“Нэр бүхий этгээдүүд нь бүлэглэн архины хамаарал бүхий, орон гэргүй иргэдийг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах “Их Нарт”, “Хүрэн морьтын даваа” гэх газруудад зорчих эрхийг хязгаарлан, эрхшээлдээ байлгаж албадан хөдөлмөрлүүлсэн байж болзошгүй” гэх гэмт хэргийн талаарх гомдлыг 2023 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр ЦЕГ-т хүлээн авчээ. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Албадан хөдөлмөрлүүлэх/ хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, “Г” нарын 4 иргэнийг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна.

Шалгалтын явцад нэр бүхий 21 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, хохирсон байж болзошгүй иргэдийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийг шуурхай томилон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ “Г” нар нь “Самарт авч явна” гэх утгатай зарыг фэйсбүүк орчинд байршуулан иргэдийг самарт авч явж, олсон ашгийг 40:60 харьцаатай хувааж авахаар сайн дурын үндсэн дээр тохиролцож явсан. Ингэхдээ зарим иргэдийн цалин хөлсийг тухай бүр өгөөгүй, хохирогч нарын биед халдсан зэрэг нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож байна. 

Иймд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах “Их нарт”, “Хүрэн морьтын даваа” гэх газруудад самарт явж, уг хэрэгт ямар нэгэн байдлаар хохирсон иргэд байвал Эрүүгийн цагдаагийн албаны 262066, 262425 дугаарын утсаар болон бичгээр гомдол, мэдээллийг хүлээн авч байна. 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт болон хэргийн оролцогч нарт хөндлөнгөөс нөлөөлөхийг хуулиар хориглодог бөгөөд хэргийн талаар цахим орчинд олон нийтэд ташаа мэдээлэл түгээж байгаа нь хэргийн нотлох баримт устах, оролцогч нарт хууль бусаар хөндлөнгөөс нөлөөлөх, холбогдогч нар оргон зайлах зэрэг бусад болзошгүй эрсдлийг бий болгож байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.