Х.Батсуурь: "Эрдэнэс Тавантолгой"-н ногдол ашгийг өгөх хангалттай мөнгө оффшорт байгаа...
2023/02/07
Эдийн засагч Х.Батсуурьтай “ Эрдэнэс Тавантолгой” ХК-ий 1072 хувьцаатай холбоотой асуудлаар ярилцлаа.
Иргэд 1072 хувьцаатай болоод 10 гаран жил өнгөрчээ. Иргэдийн амьдралд энэ хувьцаа ямар өөрчлөлт авчрав?
Иргэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаатай болоод үнэхээр маш их баярлаж байсан. Харамсалтай нь иргэдийн хүссэн үр дүн ерөөсөө гарахгүй байна. Тиймээс ч хүмүүс талбай дээр гарч сар гаруйн хугацаанд жагслаа, хонолоо, эсэргүүцэл үзүүллээ. Энэ үндсэндээ нүүрсний хулгайнаас болсон. Гэтэл нүүрсний хулгайн цаана 1072 хувьцаа байгаад байдаг. 1072 хувьцаандаа эзэн болж чадахгүй байна. Эндээс үр дүн гарахгүй байна гэдэг нь маш тодорхой боллоо шүү дээ. Тэгэхээр үүнийг үр дүнд хүргэхийн төлөө, иргэд 1072 хувьцаагаараа дамжуулж жинхэнэ утгаараа эзэн нь байхын төлөө л энэ тэмцэл явсан. Цаашид энэ тэмцэл үргэлжлэх шинжтэй болоод явчихлаа.
Иргэдийн өмнөөс хэн, ямар албан тушаалтан энэхүү 1072 хувьцаанд анхаарч, хянаж, иргэдийн эрх ашгийг хамгаалж, ажиллаж байх ёстой, үүрэгтэй юм бэ? Иргэд өөрсдөө үүнд оролцох боломж хэр байдаг юм бэ?
Мэдээж бид төр засагтаа л итгэж явж байгаа шүү дээ. Төр засагтаа найдаад 13 жил хүлээлээ. Гэтэл 2019 онд ганцхан удаа ногдол ашиг гэж цөөхөн хэдэн төгрөг буюу хоол, унааны дайны мөнгө л өгсөн шүү дээ. Түүнийгээ брокерийн компаниар дамжуулаад л, татвар энэ тэр гээд есөн шидийн махинаци хийсээр байгаад иргэдийн гар дээр 50, 60 мянган төгрөг л очсон. Ногдол ашгаа өгөхгүй, өгөхдөө хүртэл дундаас нь цавчаа хийнэ. Заавал брокерийн компаниар дамжуулна гээд... Нөгөөдүүл нь 10-20 хувь авч байгаа шүү дээ. Аягүй муухай байгаа байхгүй юу. Төр засагтаа итгэл алдарчихлаа. Хэн хариуцах ёстой юм гэж та асууж байна. Бид төр засагтаа итгэхгүй гээд яах юм. Гэтэл төр засаг гэдэг чинь бүгдийг нь хүчээр авчихаж байна шүү дээ.
Үндсэндээ иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ий 18.4 хувийг нь эзэмшиж байгаа юм. Гэтэл төр засаг 14 хувь нь ард түмний өмч боллоо гэж худлаа яриад л... Арван жилийн хугацаанд ингэж явсан. Яг судлаад үзэхээр юун 14 хувь, 18, 19 хувь шахуу болж байгаа юм.
