БЗДХ, ХДХВ/ДОХ-ын талаарх үндэсний наймдугаар чуулган Туушин зочид буудалд өнөөдөр болов. 

Энэ үеэр бэлгийн замын халдварт өвчний зонхилон тохиолдох тэмбүү, заг хүйтэн, трихомониазын талаар ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхам мэдээлэл өгөв.

Тэрбээр "Энэ оны эхний 10 сарын байдлаар 8,875 бэлгийн замын халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн. Тэмбүү, заг хүйтэн, трихомониаз өвчнийг бэлгийн замын зонхилон тохиолдох өвчин хэмээн үздэг. Эдгээр гурван өвчин 8,000 гаруй бүртгэгдсэн гэсэн үг. Энэ нь нийт халдварт өвчний 2.9 хувийг эзэлж байгаа юм. 

Бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг бууруулах гол хүчин зүйл хувь хүнээс шууд хамаарна. Өөрөөр хэлбэл, хувь хүн өөрөө өөрийгөө хамгаална. Эрсдэлгүй бэлгийн хавьтлыг чухалчилж үзэх ёстой гэсэн үг. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагууд тусламж үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг хангах ёстой" гэв.

Монгол Улсад энэ оны эхний 10 сарын байдлаар бүртгэгдсэн өвчлөл, 

  • Тэмбүү өвчин 3,239 
  • Заг хүйтэн 3,284 
  • Трихомониазын 2,338 тохиолдолд бүртгэгдсэн талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан хэлсэн юм. 

Энэ талаар түүнээс үргэлжлүүлэн тодруулахад "Сүүлийн гурван жилийн хугацаанд буюу цар тахлын үед бэлгийн замаар дамжих халдварт өвчний тархалт 40-50 хувь буурсан. Өөрөөр хэлбэл, КОВИД-19 эерэг болон сөрөг хоёр талын нөлөө үзүүлсэн. Тодруулбал, 

Коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ буюу тусгаарлалт, хязгаарлалтын дэглэм, хувь хүнд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ нь бэлгийн замаар дамжих өвчний тархалтыг бууруулахад эергээр нөлөөлсөн.

Нөгөө талаас эмнэлгийн хүний нөөц, тоног төхөөрөмж, дэд бүтцээ цар тахлын халдварыг бууруулахад ашигласан. Улмаар бэлгийн замын халдварт өвчний илрүүлэг багассан. 

Дээр дурдсан 8,000 гаруй тохиолдлын тоог өмнөх 10 жилийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад өсөөгүй. Бэлгийн замын өвчлөл 2020 он хүртэл тогтвортой өндөр байсан бол 2021 онд бүртгэгдсэн тохиолдлын тоо буурсан. Харин 2022 оноос илрүүлэг, үзлэг шинжилгээ хэвийн байдалд орж байгаа учраас БЗДХ-ын тоо коронавирусийн үеэс нэмэгдсэн дүр зурагтай харагдаж байна" гэлээ. 

Мөн үргэлжлүүлэн "Коронавирусээс өмнө буюу 2019 оны судалгаагаар нийт хүн амын дунд тэмбүү өвчний тархалт нэг хувьтай байсан. Энэ оны эрүүл мэндийн эрт илрүүлгийн дата мэдээллээс харахад өвчлөл 1.6 хувьтай болсон байна. Түүнчлэн эрсдэл бүхий бүлгүүдэд 5-15 хувийн тархалттай байна. Тэмбүү өвчин манай улсын нийт хүн амын дунд бага тархалттай. Харин эрсдэл бүхий бүлгүүдэд өндөр тархалттай байгаа

Монгол Улсад 1192 онд ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэн байдаг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ДОХ-ын нийт 344 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 286 иргэн идэвхтэй эрүүл мэндийн хяналтад байгаа бол 58 хүн нас барсан байна. Энэ жил манай улсад ХДХВ/ДОХ-ын 17 тохиолдол нэмж бүртгэгдсэн" гэлээ.