“Оюутолгой” компани цомхтголд өртсөн ажилтнууддаа сануулга өгчээ
2014/06/07
"Rio Tinto” компани бизнесийн үйл ажиллагаа тааруу байгаа гэсэн шалтгаанаар нэг тэрбум ам.долларын хэмнэлт гаргахаар шийдэн салбар компанийн ажилтнуудаа цомхтгохоор болжээ. Энэ хүрээнд "Оюутолгой” компани өнгөрсөн долоо хоногт 300 ажилтнаа халсан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг ирэх долдугаар сарын 14-нд цуцлахаар болж, энэ тухайгаа хуулийн дагуу 45 хоногийн өмнө ажилтнуудад мэдэгдсэн билээ. Тэгвэл цомхтголд өртсөн ажилтнууд МҮЭХ-нд ханджээ. Энэ талаар тус холбооны Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Ганболдоос тодрууллаа.
-Халагдах мэдэгдэл авсан 300 ажилтны хэд нь үндсэн болон гэрээт байсан бэ. Тэдэнд гэнэт халагдсаны мөнгийг яаж тооцож олгох юм бол?
-"Оюутолгой”-н цахим хуудсанд тавьсан мэдээлэлд 300 хүний 200 нь үндсэн, 100 нь туслан гүйцэтгэгч компанийн ажилтнууд гэж байсан. Үүнээс өөр тодорхой мэдээлэл Уул, уурхайн яам, Хөдөлмөрийн яам болон манайд ч алга. "Оюутолгой” компаниас ажилтнууддаа өгсөн мэдэгдлийг өчигдөр (уржигдар) зарим ажилтан нь бидэнд үзүүллээ. Тус мэдэгдэлд хууль зөрчсөн, дарамталсан, айлгасан шинжтэй заалт олон байна.
Тухайлбал, ажлаас халагдах мэдэгдэл хүлээн авсан хугацаанд зөвхөн үндсэн цалин олгоно гэсэн байна лээ. Гэтэл ажиллах хугацаанд хээрийн 13 хувийн нэмэгдэл, илүү цагийг тооцох ёстой. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээний нууц мэдээллийг задруулбал ажлаас халагдсаны тэтгэмж олгохгүй гэж бичсэн нь сүрдүүлгийн шинжтэй сонсогдож байна. Аливаа байгууллагад бизнесийн болон байгууллагын нууц гэж байхаас хөдөлмөрийн гэрээний нууц гэж байдаггүй.
-Та бүхэн тэдгээр хүмүүсийн эрх ашгийг яаж хамгаалах гэж байна вэ?
-"Rio Tinto”-гийн асуудал бидэнд хамаагүй. "Оюутолгой” хэдий гадаадын хөрөнгө оруулалттай компани ч Монголын уурхайд монгол ажилчид байгаа тохиолдолд бидэнд хамаатай асуудал байх болно. Ерөнхий сайд сэтгүүлчидтэй 30 минут уулзахдаа "Оюутолгой” компанийг өмөөрсөн шинжтэй зүйл ярьсан болохоор тэд ажилтнуудаа "баатарлагаар” халж байна. Дахиад ч халах мэдээлэл байгаа. Тиймээс Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлэх болно.
-Хэдээс хэдэн насныхан, ямар мэргэжилтэй ажилтнууд байсан гэх зэрэг мэдээлэл бий юү?
-Уг нь ийм мэдээллийг бүх газар авсан байх ёстой. Харамсалтай нь хаа хаанаа ч мэдээлэл байхгүй байна. Манайд 10-аад хүн хандсан. Бусад нь тэтгэмжээ авч чадахгүй гэсэн айдастай байгаа тул бидэнд хандаагүй. Ажлаас халагдсан хүн бүр цалингийн зээлтэй байгаа гэсэн. Ер нь халахгүйгээр зохицуулах арга олон байсан гэлээ. "Оюутолгой” компанийн Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн мэргэжилтнээс дээрх мэдээлэлтэй холбогдуулан тайлбар хийх, эсэхийг нь тодруулахад "Одоогоор хариу мэдэгдэл гаргах талаар мэдээлэл ирээгүй. Гэхдээ үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудтай хэлэлцээр хийнэ байх гэж таамаглаж байна” гэв.
Б.БЯМБА
http://mongolnews.mn/i/52609
Зочин · 2014/06/08
До********ын ханш тэнгэрт хадсан, банк зээл олгохгүй , төрийн албан хаагчид байнга үндэсний үйлдвэрүүдээ байнга дарамтлаад байхад энэ хэдхэн үндэсний үйлдвэрүүд чинь сүйрч бхйна шүү дээ.
Зочин · 2014/06/08
MEDEGDEH HUUDSAA YDAJ HED HONOGIIN OMNO OGOHGUI SHUUD AJILDAA IRSEN ODOR NI GAR GESEN
Зочин · 2014/06/08
BLUE SKY CH BAS 200-N AJILTAN HALSAN TEGEED GENET HALAGDSANII MONGO NI 7-HON HONOGIIN MONGO OGNO GESEN ARAI HETERHII!!!!!!!!