Буруу мэдээлэл өгч байна гэсэн үг. Ингээд төр засагт итгэх итгэл үгүй боллоо. Тэгэхээр бид яах вэ? Үр дүнд хүрэхийн тулд өөрсдөө тэмцэхээс өөр аргагүй байдалд хүрч байна. Өөрсдөө л явна. Та явна, би явна, ард түмэн өөрсдөө явна. Төр засаг бол “Эрдэнэс Тавантолгой”-г бүхлээр нь залгих гэж оролдож байна гэдэг дүгнэлт гаргахаас өөр аргагүй болж байна. Эргээд судлаад харахаар төр засаг “Эрдэнэс Тавантолгойг” байж байгаад л ард иргэдээсээ булаачих гээд байдаг. Санаж байгаа бол 2015 онд Энержи ресурс, Шинхуа хоёрын консорциумд ердөө 350 сая доллараар өгөх гэж оролдсон. Би гэрээг нь уншиж байсан. 1072 хувьцаа тэнд сураг нь байхгүй. Тэнд хэн ч мэдэхгүй. Падлийгүй. Тэгээд УИХ дээр зогссон. Тэгээд ашгүй зогслоо гээд баярлаж байтал 2019 онд бас нэг нууц хуйвалдаан явагдсан байсан. “Эрдэнэс Тавантолгой майнинг” гэдэг охин компани байгуулж Зүүн цанхийн лицензийг шилжүүлж өгөөд, Хонконгийн бирж дээр IPO гаргаж, 30 хувийг нь 1 тэрбум доллараар зарна гээд гадны хэвлэлээр хүртэл бичигдсэн баримт нь надад байна. Үүнийг бас л арай хийж зогсоосон. Гэх мэтчилэн байсхийгээд л “Эрдэнэс Тавантолгой”-г чинь ард түмнээс салгачих гээд л байдаг. Ингээд байхаар төр засагт хэн ч итгэх аргагүй болчихож байна.
Бас өөр махинаци зөндөө явсан. Улс төрийн зорилготой, давхар цохилттой, нэг сумаар хоёр туулай буудсан явдал болсон. Ирээдүйд асар их үнэд хүрэх үнэ цэнэтэй 1072 хувьцаанд нь баялгийн хишиг хүртээнэ гээд нэрлэсэн үнэ буюу 933 төгрөгөөр ард түмнээсээ буцаагаад авчихсан. Тэрэндээ улс төрийн зорилгоор сонгуулийн саналыг нь давхар авчихаж байгаа юм. 2016 онд мөнгөгүй, өлсгөлөн ард түмний 300 сая төгрөг хүрэх 332 ширхэг хувьцааг нь ердөө 300 мянган төгрөгөөр авчихсан. Ард түмнийг мэдээгүй, зөвшөөрөөгүй байхад нь авсан гээд зөндөө хэл ам явсан. Оюутны төлбөр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал гээд л асар үнэд хүрэх хувьцааг нь ингээд авчихсан. Иймэрхүү байдлыг бид хүлээн зөвшөөрөхгүй ээ. Үүний төлөө бид тэмцэж байна.
Өнгөрсөн 13 жилийн хугацаанд төр засаг иргэдийнхээ 1072 хувьцааны ногдол ашгийг ганцхан удаа олгосон байна. Тэгэхээр бусад жилүүдэд нь тарааж болох байсан мөнгийг төр засаг дур мэдэн зарцуулсан байна гэж үзэж болох уу?
Яг тийм. Би эдийн засгийн тооцоо хийж үзэхэд “Эрдэнэс Тавантолгой” чинь Монголын хамгийн том компани. Юун Оюу толгой. Оюу толгойг теннисийн бөмбөг гэж үзвэл “Эрдэнэс Таван толгой” бол волейболын бөмбөг. Оюу толгой асар их зардал гаргаж ажилладаг бол “Эрдэнэс Тавантолгой” маш бага зардлаар буюу 10 доллар зараад 100 доллар олох боломжтой компани байхгүй юу. Жил болгон ногдол ашиг өгөх боломжтой. Байг гэхэд жил өнжөөд өгч болно доо. Өдийд 5, 6 удаа ногдол ашиг ард түмэндээ өгчихсөн байх ёстой атал ганцхан удаа өгсөн. Тэр өгөх ёстой байсан мөнгөнүүд хаачсан бэ. Байхгүй. Хулгайлаад аваад явсан. Оффшорт байна уу хаана байна. Хачирхалтай нь “Эрдэнэс Тавантолгой” 5, 6 тэрбум долларын борлуулалтын орлоготой байх бүрэн боломжтой атал жилдээ нэг тэрбум хүрэхгүй 800 орчим долларын олоод байгаа юм. Энэ мөнгөөрөө бүтээн байгуулалт хийнэ гээд хийдэггүй. Алга болчихдог. Тэгэхээр ямар ч зээл авах, өндөр хүүтэй бонд гаргаж өрөнд орох шаардлага үгүй. Борлуулалтын орлогоороо бүх төслүүдээ санхүүжүүлээд явах боломжтой компани юм билээ. Энэ компаний 20, 30 хувийг IPO гаргаж болохгүй, шаардлагагүй.
