Хөгжлийн банкны хэрэг шүүхэд шилжихэд бэлэн болсон талаар өмнө нь мэдээлсэн. Нийт 79 холбогдогчтой уг хэргийг Нийслэлийн прокурорын газраас харьяалагдах шүүхүүд рүү шилжүүлэх юм байна. Уг хэрэгт сэжигтэн яллагдагчаар татагдсан хүмүүсийн нэг нь ЕТГ-ын дэд дарга асан Г.Байгальмаа байдаг.

Түүнийг “Пирамид орд” компанийг МоАХ-ны газрыг барьцаалж, Хөгжлийн банкнаас зээл авахад зохион байгуулж оролцсон байж болзошгүй гэж хууль хяналтын байгууллагаас үзсэн. Тодруулбал, Г.Байгальмааг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч бичиг баримт үйлдээд МоАХ-ны газрыг 15 тэрбум төгрөгөөр банкны барьцаанд тавьсан байж болзошгүй гэх хэрэгт АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

 

 

Тиймээс Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл “...Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэсний 22.1.3-т заасан “...Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 22.12 дугаар зүйл “...Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэсний 22.12.1-т заасан “...Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

 

Харин хэргийг шүүхэд шилжүүлэх үед нөхцөл байдал өөрөөр эргэж буй бололтой. МоАХ-ны газрыг Хөгжлийн банканд “Пирамид орд” компанийн зээлийн барьцаанд тавих “зөвшөөрөл” өгсөн МоАХ-ны даргаар ажилладаг тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын гарын үсгийг дуурайлгаж зурсан гэсэн нь үгүй болж таарав бололтой. Х.Баттулгын гарын үсгийг дуурайлгасан уу, эсвэл Х.Баттулга өөрөө зурсан уу гэдгийг тодорхой болгохоор арав гаруй хоногийн өмнө шинжээч томилжээ. Шинжээчийн дүгнэлт гарсан байна. Шинжээч “...Х.Баттулгын гарын үсэг мөн” гэж нотолсон дүгнэлт гаргажээ. Ингэхээр Г.Байгальмааг буруутгаж буй хэргийн тухайд зүйлчлэл, гэм буруугийн байдал өөрөөр эргэх магадлалтай. Түүнчлэн үүнтэй холбоотойгоор Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл “...Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэсний 22.1.3-т заасан “...Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаар яллагдагчаар татаж магадгүй нөхцөл үүссэн байна.

 

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин