Хөгжлийн Банканд найман ТӨК-ийн ₮903 тэрбумын зээлийн өрийн үлдэгдэл байна
2022/11/16
Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлтийг арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар танилцуулж байна.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 784.2 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийгджээ. Үүнээс
- 696.3 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр,
- 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна.
Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдсаныг Хөгжлийн Банк танилцууллаа.
Энэ сарын 15-ны байдлаар тус банканд 53 зээлдэгчийн 2.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэл байгаа аж.
Үүнээс
- 31.7% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 903.1 тэрбум төгрөг
- 68.3% нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.