Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн дарга, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

Энэ үеэрээ тэрээр: "БНХАУ-ын Ковид цар тахлын талаар баримталж байгаа бодлого манай улсын экспорт, импортын тээвэрт хүндрэл учруулж байгаа. Засгийн Газрын зүгээс аль болох боломжит хэлбэрээр зохицуулалт хийхийг хичээн ажиллаж байна.БНХАУ-ын Коммунист Намын Их хурал 10-р сарын 16-нд болох юм байна. Бидний авч байгаа, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллээр бол ирэх оны 1-р улиралд бодлогоо зөөллөх төлөвтэй. Хэрвээ энэ үнэн бол ирэх оны эхний улиралд багтаж, бидний тээвэр логикстикийн хүндрэл бүрэн арилах боломжтой.

Засгийн Газар, Ерөнхий сайдын зүгээс АН-д сайдын суудал өгөх талаар албан ёсны ямар ч санал тавиагүй. МАН УИХ-д 62 суудалтай намын хувьд үүрэг, хариуцлагаа бүрэн үүрэх ёстой.

Шатахууны хомсдол үүсэх нөхцөл одоогоор бүрдээгүй гэж та бүхэн ойлгож болно. Учир нь дөнгөж хоёр долоо хоногийн өмнө "Роснефть"-ийн захирал Монголд айлчилсан байгаа. Энэ үеэрээ Ерөнхий Сайдад бараалхсан. Мөн Ерөнхий Сайд ОХУ-ын Дорнын Эдийн Засгийн чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын талаас АИ 92 бензиныг тогтвортой нийлүүлэх, дизель түлшийг тогтвортой нийлүүлэх, үнийг тогтвортой барих бодлого баримтлах талаараа яриа хэлэлцээр хийсэн.

Харин сүүлийн үед өрнөж байгаа геополитикийн нөхцөл байдалд манай Монголын талаас болгоомжгүй, бодлоггүй оролцсоноос үүдэлтэйгээр хүндрэл ирэх тал байхыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар Оросын тал юм уу? нийлүүлэгчдээс энэ талаар ямар нэг байдлаар мэдээлэл ирээгүй байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй.

Валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Эдийн Засгийн Хөгжлийн Сайдаар ахлуулсан ажлын хэсгийн ажиллуул гэдэг чиглэлийг Ерөнхий Сайд өгсөн. Өнөөдөртөө багтаж, ажлын хэсэг байгуулагдана. Валютын нөөцийг нэмэгдүүлэх буюу экспортод гарч байгаа бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлого Монгол Улсад бүрэн дүүрэн орж ирж байгаа эсэх дээр юуны өмнө бид хяналт тавих ёстой болж байгаа. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа банк, санхүүгийн харилцаатай холбоотой хуулиудад зарим гажуудал байж болзошгүй байна гэж урьдчилсан байдлаар дүгнэж байна. Тодруулбал уул уурхайн бараа, бүтээгдэхүүний борлуулалтын орлого бүрэн орж ирж байна уу? үгүй гэдгийг хянах зайлшгүй шаардлага үүссэн. Нэг ёсондоо бид экспортод гаргасан бүтээгдэхүүнийхээ орлогыг дотооддоо төвлөрүүлж чадаж байна уу? эсвэл уг орлого гадаадад байршаад байна уу? гэдгийг Монголбанктай хамтран шалгана. Ингэж байж бид тогтвортой байдлаа хангахгүй бол дэлхий нийтийн инфляцитай холбоотой хүндрэлийг манай жижиг эдийн засаг маш их мэдэрч байна.Ялангуяа уул уурхайн экспортыг нэмэгдүүлэхээр Засгийн Газар онцгой анхаарч байна" гэв.

 

Э.Мягмар