Иргэд ерөөсөө л энэ хувьцааныхаа бодит үр ашгийг л хүртэхийг хүсэж, хүлээж байна шүү дээ. Яавал хүртэж чадаж вэ?
Бид 13 жил хүлээгээд ямар ч бодит үр дүн гарсангүй. Харин ч эрх баригчид ард түмнээсээ энэ компанийг авах гэж 5, 6 удаа янз бүрээр оролдлоо. Одоо иргэд хангалттай хүлээлээ, тэвчлээ, хууртлаа. Ахиж хууртахгүй. Өөрсдөө эзэн болох ёстой. Өөрсдийнхөө төлөөлөл болгож 3 юмуу 4 хүн заавал удирдах зөвлөлд нь оруулах ёстой юм билээ. Оруулсан хойноо дотроос нь 100 хувь, үгүй гэхэд олон улсын жишгээр 70 хувийг нь ард түмэн эзэмшиж болох юм билээ. Ард түмэн эзэмшинэ гэдэг бол Засгийн Газрын оролцоогүй гэсэн үг. Ингэхгүй бол дандаа намын журмаар өөрсдийнхөө хүмүүсийг бялуу хуваах зорилгоор оруулж ирсээр ирлээ. Түүнийгээ бие даасан хараат бус гэж нэрлэдэг. Хэзээ ч тийм биш. Зүгээр л намын үйлчилгээний цүнх барьдаг залуус байдаг. Хулгай, луйврыг нь дэмжээд, гарын үсэг зураад явж байна шүү дээ. Энэ компани бол сүүлийн 10 жилийн байдлаар хамгийн бага даа гэхэд 70 их наяд төгрөг алдсан гэдэг нь үнэн. Энэ бол алдагдсан боломжийн өртөг биш цэвэр алдагдал гэдгийг би онцолж хэлмээр байна.
Эрх баригчид үүнийг яагаад хийхгүй байна вэ?
Залуучууд их үнэн хэлж байна лээ. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэж. Бид өмчийнхөө төлөө тэмцэхгүй бол эд нар эрх мэдлээ ашиглаж идэж уугаад, тоноод, цөлмөөд явж байна шүү дээ. Гадаадад арал авсан л гэнэ, алтан гулдмай болгож байна л гэнэ. Үүнийг өөрсдөө ярьсан шүү дээ. Мөнгөө алтан гулдмай болгож байна гэсэн, тийм үү. Тэр нь үнэн байхгүй юу. Ортой шүү. УИХ, Засгийн Газрын гишүүд өөрсдөө ярьж байна. Хэрвээ бид өөрсдийнхөө төлөө тэмцэхгүй бол эд нар энэ янзаараа л аашилна. Янз бүрийн арга хэрэглэнэ. Тэр БЭТ нь бас л учир дутагдалтай байна л гэнэ. Асар өндөр үнээр тээвэр хийж байна. Иймээс хойшлуулж болохгүй. Ард түмэн тэмцэх хэрэгтэй. 13 жил хууртагдана гэдэг хангалттай хугацаа. Эхний ээлжинд бид маш хяналттайгаар өөрсдийнхөө хүмүүсийг удирдах зөвлөлд нь оруулна. Тэгээд ярьж байгаад 70 юмуу 100 хувь ард түмэндээ хувьцааг нь өгнө.
Далан их наяд төгрөг алдагдсан байна гэж та хэллээ. Тэгэхээр энэ их хулгай дээрэм гараагүй байсан бол, 1072 хувьцаа ном журмаараа явсан бол энэ их мөнгө иргэдэд ногдол ашиг болж очих байсан уу?
