Я.Цэлмэн: Мэдүүлэг авахдаа хүлээлгэх, албадах нь эрүү шүүлтийн хэлбэр
2022/09/06
Монгол Улс анх удаа Эрүү, шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнтэй болсон. УИХ-аас томилогдоод удаагүй байгаа ХЭҮК-ын Эрүү, шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, Хууль зүйн ухааны доктор /PhD/ Я.Цэлмэнтэй ярилцлаа.
-Хүний эрхийн ноцтой зөрчил болох эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх мэргэшсэн гишүүнтэй болохоор жил гаруй хугацаанд сонгон шалгаруулалт явууллаа. Таны хувьд мөрдөгч, их сургуулийн профессороор ажиллаж байсан учраас шинэ ойлголт биш байх?
-Хууль эрх зүйн чиглэлээр мэргэшээд ажлын гараагаа хүний эрхийн байгууллагаас эхэлсэн. Хүний эрх, аюулгүй орчин санд сургалтын менежерээр ажиллаж байгаад улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад мөрдөн байцаагч сонгох шалгаруулалтад орж байлаа. Тухайн үед 500 хүнээс 20 нь тэнцэж байх үед анхны сертификаттай мөрдөн байцаагчийн нэг болж Завхан аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, мөн Тосонцэнгэл сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар ажилласан. Их сургуулийн Эрүүгийн эрхзүйн танхимд багшаар ажиллах санал ирсний дагуу ахлах багш, дэд профессороор ажиллаж байхдаа Эрүү, шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоор шийдсэн. Гэхдээ эхний удаа бол өрсөлдөөгүй. Шаардлага хангасан нэр дэвшигч байхгүй хэмээн дахин сонгон шалгаруулалт зарлахад нь материалаа өгсөн. Шаардлага нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, өмгөөлөгч хийж байсан бол давуу тал болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаа мэргэшсэн, хүний эрхийн чиглэлээр ажиллаж байсан бол сайн гэсэн тусгай шаардлага тавьсан нь миний ажлын туршлага, чиглэлтэй нийцсэн хэрэг.
Дэлхий нийтэд цагдаагийн алба хаагчийг хүний эрхийг хамгаалагч тэргүүн фронтын эгнээнд авч үздэг. Үүнийг цагдаагийн байгууллагад ажиллаад мэдэрсэн, хүний эрхийн хамгаалагч байгаасай гэж бодож, хүсч шавь нартаа эрүүгийн процессын эрхзүй, гэмт хэргийн нотолгоо, эрүүгийн процесс дахь хүний эрхийн талаар хичээл сургалтаа зааж ирсэн.
Мөн хүний эрхийн чиглэлийн нэр хүндтэй илтгэл, уралдаанд шавь нартаа бэлтгэж оролцуулж ирлээ. Энэхүү мэргэшил, туршлагадаа үндэслэж Эрүү, шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад орсон. Нээлттэй сонсгол, томилгооны сонсголоор орох зэргээр шалгаруулалт 7-8 үе шаттай явагдаж 1.6 жилийн дараа томилогдож байна. Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай. Эрүү шүүлтийн эсрэг конвенц болон нэмэлт протоколд нэгдэн орсны дагуу үндэсний хэмжээний байгууллагатай болох үүрэг хүлээсэн. Энэ дагуу ХЭҮК-ын дэргэд Эрүү, шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн томилж, түүний дор нэгж ажиллахаар хуульчилсан нь биелэлээ оллоо.
-Ажлаа аваад хоёр сар гаруй боллоо. Багаа бүрдүүлж, асуудлаа олж харж зорилгоо тодорхойлсон байх. Юунаас эхэлж, ямар арга барилаар ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Ажилтай танилцах шаардлага байсангүй. Монгол Улс эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх үндэсний байгууллагатай байх ёстой гэдгийг 2013 оноос дэвшүүлж, шавь нартайгаа нийлж судалж ирсэн. Тухайн үеийн бодлого боловсруулагч, холбогдох байгууллагад илтгэл, өгүүлэл, судалгаа байдлаар өгч ирсэн. Мөн сонгон шалгаруулалтад орохдоо хийх ажлаа ч бодож, төлөвлөсөн. Хамгийн чухал нь иргэнд эрхийг нь мэдүүлэх асуудал байдаг. Та, бид зарим эрхээ мэдэхгүй л яваа. Тиймээс аль болох хялбараар эрхийг нь мэдүүлэх ёстой. Энэ чиглэлээр тодорхой ажил хийнэ. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтэст НҮБ-аас зөвлөмж өгсөн. Энэ дагуу хуульч, сэтгэл зүйчээс эхлээд салбар салбарын сайн мэргэжилтнүүд хэрэгтэй. Иргэний нийгмийн байгууллага, цөөнхийн төлөөлөл ч орж ирэх ёстой. Нэгж эхний ээлжинд 10 хүнтэй ажиллахаар орон тоо батлагдсан ч улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас болж төсөв танагдсанаас ойрын хоёр жилдээ таван хүнтэй ажиллаж байна. Эрхлэх асуудлын хүрээнд СЭМҮТ, Ахмад настны үндэсний төв, асрамжийн газар, цэргийн сахилгын байруудад ажиллалаа. Нөхцөл байдал төсөөлснөөс сайнгүй байв. Нэгдсэн дүн мэдээлэл гарахаар ярих асуудал бий.
