АН-ын Намын байгуулалтын газрын дарга Ж.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Иргэд өнөөдөр өр, зээл, татвар, торгууль, түрээс, инфляци, валютын ханшийн алдагдал, төрийн хяналт, шалгалт гэх мэт маш олон дарамтан дор амьдарч байна. Эдгээр дарамтуудаас иргэдийн багахан цалин, орлогыг хэрхэн хамгаалах вэ? 

 

Энэ хүнд үед татвараа жаахан багасгамаар байна. Төрийн дарамтыг хөнгөлмөөр байна. Тайлан баланс гаргаж буй энэ үед НДШ, ЭМД дээр төр харж үзэхгүй бол аж ахуй нэгжүүд чинь бөөн өрөнд орж, дансаа хаалгаад, үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болох гээд байна. Ялангуяа НДШ болон НӨАТ маш хүнд дарамт болж байна. Нэг ёсондоо төр энэ хүнд үед иргэд, аж ахуй нэгжүүдээ харж үзэн, харилцан ярилцаж, хөл дээрээ босч үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүртэл нь анхаарлаа хандуулах зайлшгүй хэрэгтэй байна.

 

Тэгэхгүй үг хэлэнгүүт нь хорьдог, бизнесийг нь татвараар дарамталдаг, сөхрүүлдэг болж байна шүү дээ. Монголд ер нь 200 мянган хүн л ажил хийж байна. Тэгэхээр ажил хийж, хөдөлмөрлөж байгаа хүмүүс л энэ дарамтанд өртөөд байна. 

 

Сонгууль нэрээр баахан халамжууд явчихсан. Баахан мөнгө хэвлээд тараачихсан. Харамсалтай нь энэ бүхнээ нөгөө муу ажил хөдөлмөр хийж буй 200 мянган иргэнээ шулж, мөлжиж, дарамтлах замаар нөхөж байна.Төр чинь нэг ёсондоо дээрэмчин хэлбэр лүүгээ орчихоод байна.

 

Ажил, хөдөлмөр, бизнес эрхэлж буй иргэдийн итгэл алдарчээ. Эхнээсээ хамаг байдгаа зараад харь орныг зорих урсгал нэмэгдлээ...

 

Тэгнэ шүү дээ. Та бодоод үз. Хүнсний талоноос өгсүүлээд халамж бол хавтгайрсан. Нэг ёсондоо ажил хийдэггүй хэсэг нь хожоод ажил хийдэг хэсэг нь хэцүү болчихоод байна. Монголд ханшийн уналт гамшиг болоод байна. Жилийн өмнө нь 3000 төгрөгөөр авдаг байсан сүү өнөөдөр 5000 болчихоод байна шүү дээ. Гэтэл нөгөө талд гар дээрх цалин нэмэгддэггүй ээ. Өмнө нь та 800 мянган төгрөгний цалингаараа болгоод байдаг байсан бол өнөөдөр чадахгүй болчихлоо. Тэгэхээр иргэн бүрт энэ дарамт ирж байна. Ажиллаад ч нэмэргүй юм байна гэдэг сэтгэхүй рүү орчихож байгаа юм. 

Дээрээс нь утаа, түгжрээ гээд иргэдийн эрүүл мэндийн асуудал аюулын харанга болж байна. Эргэн тойронд тань ханиад хүрээгүй, хатгаа аваагүй, халуурч бүлээрээгүй хүн байна уу. Байхгүй. Тэгээд эрүүл мэндийн үйлчилгээ авья гэхээр байхгүй. Эмнэлэг байхгүй, ор байхгүй, очер нь дийлдэхгүй. Гэтэл бид цалингаасаа ЭМД-аа төлөөд л байдаг, төлөөд л байдаг.

