Өчигдөр 16 цагт эхлэх ёстой хурал 17 цаг нэлээд хэвийлгээд эхэлдэг юм байна. Өдрийн 12.00 цагаас холын хэсгийн иргэд ганц нэгээр ирж хэсгийн байцаагч нь 14.00 цагаас хуралтай гэж зарласанд бухимдан буцацгааж, Хорооны Засаг даргын явуулга байна гэж тодотгон зарим нь 16.00 цагийг тэвчээртэйгээр хүлээлээ.

15.30 минутын алдад Хонхорын төвд хоёр том автобус дүүрэн хүн буусан нь Засаг даргын тодорхойлсоноор холын хэсгийн иргэд, иргэдийн үзэж буйгаар бол Засаг даргын фен клубынхан буюу манай хороотой ямар ч хамаагүй хөндлөнгийн дэмжигчид юм байх. Тэр нь ч үнэн болж таарсан. Цагдаа цэргийн аль нэг сургуулийн сонсогчид бололтой тэвхийсэн залуучууд голдуу, цөөвтөр тэтгэврийн насны эмгэд өвгөд автобуснаас газардсан юм.
     Камераар бичлэг хийлээ энэ тэр гэж хүмүүсрүү дайрч давшилж, атман зан гаргаж байгаа нь яалт ч гүй Засаг даргын талын болоод учраа мэдээгүй яваа оюутнууд бололтой. Хурлын цаг болж, танхимруу орох болоход автобусаар ирсэн Засаг даргын хүмүүс дайрч орсоноор хорооны жинхэнэ иргэд хаалганы гадна багталгүй хоцорлоо. 
    Яг ингэж хуралддагийг нь мэддэг хорооны хашир иргэд тэдэн дунд чихцэлдээд орохоо бас мэддэг юм байна. Дотор орсон өнөөдүүл хашгирч эсэргүүцэж, иргэний үнэмлэхээрээ хуралдаа орохыг шаардсаны эцэст арайхийн тэднийг дотроос нь хөөн гаргав. Харин автобусаар ирсэн хүмүүс нь эхлээд орчихсон байхад юу юугүй хурлаа эхлүүлчих гээд байсан Засаг дарга Отгонханд гэх эмэгтэй хорооныхоо жинхэнэ иргэдийг орсоны дараа гараад гүйчихэв. Тэрбээр энэ хорооны иргэдийн нүүрийг харах эрхгүй нэгэн бололтой. Тийм ч учраас өөр хорооны иргэдийг авч ирж хуралдаж ажлаа тайлганадаг болсоор хоёр жилийн нүүр үзэж байгаа гэнэ. Гадаа автобусныхаа хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлчихсэн, хурал эхлэлгүй тарахыг хүлээгээд элгээ тэврэн доогтой нь аргагүй инээгээд л... ёстой хувилсан бурхан шиг ааштай "мам" байсан тэр. 
       Хурал ч "засаг"-ийг орж ирэхийг хүлээгээд хоёр цаг болов. Иргэд дайрч давшиж, хилэгнэж байж, дүүргээс ирсэн төлөөлөгчдийн хүчинд сая хурлаа эхлүүлэв. Тэр үеэр гадаа зодоон болсон нь Засаг даргыг хуралдаа суугаач гэж шаардсан эмэгтэйг Засаг даргын нөхөр заамдаж авч нармайг нь нээсэн явдал байлаа. Хурлын дэг ёсоор ахиад л Засаг даргын ажлын тайланг хэлэлцэх боллоо. ИНХ-ын дарга н.Гомбогаравын хэлсэнээр бол Засаг дарга аль хэдийн ажлаа тайлагнаад өрх болгонд хүргүүлчихэж. Харамсалтай нь эхлээд олж үзсэн хүн гарсангүй. Удалгүй эмнэлгийн ажилтан бололтой нэгэн эмэгтэй хөөцөлдөж байж олж үзсэн тухайгаа ярилаа. Мөн тэр тайланд нь Засаг даргын санаачилсан болоод дэмжсэн ажил ширхэг ч байгаагүйг уламжиллаа. Тухайлбал тус хорооны эмнэлгийн шинэ байр баригдахад Засаг дарга бус эмнэлгийн ерөнхий эмч Гагийнаа хөөцөлдөж байж бариулсан бөгөөд одоо ашиглалтанд хүлээж авахуулах бусад асуудлуудыг ч өөрийн биеэр хөөцөлдөж явааг нь хэлэв. Мөн Улаанзагалмайн дэмжлэг санхүүжилтээр баригдсан обьектыг өөрийнхөө хөөцөлдөлгөөр босгосон мэт дурьдсаныг, өөрийн дэлгүүрийнхээ өргөтгөлийг Хорооны залуучуудын Соёлын төв нэртэйгээр ашиглалтанд хүлээн авсан зэрэг хувь хувьсгалыг хослуулсан ажлуудыг нь дурдлаа. 
