Хот тохижилтод шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд 2022 онд дөрвөн тэрбум төгрөг төсөвлөгдөж, зам талбай цэвэрлэх 28 машин шинээр авсан гэдгийг Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг хэлсэн юм.

Энэ талаар түүнээс тодруулахад “Хот тохижилтын газар нийслэлийн хэмжээнд 185.8 км зам, төвлөрсөн хогийн гурван цэгийг хариуцан ажилладаг. Тиймээс хот тохижилтод шаардлагатай гэж төсөвлөсөн 2022 оны хөрөнгөөс нэг бульдозер, үлдсэн 3.5 тэрбум төгрөгт нь зам талбай цэвэрлэх 28 машин авсан.

2018 онд авсан 20 машины 17 нь ажиллагаатай байгаа бөгөөд одоо нийт 44 машинаар явган хүний зам талбай цэвэрлэж байна.

Анхны 20 машин нэг бүрийг 147.5 сая төгрөгөөр, сүүлд авсан машиныг 125.7 сая төгрөгөөр худалдаж авсан. Ингэхдээ манайд ирүүлсэн үнийн саналыг харьцуулан моторын хүчин чадал, дугуйн диаметр, даац, шүүрийн хэмжээ зэргийг харгалзаж үзсэн" гэсэн юм.