Өнөөдөр үндэсний мэдээллийн төвд “Цагаан сараас өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 хувьцааны ногдол ашгаа авъя” сэдвээр иргэдийн төлөөлөл хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Тус хурлын үеэр иргэн Б.Цэгмид яагаад ногдол ашиг өгөх ёстой талаар өөрийн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Ногдол ашиг тарааснаар нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж олон хүмүүс ярьж байна. Тийм зүйл огт байхгүй. Хөрөнгийн зах зээлийн тухай хуулиар хөрөнгийн зах зээл дээр байгаа компаниуд ногдол ашиг тараах ёстой. Гэтэл энэ хууль хэрэгжихгүй явснаас болж зарим эдийн засагч нар инфляцтай уяж тайлбарлаж байгаа нь туйлын буруу юм. 

Цаашилбал Үндсэн хуулийн 6.2-т стратегийн ордын дийлэнх хувийн өгөөжийг иргэдэд өмчлүүлнэ гэсэн заалттай байна. Засгийн газрын 2007 оны 72-р тогтоолын дагуу 54 стратегийн орд байгаа. Цаашдаа энэ ордуудын дийлэнх хувийг иргэдэд эзэмшүүлэх хэрэгтэй. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ ард түмэн эдэлж чадахгүй өдий хүртэл явж байна. Тиймээс эрх баригчдыг 30 жил мөрдөж ирсэн Үндсэн хуулийг өөрчлөхөөс өмнө стратегийн орд газруудыг ард түмэндээ өг.  Стратегийн ордын дийлэнх гэдэг нь 66 хувиас дээш асуудал яригдана. 

Иргэд ногдол ашгаа авахад инфляцын давлагаа үүсгэхгүйгээр олон боломжтой хувилбараар тарааж болно. Өнөөдөр иргэд өрийн дөнгөнд орсон байна. Бидний байгалийн баялагт дундаршгүй их нөөц байна. Зөвхөн нүүрс гэхэд 165 тэрбум тонны нөөцтэй. Үүний 7.4 тэрбум тонн нь "Эрдэнэс Тавантолгой" ХК дээр байгаа юм. Тус нөөцийг 15 мянган машин, 12 мянган ачааны вагоноор 300 жил зөөнө гэсэн тооцоо гарсан. Миний хүүхдийн хүүхэд хүртэл эх орныхоо баялгаас хүртэх боломжтой. Тиймээс иргэдэд 100 хувь өмчлүүлж ногдол ашгийг нь өгмөөр байна. 

Мөн төрөөс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ашгаар иргэдийн хувьцааг буцаан худалдаж авсан. Энэ муухай үйл ажиллагаагаа зогсоож 41 их наядын ногдол ашгаа иргэдэд тараахыг шаардаж байна" гэв.