Шууд утгаараа тэгж ойлгож болохгүй л дээ. Хичнээн хэмжээний ногдол ашиг тараах вэ гэдгийг ТУЗ шийднэ. Ногдол ашиг өгөх үү үгүй юу гэдгийг бас шийднэ. “Эрдэнэс Тавантолгой” бол байнга ашигтай ажиллаж байгаа шүү дээ. Цэвэр ашиг нь асар их өндөр. Хэрвээ ТУЗ-д 1072 хувьцааны төлөөлөл орох юм бол ногдол ашиг ч өгнө, бүтээн байгуулалтанд ч зарцуулна. Миний тооцоогоор жилд нэг сая төгрөгний ногдол ашгийг бол элбэг олгох юм билээ. Боломжтой юм байна лээ. Тэгээд хамгийн гол онцлог зүйл юу вэ гэвэл энэ компани бол бусад компанитай огт ижилгүй, онцгой юм билээ. Учир нь одоогийн хурдаар явбал 150-300 жил ажиллах нөөц, бололцоотой. Дан ганц нүүрсээр ажиллах бус нүүрсээ хий болгох боломжтой. Тэртээ тэргүй метаны хий илэрсэн. Дагалдах үйлдвэрлэлүүд бий болгох юм бол “мөнхөд” байна гэсэн үг. Тэгэхээр хувьцааг нь өвлүүлэх ёстой. Ингээд бодохоор энэ бол гайхалтай компани. Зардал маш бага гардаг. Хэдхэн км яваад хил гарчихна. Хил гараад цаахан нь кокс худалдаж авдаг үйлдвэр нь байж байна. Энэ бол энгийнээр ерөөсөө л “чулуу”.
1072 хувьцааг та өвлүүлдэг болгоё гэж байна. Өнгөрсөн хугацаанд нас барсан иргэдийн хувьцааг төр хураачихдаг байсан гэсэн үг үү?
Тэгээд байгаа юм аа. Төрд очсон гэсэн үг. Өвлөх хууль дүрэм гараагүй учир. Өвлөх ёстой. Өвлөхгүй бол 100 жилийн дараа гэхэд бараг бүх хувьцаа төрд очно гэсэн үг. Эзэнгүй болно гэсэн үг. Өмч учраас байшин саваа өвлүүлдэг шиг өвлүүлэх ёстой. Хамгийн гол нь Монголчуудыг дор хаяж долоон үеэр нь тэжээх өв хөрөнгө юм билээ.
Дан ганц нүүрснээс ч бус нүүрс тээвэр хийх төмөр замаас ч иргэд ашиг хүртэх боломжтой гэж байна. Тодруулж хэлбэл юу гэсэн үг үү?
Тийм, тийм. Үнэн. Ард түмэн яагаад өмчдөө жинхэнэ утгаар нь эзэн суух ёстой гэж шаардаад байна гэвэл “Эрдэнэс Тавантолгой”-г эзэмшсэнээр охин компаниудад автоматаар хувьцаа эзэмших ёстой байхгүй юу. Төмөр замууд, цахилгаан станц, Тавантолгой түлш гээд бүгдэнд нь бид хувьцаа эзэмшинэ шүү дээ. Эндээс давхар ашиг хүртэнэ. Тавантолгой бол жишиг болох ёстой. Цаана нь Монголчуудад асар олон орд, баялаг байгаа шүү дээ. Монгол хүн бүр ингэж ядуу амьдрахгүй ээ. Манайхан манай улс бол юун Дубай, түүнээс баян гэж хэлдэг дээ. Тооцоод үзэхээр үнэхээр тийм. Бид хэрэгжүүлж чадахгүй л байгаа болохоос биш. Монголчуудыг сайхан амьдруулья гэвэл алга урвуулахын л төдий зүйл л дээ. Төр засгийн бодлого л харин жаахан нөгөө тийшээ сөрөг яваад байна.
Бид өнөөдөр асар их баялгийнхаа өчүүхэн хэсэг дээр л хэрүүл, тэмцэл хийгээд, төр засгаа царайчлаад сууж байгаа нь юуных вэ?