 

Ингээд бүх зүйл урвуу хамааралтай болчихсон. Ийм учраас хүмүүс гадагшаа явахаас өөр гарцгүй болсон. Гадаадад цалин өндөр байна. Монголчууд ажил хийдэггүй, залхуудаа биш байхгүй юу. Хамгийн гол нь чанартай ажлын байр, сайн цалин гэдэг юм манайд байхгүй. Тиймээс залуус гэр бүлээсээ холдоод л, гадагшаа яваад байна шүү дээ. Энэ бол асар их хор уршигтай зүйл гэж хардаг.

 

АН чөлөөт зах зээлийг илүү дэмжиж, аж ахуй нэгж рүүгээ хандсан бодлогыг түлхүү барьдаг гэж хардаг. Өнөөдөр Монголд шударгаар, ёс зүйтэй бизнес хийх орчин нөхцөл хэр байна вэ? 

 

Та гараад бизнесмэнүүдээс асуу л даа. Аж ахуй эрхэлж буй улсуудаас асуу. Монголд бизнес хийх орчин ерөөсөө байхгүй. Дарга, сайд, тендер нэрийн дор дан хулгай. Жишээ нь, Х.Нямбаатар сайд гэхэд л тэрбум төгрөгөөр хувиараа цэцэрлэг бариад хүлээлгэж өглөө гээд бахархаад яриад сууж байна шүү дээ.

Ардын намынхан, улс төрчид л мөнгөтэй байна. Жирийн бизнес эрхлэгчид 1000 доллараар хүн цалинжуулж чадахгүй. Үсрээд сая төгрөг л өгнө.

 

Гэтэл сая төгрөгөөр өнөөдөр хүн амьдарч чадахгүй учраас ажил хийх сонирхолгүй. Ийм л байдал руу орж байна. ЖДҮ-ээ хар л даа. Татвараар боомилуулж байна шүү дээ. Эдийн засаг нийтээрээ хямарсан учраас худалдан авах чадвар буурчихсан. Иргэд мөнгөгүй учир ЖДҮ-чид хаалгаа барина. Гэтэл нөгөө талдаа ЖДҮ-чид маань өнөө алдарт 3 хувийн зээлээ авч чаддаггүй. Тэр ЖДҮ-ийн 3 хувийн зээл Дорж, Дондог, Дулмаад бус сайд, дарга, гишүүд, эрх мэдэлтнүүдэд л очиж байна шүү дээ. Тийм биз. “ЖДҮ” хэрэгт УИХ-ын бараг 30 гишүүн холбогдсон биз дээ. Эдгээр хэргүүд шийдэгдсэн үү? Манай үеэл нарийн боовны цех ажиллуулаад 3 хувийн зээлэнд шалгардаг боловч мөнгө байхгүй гээл зээлийг нь өгдөггүй, цуцлагдчихдаг. 

Жинхэнэ эзэндээ очихгүй байгаа юм чинь энэ ЖДҮ чинь яаж босч ирэх юм бэ? Ийм л байна.

 

Иргэд, бизнес эрхлэгчдийн төлсөн тэр их татвар, хураамж, торгуулийн мөнгө хаашаа урсаад байна вэ?

 

Эрх мэдэлтэй хүмүүсийн халаас руу л орж байна шүү дээ. Та нар бодоод үз л дээ. Зүгээр л нэг төрийн албан хаагчийн гэрээс 7 тэрбум төгрөг гарч ирж байна шүү дээ. Төрд ажиллаж буй хүмүүсийг сурвалжлаад үзэх юм бол хэдэн төгрөгний байшинд амьдарч байна, хэдэн төгрөгний машин унаж байна, эдэлж хэрэглэж буй зүйлс, хангамжийг нь хар. Тэр хүмүүст л бид татвар төлж байна шүү дээ. Ажил хийдэг иргэдээ л шулж, мөлжиж амьдарч байна. Өмнө нь би энэ Засгийн Газар бол эдийн засгийг сүйрүүлэх тийрэнгүүд гэж хэлж байсан. Үнэхээр ч тэдэнд иргэдээ бодож буй зүйл нэг ч алга. Гараад ажил хөөцөлдье гэхээр нил түгжрээ. Өдрийн 4 цагийг үүнд зарцуулахаар яаж ажил бүтэх юм бэ? Яам, Тамгын газар, төрийн байгууллагуудаар нь явахаар тантай уулзах хүн байна уу? Байхгүй шүү дээ. Тийм учраас АН бол бизнес эрхлэгч нартаа хандсан бодлого явуулна, ярилцана, санаа бодлыг нь сонсоно. УИХ дахь АН-ын бүлгээрээ дамжуулаад энэ төр засагт уламжилна.

