Бизнесийн харилцааны үеэр монголчуудын гаргадаг нийтлэг алдаа, сайжруулах хандлагын талаар Өвөр Монгол иргэнтэй /түүний зүгээс нэрээ нууцлахыг хүсэв/ ярилцлаа. 

-Сайн байна уу? Таны хувьд хэзээнээс монголчуудтай хамтарч бизнес эрхэлсэн бэ?

-2013 оноос хойш монголчуудтай хамтарч янз бүрийн л бизнесийн үйл ажиллагаа явуулахаар хичээж байна. Эхлээд гэр ахуйн бараа, уул уурхайн тоног төхөөрөмж борлуулах чиглэлээр ажиллаж байсан. Дараа нь аялал жуулчлалын компани байгуулж ажиллуулсан ч цар тахлын улмаас зогсонги байдалд орсон. Харин одоо үйл ажиллагаа сэргэх талдаа орж байна. Мөн том машины сэлбэг борлуулдаг. 

-Монголчууд аливаа төслийг хэрэгжүүлэхдээ, бизнес эрхлэхдээ гаргадаг нийтлэг алдааг та юу гэж хэлэх вэ?

-Өнөөдөр бүтэх зүйлийг маргааш гэж хойшлуулсаар байгаад ажил хэрэг бүтээхэд цаг хугацаа их алддаг. Үүнээс шалтгаалж ашиг орлого олох хугацаа богиносно. Бас нэг хүндрэлтэй зүйл нь хүнд суртал ихтэй. Тухайлбал, бизнесийн нэг үйл ажиллагаа явуулахаар баримт бичгээ хөөцөлдөхөд олон газраар орох шаардлагатай болдог. Тухайн газар бүрээс хариу хүлээж олон хоног зарцуулна. Харин Өвөр Монголд ийм зүйл байдаггүй. Маш шуурхай ажиллаж чаддаг. 

Мөн хууран мэхлэх талдаа сайн. Итгэл даадаггүй. Ачааг барааг минь зараад өгье гээд тохирч, сайн найзууд болсон ч сүүлдээ юу юу ч үгүй хоцорч байсан. Ийм тохиолдлыг миний хувьд олон дуулж байлаа. Мөнгө зээлэхээр их ч бай, бага ч бай тэр чигтээ алга болно. Энэ үеэс хойш хүмүүст ер нь мөнгө зээлж болдоггүй юм байна гэдгийг ойлгосон. Энэ жил ч гэсэн олон жил нөхөрлөсөн таньдаг ах маань мөнгө хэрэгтэй байна гэхээр нь зээлсэн ч бас л сураггүй болсон. Итгэл даадаггүй энэ зан чанар нь бизнес эрхлэхээр хамтарч ажиллахад хэцүү байдаг.

Томоохон компаниудын хувьд сайн гэрээтэй бол хэн нэгэнд хууртах зүйл байдаггүй байх. Харин бусад тохиолдолд бизнес эрхлэхэд хүнд зүйл их бий. Монгол хүмүүс багахан ч байсан мөнгөний бараа харвал шууд хулхидах талаар бодож эхэлдэг юм шиг санагддаг. Ар гэрийг нь сайн таньдаг, баталгаатай гэсэн хүмүүстэй л хамтарч бизнес эрхлэхгүй бол танилцаад удаагүй, хэдхэн жилийн түнш байсан ч юм уу хүмүүст итгэхэд ер нь хэцүү. 

Бизнесээс өндөр үр ашиг хүртэх хамгийн эхний алхам бол бие биеийнхээ итгэлийг олох юм. Гэтэл монголчууд холыг харахгүйгээр багахан ашгийн төлөө итгэл алдаж, хуурч мэхэлдэг. Тэгэхээр л урт хугацаанд хамтарч ажиллахад хүндрэлтэй болоод байна. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалж Өвөр Монголчуудын зарим нь нутаг буцдаг. Тухайн зан чанараа засчихвал бусад зүйл нь аяндаа болох юм шиг санагддаг. 

"Уурхайнх нь нэрийг өөр дээрээ шилжүүлж, хөдөө аваачаад хорьсон байсан"

-Таны эргэн тойронд Монголд үйл ажиллагаа эрхэлж байгаад хохирсон иргэн байгаа юу?

