Өнгөрөгч дөрөвдүгээр сард хөтлөгч Э.Энхзориг төв талбайд хэвлэлийн бага хурал хийж, "Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандахад хөрөнгөө алдсан, өөрийг нь залилсан хэмээн олон нийтэд мэдээлж байсан.

Харин С.Амармандах энэ талаар “Би 32 жил урлагт хүчин зүтгэхдээ нэг ч хүнийг дээрэмдэж, дарамталж, эд хөрөнгийн хүчээр авч үзээгүй. Эх орноо хайрлаж, хамгаалж, дээдэлж, дуулж явдаг хүний хувьд бардам хэлэхэд би энэ асуудалд ямар ч холбоогүй. Гэхдээ би тэгж хүнд гай болж, хүний эд хөрөнгийг дээрэмдэж явдаг хүн биш. Би Э.Энхзоригийг залилаагүй, эд хөрөнгийг нь хулгайлаагүй, муудалцаагүй. Над руу нэг ч удаа залгаагүй. Гэнэт ийм зүйл яриад байгааг гайхаж байна” хэмээж байсан юм. Түүний өмгөөлөгч мөн бүх зүйл гэрээний дагуу, хуулийн хүрээнд явагдсан, Э.Энхзориг худал мэдээлэл түгээж байна" хэмээн хариу тайлбар өгч байв. 

Тэгвэл уг хэргийг холбогдох байгууллагууд шалгаж, С.Амармандах буруугүй болохыг тогтоожээ. Энэ тухай хөтлөгч Э.Энхзориг  албан ёсны мэдэгдэл хийж, дуучин С.Амармандахаас албан ёсоор уучлалт гуйжээ.

Хөтлөгч Э.Энхзориг "Бүх зүйл эцсийн байдлаар тодорхой боллоо. С.Амармандах ах "Скайлакс" компанийн хөрөнгийн маргаантай ямар ч холбоогүй. Намайг хувьцаа эзэмшигч гэдгийг мэдээгүй нь үнэн гэдэг нь тогтоогдлоо. Компанийн маань нөгөө хувьцаа эзэмшигч С.Хосбаяр гэдэг хүн бүх тохижилтыг дангаар нь зарах гэж энэ бүх асуудлыг үүсгэсэн байна. Миний хувьд тэднийг хамт байгаа гэж бодсон. Буруу бодсон учраас эр хүн шиг албан ёсны залруулга хийх нь зүйн хэрэг гэж бодож байна. "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах ахаас албан ёсоор уучлалт гуйж байна. Нийтэд хэвлэлийн хурлаар Амараа ахын талаар буруу мэдээлэл өгсөндөө албан ёсоор хүлцэл өчиж байна" гэжээ. 

Э.Энхзоригийг анх хэвлэлийн хурал хийсний дараа "Скайлакс" компанийн хувьцаа эзэмшигч С.Хосбаяр "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах энэхүү маргаанд ямар ч хамаагүй хэмээн ярьсан байдаг ба уг маргаан ийнхүү эцэс болж шийдэгджээ. 

Дашрамд дурдахад, нийслэлийн төв хэсэг Баруун 4 замд байрлах "Gem palace"-ийн B1 давхрын Empire шөнийн клуб болон 17 давхарт байрлах Empire лoунжаа С.Амармандах эзэмшихээ больж байгаа аж. Эдгээр газруудыг цаашид өөр залуус шинэ өнгө төрхтэйгөөр үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхээр бэлтгэж байгаа юм байна.

 

ВИДЕО ҮЗЭХ