-Эрүү шүүлтийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх байдал хууль эрх зүйн хүрээнд хэр хамгаалагдсан байдаг вэ. Мөрдөгч, прокурор төдийгөөр ойлгоод байж мэднэ?
-Монгол Улс олон улсын конвенцод нэгдэж ороод удаж байна. Түүнээс хойш Эрүүгийн байцаан шийтгэх хууль 2002 онд шинэчлэгдэж Эрүү шүүлт тулгаж нотлох баримт цуглуулах юм бол үнэлэхгүй гэсэн зарчмыг анх удаа авч хэрэгжүүлсэн. Энэ үед субьект нь цөөн буюу хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокурор, шүүгч байсан. Дараа нь 2015 онд Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж, 2017 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, Эрүүгийн процессын хуулийг УИХ-аар баталсан. Үүнд эрүү шүүлтийн тухай ойлголт өргөн хүрээтэй орж ирсэн. Өөрөөр хэлбэл, тодорхой нэр заахгүйгээр бүх төрийн албан хаагчийг хамруулсан. Бүх төрийн албан хаагч тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулахдаа өөрөө эсвэл бусад этгээдэд зөвшөөрөл олгох гэж зааж гуравдагч этгээдийг оруулж ирсэн. Хэн нэгний шахалтаар албадах, хүч хэрэглэх, сэтгэл санааны хохирол учруулж дарамт шаналгаа үүсгэсэн бол эрүү шүүлт гэж ойлгож болно. Нэг үгээр бол, хууль бус аргаар эрүүдэн шүүж, нотлох баримт цуглуулах юм бол шүүх нотлох баримтын хэмжээнд авч үнэлэхгүй.
Нотлох баримт хууль бусаар цуглуулсан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Санкц нь таван жил байдаг. Ийм зарчимтай. Олон улсын гэрээ конвенцид заасны дагуу хууль эрх зүйн хэмжээнд хамгаалагдаж, нийцсэн гэж үзэж байна. Харин яаж олон нийтэд ойлгуулах вэ гэдэг асуудал чухал. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг ХЭҮК-ын тухай хуульд тодорхой зааж өгсөн. Хуулиар
хүлээсэн дөрвөн үндсэн ажил хийнэ.
Тэр дунд, аливаа хэлбэрээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан газруудад саадгүй нэвтрэх эрхтэй. Тухайн газар тогтмол очиж хяналт шинжилгээ хийнэ. Гол үүрэг нь урьдчилан сэргийлэх ёстой. Мөн олон нийтэд эрүүдэн шүүлтийн хор аюулыг таниулж, эрүү шүүлтээс ангид байх эрхийг төрийн албан тушаалтан, иргэдэд сурталчилна. Нэг ёсондоо, нийтийг хамарсан сургалт, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах үүргийг хуулиар оногдуулсан. Мөн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар судалгаа, гарын авлага, ном сурах бичиг хийнэ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэх дөрвөн үндсэн үүрэгтэй ажиллаж байна. Чиглэлийн дагуу ажлаа төлөвлөж эхлүүлээд байна.
-ХЭҮК-оос эрүү шүүлт бодитоор оршин байна гэдэг. Гэтэл эрүүдэн шүүлт гэдгийг яг юу гэж ойлгох ёстой юм бэ. Ямар тохиолдолд иргэн эрүүдэн шүүлгэлээ гэж комисст гомдол гаргах вэ?
-Олон улсад эрүү шүүлтийг хэмжсэн долоон элемент байдаг. Манай улсын хувьд хуульд журмандаа эрүү шүүлтийг томъёолсон. Эрүүгийн процесст оролцож байгаа гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч хэн байна хамаагүй, бүгдэд нь хууль тайлбарлаж өгөх ёстой. Эрхийг нь мэдүүлж, хэлж тайлбарлаж өгөөгүйгээс зөрчил эхэлдэг. Үндсэн хуульд зааснаар иргэн мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Гэтэл мэдүүлэг өг гэсэн шахалт үзүүлж байгаа нь эрүү шүүлтийн хэлбэр рүү орж байна. Эсвэл ар, гэрээр нь далайлгаж сэтгэл санааг нь шаналгах нь ч эрүү шүүлтэд хамаарна. Нэг үгээр бол албадан мэдүүлэг авсан бол комисст гомдол гаргаж болно.
-Суманд иргэнийг эрүүлжүүлэхдээ шонгийн мод, паарнаас гавлах нь эрүүдэн шүүлт мөн биз дээ. Энэ үйлдэл одоо ч гэсэн байгаа?
