Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан гэх зарим сургууль үйл ажиллагаагаа зогсоосонгүй
2022/08/23
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан зарим дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоож буйгаа мэдэгдсэн. Гэтэл тэдгээрийн зарим нь одоо ч үйл ажиллагаа явуулсаар буй гэнэ. Тухайлбал “Газарчин” дээд сургуулийн Сургалтын албанаас “Бүртгэл хэвийн үргэлжилж байгаа. Манай сургууль гурван удаа магадлан итгэмжлүүлсэн. Хаагдсан гэх мэдээлэл нь худлаа. Цаашдаа ч хэвийн ажиллах болно” гэв. “Маргад” болон “Номера” дээд сургуулийнхан үүнтэй адил “Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Засгийн газраас хаах талаар ямар ч шийд гаргаагүй” хэмээв. Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуулийн захиргаанаас мөн “Манайх таван жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлж, дээд боловсролын салбарт үйл ажиллагаа явуулах шаардлагыг бүрэн хангасан. Бид оюутнуудаа хүлээн авахад бэлэн” гэв. Харин “Идэр” их сургуулийн салбар “Далай ван”-гийнхан “Сургуулийг хаасан гэж олон нийтэд ташаа ойлголт төрүүлж, бидний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Манай сургуулийн үйл ажиллагаа хэвийн байгаа” гэж мэдэгдлээ. “Түшээ” дээд сургуулийн хувьд “Идэр” их сургуультай үйл ажиллагаагаа нэгтгэсэн гэв. “Эко Ази” нь “Улаанбаатар эрдэм” сургуульд нэгдсэн тухайгаа мөн мэдэгджээ. Харин “Зүүн хүрээ” болон “Чингис хаан” дээд сургуулийн цахим бүртгэл нь хаагдсан байв. Боловсрол, шинжлэх ухааны сайд зарим сургуулийг хаахаар болсноо зарласан ч ийнхүү нэг хэсэг нь үйл ажиллагаа явуулж, иргэдийг төөрөгдүүлээд байна.
Бэлтгэсэн Г.Ариунзаяа
www.Unuudur.mn
Зочин · 2022/08/23
тэнэгтэж байгаад юу ч үгүй болов дээ тусгай зөвшөөрөл хэн өгдөг билээ яам биз дээ харин ч сайхан далимдуулаад гайгүй сургуульд шилжихээ бодоо ч дээ
Зочин · 2022/08/23
Хэрэглэгч та хаан энэ сургууль сургалтаа явуулж байсан ч та бүү ор тэгээд л зах зээлийн зарчимаараа зогсоно одоо хаагдахдаа хүрээд байгаа сургууль төгслөө гээд танд хэрэг болох уу