Байгаль орчны доройтол жилээс жилд газар авч байна. Үүнээс сэргийлэхийн тулд төрөөс, тэр дундаа БОЯ-наас шат дараатай арга хэмжээг авч ирсэн.

Тэдгээр арга хэмжээний нэг нь моджуулах ажил. Энэ ажил идэвхжсэнээр сүүлийн жилүүдэд иргэд өөрсдийн санаачилгаар мод тарих нь нэмэгдсэн байдаг. Тэдний нэг нь Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувиллын захиргаа юм. Эднийх өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд эхлэн Шаргалжуут рашаан сувиллын байгаль орчны элэгдлийг сэргээх, хамгаалах үүднээс мод тарьсан байна. Ингэхдээ мэргэжлийн баг бүрдүүлж, аймгийн мод үржүүлгээс 250 ширхэг суулгацыг худалдан авч, хаана тарьвал оновчтой талаар мэргэжлийн хүний зөвлөгөөний дагуу голын эрэг дагуу суулгацаа суулгасан аж. Мэдээжийн хэрэг цаашид модныхоо ургацад анхаарах үүднээс хашаа хайс хүртэл хийж, бүтэн жилийн турш арчилж тордож байв. Гэтэл ямар ааш нь хөдөлсөн юм бүү мэд, Баянхонгорын Байгаль орчны газрын байцаагч Э.Өнөржаргал, аймгийн МХГ-ийн байцаагч Г.Энхбаяр болон Орог нуур, Түйн голын сав газрын хамгаалалтын захиргаанаас хоёр эмэгтэй зэрэг хүмүүс жил бүрийн ээлжит шалгалтаар очихдоо мод тарьсан нь танай байгууллагын хамгийн том зөрчил гэж зэмлээд, тарьсан модоо буцааж авахыг үүрэгдээд явсан байна. Хэрэв эдгээр тарьсан модоо авахгүй юм бол бүр 27 сая төгрөгөөр торгоно гэж хүртэл зандраад авсан байгаа юм.

Ер нь аливаа ажил амархан бүтчихдэг юм биш. Тэр дундаа мод тарина гэдэг нарийн технологитой, тодорхой хэмжээний өртөг зардалтай ажил. Тэгээд ч байгаль хамгаалах, гол усны түвшинг нэмэгдүүлэх олон талын ач тустай ажил хийчихсэн хүмүүс тарьсан модоо сайхан ургуулах гэж ядаж байхад нь зүгээр суга татаад хаячихна гэдэг ямар ч эрүүл хүн бодоход төсөөлөгдөхгүй. Тийм байхад  өнөөх байгаль орчны байцаагч нэртэй байгаль орчны сүйтгэгч нар тарьсан одоо авчихсан байна уу гэж ахиж ирсэн, ахин дахин утасдсан байгаа юм. Улмаар Шаргалжуут тосгоны байгаль хамгаалагч П.Хүрэлбаатарт даалгавар өгөөд, тэр нь сургуулийн ахлах ангий сурагчдыг дайчлан бүх модыг үндсээр нь сугалаад хаячихсан аж. Нэг жилийн өмнө өөрийн гараар суулгаж байсан модоо сурагчид сэтгэл гундуухан суга татаж хаяав. Үүнийг нь дагаж мод тарьсан Шаргалжуут рашаан  сувиллын захиргааны 4,3 сая төгрөгийн хөрөнгө, олон арван ажилчдынх нь сэтгэл бас хөсөр хаягдаж байгаа нь ойлгомжтой. Одоо тус газрын голын эрэг сэндийчигдсэн хөрс шороотойгоо үлджээ. Хэн ч бодсон ийм тэнэг шийдвэрийг гаргасан нь буруу санагдаад байгаа юм. Энэ буруу шийдвэрээ зөвтгөхийн тулд Усны тухай хуулийн 22.1 болон 2 гэх заалтыг үндэслэсэн гэх. Тэр заалтыг нь уншаад үзэхээр голын эрэг дагуу, ойр хавьд газар тариалан эрхлэхийг, газар хагалахыг хориглосон нь харагдана. Түүнээс биш мод тарьж болохгүй гэсэн ганц ч үг, үсэг байхгүй. Ер нь бол мод тарихын тулд нүх ухдаг л даа.

Тэр нүхэндээ модоо суулгаад буцаагаад хөрсөөр нь булж, тэгшилдэг. Модны нүх ухсаныг газар хагалсан гэж ойлгож, тэр мэдрэмжээрээ бүхэл бүтэн байгууллагын сэтгэл зүтгэл гаргаж тарьсан 250 суулгацыг сугалууж хаядаг байгаль орчны мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын байцаагч байна гээд бодохоор эмгэнэлтэй санагдаад байгаа юм. Ийм л хүмүүс төрийн байгууллагад түмний мөнгөөр цалинжаад, дээрээс нь татвар төлөгчдийн эд хөрөнгөд боловсрол, мэдлэггүй байдлаа гайхуулан төвөг удаж, гай тариад явж байна. Ахиад хичнээн байгууллагын сэтгэл зүтгэл гаргасан бүтээн байгуулалтыг үгүй хийхийг нь хэлж таашгүй. Байгаль орчныг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага нь ийм шийдвэр гаргасан байцаагчдаа хариуцлага тооцох нь битгий хэл, гаргасан тушаал шийдвэрийг нь хэвээр явуулж, Шаргалжуутын эрэг дээрх нялх моддыг зүгээр хяаруулчихлаа. Тиймээс салбарын яам, мэргэжлийн хүмүүс, хариуцлагатай албан тушаалтнууд энэ тал дээр анхаарлаа хандуулж, асуудлаа ярих цаг нь болсон байна.

А.Баярмаа