Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд өмнөх хэргүүдийг цэгцэлж, зөвөөр шийдэх, цаашид хөрөнгө оруулагчдад эрх зүйн орчноо тодорхой, тогтвортой байлгах шаардлагатай болоод байгаа юм. 

Иймд Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамнаас одоогоор мөрдөн шалгах ажиллагаанд буй хэргүүдийг прокурорын зөвшөөрсөн хүрээнд мэдээлж, хэрэг хянан шийдвэрлэх явцыг олон нийтийн хяналтын дор түргэвчлүүлэх зорилгоор танилцуулав. 

Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүний хамаарал бүхий компани руу "Сүрүга Монгол"-ын хувьцаа шилжжээ

"Сүрүга Монгол"-той холбоотой хэрэг шийдвэрлэгдээгүй байгааг албаны эх сурвалж онцолж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүний хамаарал бүхий компани руу энэ компанийн хувьцаа шилжсэн аж. Түүнээс хойш хувьцаа хэд хэдэн удаа шилжсэн байна. "Сүрүга Монгол"-ын гүйцэтгэх захирлыг гүтгэсэн үйлдлийн дараа Г гэдэг хүний хамааралтай компани руу шилжсэн гэдгийг Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар хэлээд "Сүрүга бол Япон улсдаа нэлээд нэр хүндтэй барилгын компани байсан бөгөөд Монгол Улсад их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Ирээд дөнгөж С-1, С-2, С-3 гээд блокоо барьж байтал манайхан булааж авсан" гэв.

зураг

 

"Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт царцах уу, үгүй юу гэдэг нь дэлхий нийтийн тогтоосон дүрэмд захирагддаг"

Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсоны дүү Макс Жонсонтой холбоотой хэрэг одоо хэр нь шийдэгдээгүй байгаа.

Тэрбээр Дэлгэр сумын нутагт байх орд дээр хамтарч ажиллая гээд бэлнээр 19 сая ам.доллар н.Буянтогтох гэж хүнд өгсөн бөгөөд хуулийн байгууллагаар хэргийг шалгуулж байтал шүүхээс хилийн хоригийг нь цуцалж, н.Буянтогтох нь АНУ руу явжээ. Энэ талаар сайд Х.Нямбаатар "Сүүлийн нэг сард Макс Жонсонтой хоёр удаа уулзсан. Гол нь хэлж буй зүйл нь миний асуудлыг шударгаар шийдээд өгөөч гэдэг. н.Буянтогтох нь Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурцтай холбоотой хүн. АНУ-д байгаа. АНУ-ын Элчин сайдын яаманд удаа дараа хүсэлт тавьж, шударга шүүхээр шийдье гэж байгаа. Одоогоор асуудал шийдэгдээгүй байна. Үүнээс гадна н.Буянтогтохтой холбоотой өр, авлагын асуудлууд яригддаг. Арилжааны банкууд, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний охин хүртэл энэ хүнээс мөнгөний авлагатай. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд өөрсдөө гомдол гаргаж, хохирогчоор асуугдсан зүйлгүй, их сонирхолтой" гэлээ. 

Түүнчлэн тэрбээр "Бид ирэх оны гуравдугаар сард ФАТФ-ын өмнө дараагийн тайлангаа тавина. Их Британи манай улсад ямар үнэлгээ тавих нь эндээс харагдана. Зарим зүйлийг тухайн цагт нь мэдээлж болдоггүй.

2020 оны аравдугаар сард манай улс "Саарал жагсаалт"-аас гарсан. Бид нар холбогдох улсын Элчин сайдуудаас бараг бөхийж зогсож байгаад манай улсын энэ удаад "Саарал жагсаалт"-аас гаргаж өгөөч ээ гэж гуйсан. Зарим хүн "Саарал", "Хар" жагсаалтад орно уу ямар хамаа байна гэдэг. Бүх юм дам байдлаараа холбоотой. Манай гаднын бизнесийн орчин, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт царцах уу, үгүй юу гэдэг нь дэлхий нийтийн тогтоосон дүрэмд захирагддаг. Хэн нэг явуургүй нөхдийн бусармаг үйлдлээс улсаараа хохирох уу гэдгийг шийдэх ёстой" гэлээ. 

Аймгийн Засаг дарга нь гадаад хөрөнгө оруулалттай компанитай 7.5 тэрбумын гэрээ хийжээ

Б аймгийн Засаг дарга М гэж хүн гадаадын хөрөнгө оруулалттай Э гэдэг компаниас 7.5 тэрбумын санхүүжилт авч, гэрээ байгуулжээ. Үүнтэй холбоотой асуудал өнөөдрийн байдлаар шүүх дээр байгаа аж. Гэтэл саяхан Э гэх компанийн лицензийг цуцалъя гээд тэр нутагт нь нэр дэвших гэж байгаа улстөрч туслахаа явуулсан байна.