Нас барсан хүүхдийнхээ мөнгөн тэтгэмж, тэжээгчээ алдсаны тэтгэврийг авч байжээ
2023/02/07
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 03-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.844, мөрдөн байцаалтын 2536 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 123, Өмчлөх эрхийн эсрэг 50, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 7, Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах 5, Авлига албан тушаалын 4, Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах 1, нийт 260 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:
- Баян-Өлгий аймгийн прокурорын газраас иргэн Б нь өөрийн хүүхдийг нас барсан байхад бодит байдлыг нууж, нэр дээр нь олгогддог хүүхдийн мөнгөн тэтгэмж болон тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг сар бүр авч нийгмийн даатгалын болоод халамжийн санд 14.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Нийслэлийн прокурорын газраас Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан С нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж MNS ISO15189:2015 стандартын шаардлагыг хангаагүй нэр бүхий компанийн эмнэл зүйн лабораторит шаардлага хангасан тухай итгэмжлэлийн гэрчилгээг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Өмнөговь аймгийн Гурвантэс сум дах нүүрсний ордыг ил аргаар ашиглах төслийн ус ашиглуулах дүгнэлтийг гаргаж нэр бүхий компанид давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хангамжийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан М нь нийлүүлэлт, худалдан авалтын гэрээнүүдийг байгуулахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ашиг хонжоо олох зорилгоор өөрийн эхнэрийн бусдын нэр дээр үүсгэн байгуулсан компанитай гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хохирол учруулсан, мөн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- “Автотээврийн Үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын дарга Д, авто тээврийн хяналтын мэргэжилтэн О, Өмнөговь аймгийн Авто тээврийн төвд техникийн хяналтын үзлэгийн оношлогч инженер Ш нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслүүдийн мэдээлэл, техникийн үзлэг, оношилгоог хийлгүйгээр “тэнцсэн” гэсэн дүгнэлтийг гаргаж, бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Tsss · 2023/02/08
Ишшш зайлуул даа аргаа ядаал тийм үйлдэл хийж бгаашдээ ард түмнээ ийм үйлдэл хийтэл нь ядуу зүдүү , оюуны чадамжгүй , боловрол мэдлэггүй .
Зочин · 2023/02/07
Том хулгайч нараа барьж чадахгүй байж жижиг хулгайч нараа саын барих ююм