-Хүнийг буруу зүйл хийсэн бол байх ёстой хэм хэмжээнд нь саатуулах, хүн ёсоор хандах ёстой. Шалгаж шийдвэрлэхдээ мэргэжлийн байх учиртай. Онолоо үзчихээд практик дээр ажиллаж байгаа алба хаагчид хүнийг хүн гэдэг утгаар нь ханддаг сэтгэл зүй байх учиртай. Гэм буруу нь шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад зүй бус харьцаж, шаналгаа үүсгэх ёсгүй. Монгол Улсын 330 суманд хэсгийн төлөөлөгч ажилладаг. Тэнд норм, стандартад заасан хэмжээний саатуулах баривчлах байр байгаа юу гэвэл, үгүй. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагын удирдлагад тавьсан. Энэ бол тулгамдсан асуудал, шийдвэрлэх боломжтой гэсэн. Бодлого эрхэлсэн яам, төсөв хариуцсан газар нөхцөл байдалд анхаарах үүрэгтэй. Хэдий болтол алба хаагч нараа буруутгаад өнгөрөх юм. Анхаарч хэрэгжүүлэх цаг нь болсон.
-Албадахаас гадна тайлбар, мэдүүлэг авахдаа удаан хугацаагаар хүлээлгэх нь эрүү, шүүлтийн нэг хэлбэр гэж ойлгож болох уу. Энэ тохиолдолд иргэд гомдол гаргаж болно биз дээ?
-Шалтгаангүйгээр удаан хүлээлгэнэ, суулгана гэдэг байж болохгүй гэдгийг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааж өгсөн. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар насанд хүрсэн хүнээс дөрвөн цагийн хугацаатай мэдүүлэг аваад дунд нь нэг цаг завсарлаад үргэлжлүүлж болно. Өөрөөр хэлбэл, өдөрт найман цагаас хэтрэх ёсгүй. Хойшлуулшгүй нөхцөл байдал биш бол шөнийн цагаар мэдүүлэг авахыг хориглодог. Харин өсвөр насны хүүхэд бол хоёр цагийн зайтай мэдүүлэг аваад дунд нь завсарлана. Өдөрт дөрвөн цаг мэдүүлэг авах эрхтэй. Мөн эрх ашгийг нь хангуулахын тулд нийгмийн ажилтан, асран хамгаалагчийг байлцуулах ёстой. Тухайн хүнийг ирүүлээд цагт нь мэдүүлэг авах зэргээр тогтсон дүрэм журам бий. Мэдээж олон хүн дунд янз бүрийн асуудал, хүндэтгэх шалтгаан байж мэднэ. Харин санаатайгаар залхаан цээрлүүлэх нь байж боломгүй хүнлэг бус харилцаа, хүний эрхийн зөрчил юм.
-Тэгвэл иргэнийг эрүүдэн шүүсэн байна гэдгийг шалгаж тогтоогоод шүүхээр шийдвэрлэсэн хэрэг хэр байна вэ?
-Прокурорын дүн мэдээнээс харахад 2021 онд улсын хэмжээнд эрүү шүүлт тулгасан гэмт хэргийн шинжтэй 94 гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан байдаг. Харин эрүүгийн хэрэг үүсгэсэн нь цөөн. 60 орчим хувьд нь хэрэг бүртгэл нээхээс татгалзсан.Харин хэрэг бүртгэл нээж шалгасан 27 хувиас мөрдөн байцаалт явуулах нь дахиад цөөрсөн. Мөрдөн шалгах явцад нотлогдохгүй байна гэсэн үг. Эцэст нь таван хэргийг шүүхэд шилжүүлснээс хоёрыг нь шийдвэрлэсэн байх жишээтэй. Нэг жилд шүү дээ. Энэ тоо өмнөх жилээс ямар байна вэ гээд үзвэл 50 гаруй хувиар буурсан. 2022 оны эхний хагас жилийн байдлаар эрүү шүүлттэй холбоотой гомдол мэдээлэл дахиад буурсан. Нэг талаасаа сайн талтай гэж ойлгож байгаа.
Эрүү шүүлт хариуцсан хүний эрхийн гишүүнтэй болсон нь иргэдэд ойлголт мэдээлэл өгч гомдол буурч байна. Гэхдээ ардчилсан нийгэмд эрүү, шүүлт тулгалаа гэсэн гомдол тасрахгүй байгаа нь харамсалтай. Тогтолцоог харвал мөрдөгчдийн харилцаанаас эрүү шүүлт үүсэх тохиолдол байна. Мөн системтэй эрүүдэн шүүж болно.
Эрүү шүүлт бол хүний эрхийн ноцтой зөрчил. Ийм зөрчил ХЭҮК-ын хяналт шинжилгээгээр илрэх юм бол даруй засах үүргийг тухайн байгууллагын удирдлага, албан тушаалтан, хуулийн этгээдэд зөвлөмж хэлбэрээр өгнө. Зөвлөмж 30 хоногийн дотор биелэх ёстой. Хэрхэн яаж биелүүлснээ заасан хугацаанд илтгэн тайлбарласныг гишүүн дотоод итгэл үнэмшлээрээ үнэлнэ. Үүргээ биелүүлэхгүй бол албан тушаал бууруулах, ажлаас халах, эрхийг нь түдгэлзүүлэх саналыг дээд байгууллагад нь гаргах эрхтэй.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин