Иргэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан ч хойшлогдлоо.

Түүний өмгөөлөгчийн хүсэлтээр өнөөдрийн хурлыг гуравдугаар сарын 6-ныг хүртэл хойшлуулсан байна. Тодруулбал, түүний өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаантай байгаагаа шүүх бүрэлдэхүүнд мэдэгджээ. Ингэснээр шүүх хурал хоёр дахь удаагаа хойшлогдож байна.

Өмнөх хуралд тэрбээр өмгөөлөгчөөсөө татгалзаж, шинэ өмгөөлөгч авахаар болсон юм.

Тэрбээр 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөн явган зорчигч 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулж, долоон автомашин мөргөсөн осол гаргасан бөгөөд гэм бурууг тогтоох шүүх хурал товлогдоод байгаа билээ.