Д.Кёкүшюзанбатбаяр нарын шүүх хурал дахин хойшиллоо
2022/12/21
Д.Кёкүшюзанбатбаяр /иргэний үнэмлэхэд бичигдсэн албан ёсны нэр болно/ нарын нэр бүхий 4 шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 09:30 цагт явуулахаар тов зарлажээ.
Гэвч Нийслэлийн прокурорын газраас тус шүүх хуралдаанд оролцох хяналтын прокурор П.Ганбулган, М.Очбадрах нар нь олны анхаарал татсан хэргийн ажлын хэсэгт ажиллаж байгаа тул шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэсэн албан тоотыг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх хүлээн авч хуралдааныг 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 13:30 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эргэн сануулахад хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн өнгөрөгч гуравдугаар сард Нийслэлийн прокурорын газарт буцаасан. Улмаар шүүгдэгч нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм.
Прокурорын байгууллагаас нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг дуусган энэ оны аравдугаар сарын 21-нд шүүхэд хэргийг шилжүүлсэн. Шүүхэд шилжсэнээс хойш ийнхүү гурав дахь удаагаа шүүх хуралдаан хойшиллоо.
Прокурорын байгууллагаас Д.Кёкүшюзанбатбаяр Н.Болормаа, Б.Цэрэндорж, Т.Баясгалан нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй.
17.3 дугаар зүйл.Залилах
2.2. бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
18.6 дугаар зүйл.Мөнгө угаах
1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн асан, Д.Кёкүшюзанбатбаяр түүний эхнэр МУГЖ, дуучин Т.Баясгалан нар өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан.
Улмаар зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаад буй юм.
Зочин · 2022/12/21
Энэ шүүхийг яах вэ?