УИХ-ын гишүүн "Оргил"-ын гэгддэг Ж.Ганбаатарын эзэмшлийн газар дээр 25 давхар 5 блок барилга барихаар СБД-ийн 3-р хороонд суурь бэлдэж, арматур өрж эхэлжээ. 24 цагийн туршид барилгын ажил явж байгаа юм байна. Гэтэл уг барилга нь UBcentral орон сууцнаас 4 метр орчим зайд баригдаж, барилгын норм стандарт зөрчигдөж байна.

UBcentral орон сууцны нэг блок барилгад 130 орчим айл аймьдардаг бөгөөд тухайн айлуудын цонх хагарч, хана цуурчээ. Мөн барилгын суурь, даацын хананд цууралт үүссэн байна.

Тоос шороо, дуу чимээнээс гадна оршин суугчдын аюулгүй байдалд аюул эрсдэл учирсан тул оршин суугчид цагдаа, Мэргэжлийн хяналтын байгууллагад удаа дараа хандсаар ирсэн байна. Гэвч цагдаагийн байгууллагын зүгээс "Мэргэжлийн хяналтын байгууллагад ханд" гэдэг хариу хэлдэг бол, Мэргэжлийн хяналтын байгууллагынхан "Зөвшөөрөлтэй баригдаж байгаа барилга байна" гэдэг тайлбарыг оршин суугчдад хэлээд явдаг гэлээ.

Барилга "зөвшөөрөлтэй" байхаас гадна барилгын стандартыг чанд мөрдөж, аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр ажлаа үргэлжлүүлэх ёстой бөгөөд уг асуудлыг Мэргэжлийн хяналтын байгууллага чиг үүргийнхээ хүрээнд хариуцан, хангуулах үүрэгтэй. Гэвч "зөвшөөрлийн бичиг нь байгаа бол бусад нь хамаагүй" гэсэн шиг хандлагаар ажилдаа хандаж байгаа нь олон зуун иргэдийн аюулгүй амьдрах эрхийг зөрчиж байна. Хүүхдийн тоглоомын талбай дээр нь эксковарын шанага ирж, шороо асгарч байна. Энэ мэтээр хүний амь нас эрсдэх аюултай нөхцөл ч үүсээд байна.