Тийм. Өчүүхэн хэсэг дээр нь шүү. Бусад улсуудыг судлаж үзэхээр ихэнхи нь том, том стратегийн ордуудаа төрийн өмчид байлгадаг юм байна. Гэхдээ төрийн гэхээсээ илүү ард түмний өмч. Засгийн Газар нь удирдлагад нь оролцдоггүй юм байна. Ёстой бүр хуультай. Удирдлагад нь дандаа ард түмний төлөөлөл ордог. Гэхдээ төр нь өөрөө ард түмнийхээ төлөө явдаг учраас, төр нь өөрөө ард түмний төр учраас тэрийгээ төрийн өмч гэж нэрлээд байдаг юм байна. Бодит байдал дээр энэ нь нийтийн өмч байна. Public компани байгаа байхгүй юу. Би яагаад 70 хувь гэж яриад байна гэхээр Норвегийн төсвийнхөө 40 хувийг бүрдүүлдэг тэр том компаний 70 хувь нь ард түмнийхээ мэдэлд байдаг.
ТУЗ-д нь эрх баригч намаас хүн ордоггүй гэсэн үг үү?
Огт ордоггүй. ТУЗ-д нь Засгийн Газрын ямар ч оролцоо байдаггүй. Аягүй сонин. Сонин ч юу байхав, тийм байх ёстой юм байна. Чилид мөн адил ялгаагүй. Засгийн газар нь бизнест нь оролцдоггүй, ТУЗ-д нь ямар ч гүйцэтгэх захирал, гишүүн томилдоггүй юм байна. Малайзад мөн адил. Тусгай хувьцаа эзэмшигчдийн хороо байгуулдаг юм байна. Тэр хороо нь удирдлагаа томилдог.
Хэсэг иргэд 1072 хувьцааны ногдол ашгийг Цагаан сараас өмнө олго гэж жагсаж байна. Ард иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг тараах байх гэсэн хүлээлт өндөр байгаад байдаг. Гэтэл ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар 1072 хувьцааны ногдол ашиг тараах мөнгө байхгүй гэж хэлсэн. Таныхаар энэ хэр бодитой вэ?
Байлгаач. Хулгай хийсэн мөнгөө оруулж ирээч. Байж л байгаа. Юу гэсэн үг вэ. Хичнээн хэмжээний борлуулалт хийсэн байна. Борлуулалт нь цаасан дээр нэг өөр, хилийн цаана нэг өөр байна. Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал гэж хүний яриаг сонсоорой. Тэрээр их тодорхой ярьсан байгаа.
Монгол, Хятадын хил дээр нүүрсний мафи ажилладаг. Хилийн цаана нэг тонн нүүрс 250-300 доллар. Ковидын үед бүр 600 доллар хүрсэн гэж байгаа шүү. Гэтэл бид аман дээрээ 60 доллараар зардаг байсан.Гэтэл үүнийг мафиуд 60 доллараар аваад цааш нь гаргаад жинхэнэ үнээр нь 150 юмуу, 300 доллараар зарчихаж байгаа байхгүй юу.