       Үнэндээ Хонхорт тэдний дэлгүүр л хууль дүрэмд захирагддаггүй цорын ганц дархан эрхтэй нь л дээ. Сар бүрийн 1-ний өдрөөр хэнээс ч айж, цочилгүйгээр архи пиво худалдаалж, шөнийн 00 цаг хүртэл тааваараа ажиллаж, "нээлттэй" үйлчилгээ явуулна. Тэр бүү хэл насанд хүрээгүй хүүхдүүдийн гар утсыг барьцаалж, согтууруулах ундаагаар үйлчилдэг аймшиггүй зоригтой нь тэднийх гэнэ. Бусад хэнбгуайн ч дэлгүүр 22.00 цагт амжиж хаалгаа барихгүй бол хаанаас ч юм бэ цагдаа бирд шиг гэнэт гарч ирээд л торгочихно. Тэгэхгүй бол цагдаагаа яаж дарамтлахаа ч өөрөө бас мэддэг бололтой юм билээ. Бас болоогүй Хонхорын иргэд өөрийг нь дэмждэггүй учир ямарч тодорхойлолт нэг ч иргэнд гаргаж өгөхгүй гэсэн ам андгай ч гаргасан гэж байгаа. 
      Энэ мэтчлэн Засаг дарга н.Отгонхандыг шүүмжилсэн, хууль зөрчсөн, хувьдаа үйлчилсэн үйлдэл болгоныг хэлэлцлээ. Нэн ядуу иргэдийг хүнсний 20000 төгрөгний талоноор нь барьцаалж дарамталдаг ч гэх шиг, өндөр настнуудын ямар нэг баяр ёслолоор очих ёстой бэлэг сэлт боов боорцог үр хүүхдэд нь өстэйн улмаас очдоггүй ч гэх шиг... за даа тэр хүний талаар нэг ч олигтой үг чих оносонгүй. Бүр хүүхдийн баяраар өгөх ёстой бэлэг хурлын өглөө гэрт нь гэнэт хүрсэн гэнэ. Хөөрхий бэлгийг хүргэж өгсөн хорооны нийгмийн ажилтан Засаг даргынхаа өмнөөс олны өмнө улалзаж, түүний буруу мэт иргэд дайрч давшилж, эвий охинд өнөөх бэлгийг нь тэврүүлэн зураг дарж санаагаа амраацгаав. Түүний дараагаар ИНХ-ын дарга Гомбогараваас хийсэн ажлынх нь талаар лавлахад бараг юу ч хийгээгүй гэдгээ хээв нэг зарлаж офицер зангаа гаргасан. Бэлтгэл хурандаа гэдгээ хэлж, иргэдийн өмнө цолоороо далайлган, шулуун шударга гэдгээ хэлэхээ мартсангүй. Эцэст нь Засаг даргын ажлыг дүгнэхээр болоход, "хангалтгүй ээ..." хэмээн хашхиралдаж, үг дуугүй унагаахад санал нэгдэн 167 иргэн зуун хувийн саналаар Засаг даргаа огцрохыг шаардлаа. 
       Энэ мөчийг хүртэл цонхны цаана хүлээсэн Засаг даргын цуглуулсан багийнхан ч уван цуван тарж харагдав. Иргэдийн саналын дагуу ИНХ-ын тогтоол гарч, манай хорооны иргэд нуруун дээрээсээ хүнд ачаа авсан мэт санаа амарцгаан гарахаар босцгоолоо. Энэ үеэр цагдаагийнхан яаралтай мэдээлэл хийж, гарахдаа болгоомжтой байж хүмүүстэй сөргөөцөлдөхгүй байхыг санууллаа. Учир нь өнөөх тэвхийсэн залуучууд хүлээж байгаа бөгөөд цагдаагийнхны хүч хүрэлцэхгүй байж мэдэхийг хэлсэн юм. Гэхдээ хурал өндөрлөхөд бүгд тараад явцгаасан, харин ганц нэг машины дугуй хагалсан зэрэг хорлох маягийн явдал болсон байв. Иргэд үнэнээсээ бухимдсан байсан. Харин Засаг дарга хуралдаа суусан бол бүр халуухан болох байлаа. Бараг л хуралдаа суусан л даа. Цонхны цаанаас хурлын үйл явцыг харж зогсохдоо дотор нь арзасхийж байсан байлгүй. Олон ч хүний тавагтай хоолноос зууралдаж булааж авсан хүн гэдэг нь хурлын явцад мэдэгдсэн. Ер нь дарамтаар л ажлаа явуулдаг юм билээ. Дарангуйлагч ч гэж хэлж болно. Учир нь миний бие утсаар шаардлага тавьсаныхаа төлөө нэлээд өндөр зангирсан хоолойгоор нь зандруулаад авсан удаатай. Хорооны жижүүр хүртэл огцоруулахаар болсонд баярлачихсан гүйж явна билээ. Хорооны хурал гэж нэг иймэрхүү л юм болдог юм байна.

Н.Дөл