Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн оюутны холбооноос МУИС-ийг төрийн өмчит Улаанбаатар Их Сургууль, Дорнод Их Сургууль, Ховд Их Сургууль, Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль зэрэг дөрвөн сургуультай нэгтгэж байгааг эсэргүүцэн Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгаланд өнөөдөр шаардлага хүргүүллээ.

Энэ тухай МУИС-ийн 4 дүгээр курсийн оюутан, оюутны холбооны гишүүн А.Оюун-Эрдэнэ "Бид боловсролын сайдад гурван шаардлагыг хүргүүлж байгаа.

Нэгдүгээрт, Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ) Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль(ХҮИС)-ийг МУИС-тай нэгтгэх гэнэтийн шийдвэрийг гаргаж, тушаалыг танилцуулсан. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн зүйлийг урьдчилж хэлээгүйд нь бид үнэхээр гомдолтой байна. БШУЯ-ны уг шийдвэрт багш, ажилчид, сургуулийн эд хөрөнгийг шилжүүлэх гэсэн нөхцөл байгаа. Энэ асуудалд оюутан гэсэн үг огт дурдагдаагүй. Энэхүү асуудлаас болоод оюутнуудын дунд тодорхойгүй байдал үүсээд байна.

Учир нь бид МУИС-д элсэхийн тулд Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын өндөр оноо авч, тодорхой хэмжээний шалгуурыг бүрэн хангаж байж орсон. Тухайлбал, Хуулийн сургууль жилдээ 150 хүүхэд элсүүлдэг. Үүнд элсэж орохын тулд ЭЕШ-д 700-аас дээш оноотой байж шалгуурт нь нийцдэг. Гэвч ХҮИС-ийн 480 оноотой хүүхэд шууд МУИС-ийн оюутан болж, дипломыг авна гэдэг нь байж болохгүй зүйл. Бид үүнийг эсэргүүцэж байна.

Хоёрдугаарт, Засгийн газраас 2016 онд гаргасан тогтоолд МУИС-ийг Азийн шилдэг сургуулийн нэг болгон гэсэн зорилт байдаг. БШУЯ энэ стратегийнхаа дагуу юу хийж байгаа вэ? Үр дүнгийнхээ тайланг бидэнд үзүүлэх хэрэгтэй.

Гуравдугаарт, МУИС сүүлийн зургаан жилийн хугацаанд түр орлон гүйцэтгэх захирлуудтай байсан. Манай сургууль зүгээр л буугаад морддог газар биш. Тиймээс урт хугацааны захирлыг нь хууль тогтоомжийн дагуу шалгаруулж, ажиллуулах хэрэгтэй байна. Учир нь түр орлон гүйцэтгэгч захирлууд урт хугацааны бодлогыг хэрэгжүүлдэггүй, хөтөлбөрийн шинэчлэлт хийж чадахгүй явсаар байгаа" хэмээлээ.

ХҮИС-ийг МУИС-д нэгтгэх гэж байгаа анхны тохиолдол энэ биш бөгөөд өмнө нь 2010 онд Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль нэртэй байхад нь нэгтгэж байсан. Харин 2017 онд МУИС-ийн бүрэлдэхүүнээс гаргасан юм. Энэхүү эргэж буцсан шийдвэрийг ХҮИС мөн эсэргүүцэж, сайдын тушаалтай холбогдуулан шүүхэд хандаж байгаагаа 2022 оны есдүгээр сарын 7-нд мэдэгдэж байв.