Энэ сая батлагдсан. Яаж гэвэл дөнгөж БЭТ томилогдоод Тавантолгойд өөрчлөлт гарсны дараа хүмүүс ярьж, мэдээлэл хийж байна шүү дээ. Хилийн үнээр, 190 доллараар бид нар зарж байна гээд мэдээлэл хийгээд байдаг. Хилийн дотор Гашуунсухайт дээр шүү дээ. Одоо 190 доллараар зарж чадаж байгаа байхгүй юу. Би үнийг нь судласан. Хятадын нүүрсний үнэ судладаг компани байна. Тэдэнтэй би холбоотой ажиллаж байгаа. Тэгэхэд 2010, 2011 онуудад зарим үед 27 доллараар нэг тонн нүүрс зарж байсан шүү дээ. Гэтэл дэлхийн зах зээл дээр тэр үед 300 доллар байсан. Хятадын зах зээл дээр 150- 250 доллар байсан. 60 доллар хүргээд зарж байна. Хил даваад л бас л 250 доллар байна. Байнга л ийм байсан. Гэтэл ийм байдал 13 жилийн турш үргэлжилсэн байна. Яагаад өнгөрсөн хугацаанд үүнийг ашиглаагүй вэ. Ашигласан байна. Магадлал аягүй өндөр байна. Манай нүүрс зарж байгаа нөхдүүд өөрсдөө ашигласан. Харин ард түмэн ашиглаагүй. Тэр нь нууц байж магадгүй. Нүүрсний мафи гэж яриад байна шүү дээ. Ингэж ажилладаг гэж Ж.Золжаргал захирал яриад байна шүү дээ. Тиймээс үүн дээр ажилла. Хилийн цаана нуусан оффшорт байгаа мөнгөө оруулж ирж болно шүү дээ. Оффшорын мөнгийг оруулж ирэх олон улсын эрх зүйн орчин бүрэлдээд 4, 5 жил болж байна. Асуудалгүй, шууд оруулж ирэх шүү. Үүнийг яагаад ашиглахгүй байгаа юм гэж би асуумаар байна. Үүнийг мэдэж л байгаа.
Өнөөдөр энэхүү 1072 хувьцааны үнэ ханш нь хэр байгаа вэ? Зах зээлийн бодит үнэлгээ, үнэн цэнэ нь хэр байгаа вэ?
Энэ бол их яригдаж байгаа асуудал. Одоогоор бол нэрлэсэн үнээрээ л яригдаж байгаа. 1 ширхэг хувьцаа 933 төгрөг гээд л. Гэхдээ тийм юм байхгүй, энэ бол өндөр үнэлгээтэй байгаа.
10 жилийн өмнө л 1072 хувьцааг төр иргэдээсээ сая төгрөгөөр эргүүлэн худалдан авч байсан шүү дээ. Үнэ цэнэ нь бол одоо өөрчлөгдсөн л баймаар юм?
Хөдлөөгүй. Гэхдээ энэ бол яахав нэрлэсэн үнэ нь л дээ. Одоо уул нь үнэлгээг нь тогтоочих ёстой юм байгаа юм. Тэгж байж хүмүүс яг ямар хувьцаа эзэмшиж байна вэ, ямар үнэтэй “эрдэнийн чулуу”-тай гэдгээ мэдчих хэрэгтэй байгаа юм. 1072 хувьцааны төлөөлөл оруулаад үнэлгээ тогтоочих ёстой юм. Үр дүнд нь ард түмэн ямаршуу янзын үнэ цэнэтэй баялаг эзэмшиж байгаагаа илүү ойлгоно. Гэхдээ нөгөө талаас энэ хувьцааг зарж, арилжиж болохгүй гэсэн дүрэм байгаа. Түүн дээрээ тогтоод явах ёстой. Яагаад гэвэл энэ асар их үнэд хүрэх баялгийг цаадуул чинь нүүрсний хулгайн хэдэн их наяд мөнгөө оруулж ирээд махинаци хийж дор нь үнийн унагаж байгаад хяналтын багцийг нь худалдаад авчихна. Гадаад, дотоодын аль ч бирж дээр зарж болохгүй ээ. 1990 оны цэнхэр, ягаан тасалбарын луйвар үүн дээр яг давтагдана. Амархан шүү, хүмүүс ээ. Ард түмнийхээ төлөө л үүнийг арилжиж болохгүй шүү гэж хэлж байгаа болохоос биш өөр ямар нэгэн ашиг сонирхол байхгүй шүү дээ. Өнөөдөр бол хоногийн хоолоо яая гэж байгаа хүмүүс бол зарна. Өөр арга байхгүй. Зөв шүү дээ. Би бол мэдэж байна. Тэгэхээр бид өөрсдөө “Эрдэнэс Тавантолгой” дээр хяналтаа тогтоож байж 1072 хувьцааныхаа үр дүнг үзнэ гэж хэлье.
Ярилцсан Ч.Явуухүү
sonin.mn
Зочин · 2023/02/07
хулгайч новшнуудыг бүгдийг цаазаар авбал таарна новш гэж