөтүгэй! Гэж хашхирав. 

Гурав дахь этгээдийн ха-ха-ха гэж чанга инээх сонсогдов. Цөм эргэж харвал, бас нэг илбэчин зогсож байлаа. Цаасан бошинз, цаасан тоорцог өмсөж, саравч зүүсэн тэр илбэчин сонин бариад инээж байсан аа,

- Нөхөд өө! Энэ чалчаа этгээдэд бүү итгээрэй! Үүний ярьсан бүхэн дэмий зүйл шүү! Хуурснаас л өөр зүйлгүй! Түүний төлөө саналаа өгөхтэй зэрэг л тэр далдын хар малгайгаа өмсөөд нуугдчихна! Тэгэхээр та нарт хамгийн жирийн эдээр хийсэн малгай л хоцорно. Тэр тоорцгийг өмсөх юм уу, түүгээр тамхины уут хийх л ашиг гарна уу гэхээр өөр ашиг та нарт гарахгүй. Хэрэв үзэгдэхгүй боллоо ч гэсэн ямар ашиг байх билээ. хэрэв үзэгдэхгүй болчихвол, та нар юу хийх юм бэ? Ер нь та нар , шидэт ертөнцөд амьдарч байгаа болохоор төвөггүй ид шид л хайх хэрэгтэй! Тэр цагт та нар амьдралынхаа эзэн болж чадна. Наашаа харцгаа! Миний илбэнд та нар утаа шиг замхарахгүй. Би та нарыг үл биелэх бодлоор дүүргэх гээгүй! Би та бүгдэд чухал хэрэгтэй жирийн эд өгнө! гэж хашхирахаад, тариачин бололтой нэгэн эрийг зааж,

- За, жишээлбэл: Чи юу хүсч байгаагаа хэл?

- Миний газар дээр худаг байгаасай гэж би хүсч байна гэж тариачин хэлэв. Хавтас дүүрэн цааснаасаа илбэчин нэг хуудас цаас авч үлдээгээд тариачинд өгөв. Шар будаа тарьсан өөрийнх нь талбай тэр цаасан дээр байхыг харлаа. Талбай дунд гэнэтхэн худаг бий болов. Ус татах дугай дамар эргэж, өргөн цоргоор ус гарч, газраар урсан талбайг услав. Тариачин авгай овоохойгоосоо гарч, домбондоо ус хийж аваад, нөхрөө баяртай харлаа. Цаасны илбэчин бэлэглэсэн хэсэг цаасыг барьсаар энэ үед тариачин гүйн ирэв.

- Явсаар байж худагтай боллоо! Явсаар байж, өөрийн гэсэн худагтай боллоо гэж гүйнгүүтээ ярьж явав.

- За чи юу хүсэж байна? гэж өөр нэг хүнээс илбэчин асуулаа.

- Манай тосгонд сургууль байхгүй гэж тэр хүн хариулав. Илбэчин өөр нэг хуудас цаас гаргаж, шивнэж үлээгээд түүнд өгөв. Цаасыг сайтар ажиглаад тэр хүн цаасан дээрээс гэрээ олж харав. Гэрийнх нь зэргэлдээ шинэ сайхан сургуулийн байшин сүндэрлэж, хүүхдүүд ном бариад хичээлдээ явж байлаа. Сургуулийн орчинд гайхамшигтай сайхан цэцэрлэг дэлгэрч, хүүхдүүд тоглоно. Хаалганы хажууд хоёр хүү нь байхыг харав.

- Ааваа! Сайн байна уу? гэж хүүхдүүд даллан хашхирав. Энэ үед нөгөө хүн,

- Явсаар байж бид өөрийн сургуультай боллоо. Одоо бидэнд өөрийн сургууль байна гэж ярьсаар гэрийн зүг гүйв.

Хүмүүс илбэчинг бүчин шавж, нэг нь:

- Надад шаахай хэрэгтэй гэж хашхирахад илбэчин хуудас цаас өгөв.

- Надад машин хэрэгтэй гэж хоёр дахь хүн хэлэхэд илбэчин мөн л хуудас цаас өгөв.

- Бидэнд эмнэлэг хэрэгтэй!

- Бидэнд сургууль хэрэгтэй

- Бидэнд гол хэрэгтэй!

- Бидэнд театр хэрэгтэй! – гэцгээхэд илбэчин тэр бүхэнд хэсэг хэсэг цаас түгээсээр байлаа.

- Чи энэ цаасан дээрээс ямар нэгэн юм олж харж байна уу? гэж Юсуфаас, Мохан асуув.

- Үгүй, би жижигхэн хэсэг цаас л харж байна гэж Юсуф хариулав.

- Энэ хүмүүст, аль эртний хүсээд байсан юм нь цаасан дээр харагдах шиг болж байж ч болох юм. Чи юу гэж бодож байна гэж Мохан хэлэв.

- Юсуф, Илбэчнээс шаахай гуйсан хүний гараас татаж,

- Чи шаахай аваа юу? Гэхэд тэр хүн омогтойгоор хуудас цаасаа Юсуфын нүүрэнд тулгаж бариад,

- Чи сохроо юу! Миний шинэ шаахайг харахгүй байна уу? гэв.

- Үнэндээ ч Юсуф жирийн хуудас цааснаас өөр юу ч олж харахгүй байлаа.

- Хэрэв чинийхээр энэ шаахай юм бол үүнийгээ өмс дөө гэж Юсуф хариулав. Тэр хүн, цаасаа хөлдөө барьж татахад дарай цаас урагдав. Түүнийг хараад илбэчин уурлан,

- Миний хэрэгт хэн тэнд зүрхтэй хутгалдана вэ? Миний илбийн хүчийг хэн тэнсэв? Манай орноос тэр этгээдийг хөөх хэрэгтэй. Тэгэхгүй бол илбийн чадал алдагдаж, та нарын жаргал эцэс болно! гэв.

- Хүүхдүүдийг барихаар гурван илбэчин болон тэдэнд хууртагдсан сонгогчид хөөв. Гэвч Юсуф, хураалттай малгай дундаас далдын хар малгай гурвыг шүүрэн авч амжив. Нэгийг нь өөрөө өмсөж, хоёрыг нь Мохан, Гүнж хоёрт өгөв. Тэгэхгүй бол тэд, хилэгнэсэн олны гараас амьд мултарч чадахгүй байлаа. Юсуф, Мохан, Гүнж гурав айсандаа чичрэн шидэт ертөнцийн хаалганы гадна гарчээ.

Тэнд мөнгөн аварга сууж, дөрвөн мөнгөөр билет худалдаж байв. Хүүхдүүдийг хармагц тэр, гомдолтой дуугаар,

- Та нарт ямар нэгэн идэх юм байхгүй биз? Би энд гурван зуун жил өлөн хоосон сууж байна, намайг бодож, юу ч болов өгөөч ... гэж гуйв. Далдын хар малгайгаа хүүхдүүд аваргад өгөв.

- Үүнийг өмс! Хүссэн бүхнээ авна! Танай илбэчингүүд тэгж хэлсэн юм гэж Юсуф хэлэв.

 

 Энэтхэгийн зохиолч Кришан Чандарын "Уруугаа ургасан мод" зохиолоос хэсэгчлэн авав.

Энэхүү номыг Монсудар хэвлэлийн газраас 2012 онд хоёр дахь удаагаа хэвлэн гаргажээ.