Нийслэлийн хэмжээнд сүүлийн 11 сарын хугацаанд "Тоёото Приус" маркийн автомашины зөөлөн яндан алдагдсан 65 хэрэг гарчээ.

Энэ тухай цагдаагийн байгууллагаас "Өнгөрсөн дөрвөн жилийн байдлаар дээрх маркийн автомашины зөөлөн яндан алдагдсан талаар нийт 892 мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс 129 нь 2021 онд, 65 нь сүүлийн 11 сард гарсан байна" гэлээ.

Мөн тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан буюу катализаторын ажиллагааны байдлыг тодорхойлох зорилгоор MNS:5013:2009 стандартад тулгуурлан үйлдвэрийн яндантай, БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймал яндантай, яндангүй гэсэн гураван төрлийн нөхцөлд тээврийн хэрэгслийн яндангаас хаягдаж буй бохирдуулах бодисын хэмжээг хэмжиж, харьцуулалт хийсэн тухай мэдээлэв.

Уг харьцуулалтын үр дүнгээр үйлдвэрийн яндантай тээврийн хэрэгсэл бага эргэлттэй үед тухайн тээврийн хэрэгслээс агаарт хаягдах СО /нүүрстөрөгчийн дутуу исэл/-ийн хэмжээ яндангүй тээврийн хэрэгслийнхээс 4.5 дахин бага гарчээ.

Харин их эргэлттэй үед үйлдвэрийн яндангаас СО-ийн ялгарах хэмжээ яндангүй тээврийн хэрэгслээс 6.8 дахин, дуураймал яндангаас 4.3 дахин бага ялгаралтай байсан аж.

Иймд дээр дурдсан хорт бодисыг шүүхэд нүүрсэн яндан буюу катализатор нь чухал үүрэгтэй бөгөөд тээврийн хэрэгслийг үзлэг оношилгооны үед яндангийн байдлыг харгалзах зайлшгүй шаардлагатай гэв.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1,259,868 автомашин хөдөлгөөнд оролцож байгаагаас 676,974 нь буюу 53.7 хувь нь Улаанбаатар хотод, 582,894 буюу 46.3 хувь нь орон нутагт байна.

Мөн нийслэлд Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл 133,235 байдгаас

  • Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэл 67,456 буюу 50.6 хувь,
  • Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл 50,631 буюу 38 хувь,
  • Toyota prius-40 маркийн тээврийн хэрэгсэл 15,148 буюу 11.3 хувийг эзэлж байгаа аж.