Цахим орчинд хувь хүмүүс сугалаа явуулах тохиолдол цөөнгүй. Оролцогчдоос тодорхой хэмжээний мөнгө хурааж, олны танил хүмүүс, олон гишүүнтэй фэйсбүүк группүүд сугалаа зохион байгуулдаг. 

Тэгвэл энэхүү үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьдаг, татвар ногдуулдаг эсэх талаар холбогдох байгууллагуудаас тодрууллаа. 

Эд, мөнгөний хонжворт сугалаа явуулах үйл ажиллагааны зөвшөөрлийг зөвхөн хуулийн этгээдэд Сангийн яамнаас олгодог аж. Харин хувь хүнд хонжворт сугалаа явуулах зөвшөөрөл олгодоггүй юм байна. Тиймээс цахим орчинд хувь хүний явуулж буй хонжворт сугалаа хууль бус гэж ойлгож болох нь. 

Сугалааны хонжворт хэрхэн татвар ногдуулдаг талаар Татварын байгууллагаас "Эд мөнгөний хонжворт сугалаа, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр зохион байгуулах ёстой. Сүүлийн үед иргэд цахим орчинд уг үйл ажиллагааг зохион байгуулж байна. 

Холбогдох зөвшөөрлийг Сангийн яам болон Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авах ёстой. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгийн 40 хувиар тооцно. Хуулийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан гэдэг нь хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх, хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй" гэдгийг хэллээ. 

Өөрөөр хэлбэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасанчлан тухайн иргэн хонжворынхоо үнийн дүнгийн 40 хувийг татварт төлөх аж. Гэхдээ энэхүү заалт нь зөвхөн хуулийн этгээдийн зохион байгуулсан хонжворт сугалаанд хамаарах юм. 

Харин хонжворт сугалаа явуулж буй хүнд ямар хариуцлага тооцдог талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цахим орчинд зохион байгуулж буй сугалаанд хяналт тавих боломжгүй. Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй бол цагдаагийн байгууллага шалгана. Өөрөөр хэлбэл иргэнээс гомдол, мэдээлэл гаргасан тохиолдолд цагдаа шалгах боломжтой. Бусад тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хороо цахим орчинд явуулж буй сугалаанд хяналт тавина" гэдгийг хэллээ. 

"Цахим орчны контентын талаарх зохицуулалт бүхий хууль эрх зүйн орчин одоогоор бүрдээгүй. Хүүхэд хамгааллын чиглэлээр зохицуулалт хийж ажиллаж байна. Түүнчлэн эрх бүхий байгууллагаас хууль бус контентын талаар шаардлага ирвэл технологийн зохицуулалт хийдэг" хэмээн Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос тайлбарлав. 

Хувь хүмүүсийн цахим орчинд явуулж буй сугалаа нь хууль бус учир аль нэг байгууллага хариуцан хяналт тавих боломжгүй юм байна.