Сүүлийн үед эрх баригчид аливаа зүйлд мухар сүсгийн шинжтэй шийдвэр гаргадаг "мода" дэлгэрчээ.  Тухайлбал 100 хоногийн дотор хямралаас гарна, 888 төсөл хэрэгжүүлнэ  гэх мэт тэнгэрээс авсан тоогоор үйл хэргээ үргэлжлүүлэх болсон.  

 

Үүнийг нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж шүүмжлээд авсан юм. Тэрбээр”Та нар бөөгийнхөө тойргоос гараач ээ. Дээшээ харж гал түлсээр байтал энэ улс орон чинь хямарч дууслаа. Цөмөөрөө бөө боллоо. Золбин бөөгийнхөө тойргоос хурдан гараач” хэмээн хатуухан хэлээд авсан юм.

 

Тиймээс эрх баригчид төрийн ажилд ажил хэргийн биш мухар сүсгийн байдлаар ханддаг болсон хэмээн олон нийт шүүмжлэх болсон билээ.

 

Тэгвэл үүнийг батлах бас нэгэн үйл явдал өнгөрсөн амралтын өдөр болжээ. Тодруулбал нам дотроо хамгийн боловсролтой хэмээн үнэлэгддэг. “Алтангадас” фракцынхан өөрсдийн овоогоо өнгөрөгч бямба гарагт тахиж ёслол үйлдсэн  талаар эх сурвалж дуулгав.

Зуны эхэн сарын шиний наймны билэгт сайн өдөр 17:00 цагт тэдний Цончинболдог дахь овооны тахилга албан ёсоор эхэлж тус фракциас төр засгийн өндөр албан тушаал хашиж яваа томчууд, идэвхтэн гишүүд нь өргөнөөр оролцсон байна. Тахилгад оролцогчид Цончинболдогт байрлах “Хаан жимс” амралтын газарт тухалсан бөгөөд тус амралтын газар нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийнх аж.  Тэрээр энэхүү тахилгад  өөрийн биеэр оролцож фракцынхнаа нэгтгэсэн  гэх.  Ийнхүү амралтын өдрөөр дарга нар улс эх орноо дээд тэнгэртээ даатгаж ард иргэдийнхээ буян заяаны төлөө залбирчээ.    

Б.Цацрал