Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх Ч.Мөнхбаярт оноосон 10 жилийн хорих ялыг Дээд шүүх хэвээр үлдээв
2022/12/22
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2022 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Сануулахад, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Ч.Мөнхбаярыг “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Дараа нь нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны есдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд хуралдаж, Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон юм.