Улсын Ерөнхий Прокурорын Газар(УЕПГ)-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр бусдын толгой дээр халуун кофе асгасан Б.Ариунзаяад холбогдох хэргийн талаарх сэтгүүлчийн асуултад албаныхан хариулав. 

УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ч.Батбаяр "Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна хэмээн үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байдаг. Энэ хэргийн талаар Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн прокурорууд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх.

Кофе асгасан асуудал дээр нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцуулаагүй" гэв. 

УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Долгион "Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байгаа. Шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

Үүнийг прокуророос эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж, түүнд холбогдох хэрэг одоо нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээр байгаа. Давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдээгүй, шийдвэр гараагүй байна" гэлээ.