-Ийм тохиолдол зөндөө бий. Уурхайгаа алдсан хүн байгаа. Миний таньдаг найз монголчуудтай хамтарч алтны уурхайн үйл ажиллагаа явуулж байсан юм. Хятадаас хөрөнгө оруулалт татаад лицензээ аваад бизнесээ эхэлсэн байсан. Гэтэл гэнэт түүнийг шахаж хавчаад уурхайнх нь нэрийг өөр дээрээ шилжүүлж, албадан нутаг буцаана гээд, хөдөө аваачаад хорьсон байсан. Бид цагдаад хандаж байж гаргаж авсан юм. Монголд дансанд байсан мөнгийг нь дарамтлаад авчихсан. Хуулийн байгууллагаар зөндөө явсан.

Бүх хүн ийм хогийн зантай биш л дээ. Цөөхөн хэдэн хүнд л бусдыг хуурч мэхэлдэг, эд хөрөнгийг нь дээрэмддэг зан байна. Хүн чинь сайн, муу янз янз шүү дээ. Гэхдээ бизнес хийхэд хамгийн чухал зүйл бол түншлэх хүнээ л зөв олох юм. Ингэхгүй л бол бизнесийн орчин, хууль эрх зүй гээд төвөгтэй зүйл их бий. Мөнгөтэй хүмүүс ирлээ л гэвэл аль болох мөнгийг нь зүгээр салгаж авах арга хайсан хүмүүс их байдаг. 

-Аливаад хандах монголчуудын хандлагыг хэрхэн өөрчлөгдөөсэй гэж боддог вэ?

-Хамтарч нэгдэж ажиллах тал дээр хараахан суралцаагүй байна. Хувиа хичээх хандлага бас ажиглагддаг. Ганцаараа ажилласнаас олуулаа нийлбэл хүртэх үр ашиг ч тэр ахиу байна. Тиймээс амжилтад хүрсэн бол түүнийгээ бусадтай хуваалцаж, үлгэр жишээ болж хамтарч ажиллах нь зүйтэй гэж хэлмээр байна. 

-Монголд бизнес эрхлэхэд хүнд суртал их байгаа талаар түрүүн дурдлаа. Тэгвэл Өвөр Монголд бизнес эрхлэгчдээ хэрхэн дэмждэг талаар ярихгүй юу?

-Орон нутгийн брэндүүд их бий болсон. Жижиг, дунд үйлдвэрийг төрөөс маш сайн дэмждэг гэсэн үг. Үүний тулд хүү, шалгуур багатай жижиг зээл олгодог. Зарим тохиолдолд хүүгүй зээлийг ч банк нь маш хурдан шийдэж өгнө. Барьцаа болон үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөл зэргийг нь харгалзан үзээд зээл олгодог. Ингэснээр бизнес эрхлэгчдийг хөлөө олох, ашиг орлогоо нэмэгдүүлэх, цаашид үйл ажиллагаа улам тэлэхэд нь том тус үзүүлдэг. Харин Монголд зээл авна гэдэг үнэхээр хэцүү.  

-Монголчуудад ямар давуу тал, боломж байна гэж та хардаг вэ?

-Өргөн уудам бэлчээр олон толгой малтай орон дэлхийд цөөхөн. Ийм том зах зээл дээр амьдарч байгаа хэрнээ зөвхөн хоорондоо өрсөлдөөд байна. Уг нь бол хамтраад дэлхийд гарах ёстой. Сайн судлаад үзвэл дэлхий нийтэд хоосон зах зээл бий. Хөдөө аж ахуйн хувьд ч Монгол боломж ихтэй. Ирээдүйд хамгийн баян болох улс орон гэж хардаг. Үүний тулд хүн бүр эв эеэ хичээж, ойлголцох нь чухал санагддаг. Зөв удирдлага гарч ирж, төрийн бодлого сайжирвал аяндаа цэгцэрч, хөгжих болов уу? 

-Цаашид та монголчуудтай аль салбарт хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа бол?

-Энэ жилээс аялал жуулчлал сэргэж байна. 2023-2024 оны Монголд зочлох жил болгон зарласан. Дэлхийн хүмүүсийг нутагтаа татахад анхаарч байна. Визийн асуудлыг хөнгөлж, нислэгийн тоог нэмэхээр болж байх шиг байна. Энэ чиглэлээр ажиллана. Аялал жуулчлалын тухайд дэд бүтэц тулгамдсан асуудал болж байгаа. Ариун цэврийн байгууламжаа сайжруулахаас эхлээд ажиллах ёстой болов уу? Мөн гадаадынхан үргэлж усанд орж байдаг болохоор шүршүүрийн асуудлыг ч шийдэх ёстой болно.