Сүхбаатар аймагт нохойд хазуулсан иргэдэд сүрьеэгийн тарилгыг андуурч хийсэн явдал болсон. Эдгээр иргэдийн биеийн байдлын талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.

ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан "Вакцин андуурч хийлгэсэн есөн иргэн ХӨСҮТ-өөс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа. Зөвлөх баг өнгөрсөн амралтын өдрүүдэд эдгээр иргэдийн шинжилгээ, оношийг баталгаажуулах үйл ажиллагааг хийсэн.

Одоогийн байдлаар есөн хүний биеийн байдал тогтвортой байгаа. Хэсэг газрын хүйтэн буглаа үүссэн байсан нь сайжирч байна. Иргэдийн элэгний болон бусад хавсарсан эмгэгүүдийг давхар оношлох тусламж үйлчилгээг зөвлөх багийн удирдамжийн дагуу хийж байгаа.

Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх тарилгыг 24 цагийн дотор нярай хүүхдэд хийдэг. Вакцины хариу урвал 6 сар хүртэлх хугацаанд үргэлжлэн сорви тогтож эдгэдэг.

Эмчлүүлж байгаа есөн иргэдэд хэсэг газрын хариу урвалууд илүү тод байгаа, хүндэрсэн байдал үүсээгүй. Эдгээр иргэн дотор элэгний B болон дельта вирусийн хавсарсан эмгэгтэй хоёр, глинястий оноштой үйлчлүүлэгч бий. Хавсарсан эмгэгүүдийг сэдрээхгүй байхад анхаарч эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Хазсан нохойнуудыг шинжилгээнд хамруулахад галзуугийн вирус тодорхойлогдоогүй. Тиймээс вакцин андуурч хийлгэсэн иргэдэд галзуугийн эрсдэл харьцангуй бага гэж ажлын хэсэг үнэлсэн" хэмээн мэдээллээ.