 

Татварын төрөл, төлөх хэмжээ нэмэгдээд байгаагийн цаад шалтгаан юу вэ?

 

Энэ улс чинь сүйрэх гээд байна шүү дээ. УИХ-ын 2020 оны, Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд зориулж баахан мөнгө хэвлээд, халамж нэрээр тараачихсан. МАН-ын ч билүү, хувьсгалын ч билүү баахан медалийг дагалдуулж 100, 200 мянган төгрөг сонгуулиар тараасан шүү дээ. Бүгд л мэдэж байгаа. Ингээд баахан мөнгө тараачихсан. Гэтэл улс цаашаа явах хэрэгтэй болно. Явахын тулд нөгөө л хөдөлмөрлөдөг хэдээсээ татвар авч байна. Ингэж шулж байж л төсвөө бүрдүүлж байна. Дээрээс нь алдагдалтай төсөв батлачихсан. Хулгай нь дэндчихсэн. 

Таны авдаг цалингаар ийм хөрөнгөтэй болох боломжтой юу, үгүй юу гэдгийг төрийн дээд албан тушаалтнуудаас асуумаар байна. Шалгаад үзэх хэрэгтэй. Миний хардаж байгаагаар АТГ өөрөө эднийхээ хам хэрэгтэнгүүд болчихсон юм шиг харагдаад байгаа юм. Нүдэн дээр хулгай байна гэж бүх хүн хэлж байхад шалгахгүй, хорихгүй байгаа биз дээ.

 

Гэтэл шүүмжилж, бүх булхайг нь ярьсан Д.Мөнх-Эрдэнэ гэдэг залууг хорьчихсон. Дуугарсан болгоныг л хорьж байна. Сүүлдээ үг хэлэх эрх чөлөө үгүй боллоо шүү дээ. Яагаад гэвэл булхайг нь хэлэнгүүт эзэн нь байвал хэрэг нь олддог гэдэг шиг байдал руу орлоо. Монгол маш хүнд байдал руу орчихлоо доо л гэж харж байна.

 

Иргэдийн ирээдүй болсон Нийгмийн Даатгалын санг тонон, дээрэмдэх үзэгдэл ил цагаандаа гарлаа. Зах зээлийн хүүнээс багаар банкинд хадгалуулна, эсвэл банк нь дампуурна, мөнгө нь ор сураггүй алга болно. Үүнд нэртэй, зүстэй улс төрчид холбогдсон ч утаа адил замхарна. Тэгэхээр эдгээр этгээдүүдээс Нийгмийн даатгалын сангаа хэрхэн хамгаалах юм бэ?

 

Одоо зүгээр хуулиа л хэрэгжүүлдэг болмоор байна. Монгол чинь уг нь бас хуультай улс шүү дээ. Шалгадаг, хянадаг улсууд бий. Миний хамгийн горьдож байгаа, цөхөрсөн сонголт бол иргэд сонгуулиар мөнгө авч саналаа өгдөгөө л больмоор байгаа юм. Нэг намыг УИХ-д үнэмлэхүй олон, 60 гаран гишүүн болгохоор эд нар чинь ямар ч хяналтгүй болчихож байна шүү дээ. Сөрөг хүчний ч хяналтгүй. Ийм хяналтгүй болохоор бүгд нийлээд мафи болчихож байгаа юм. НДС, ЭМДС-д юу ч байхгүй. Бүгд мэдэж байна. Хулгайлсан банк нь дампуурсан. Нөгөө хүмүүс нь 40 саяар торгуулаад зүгээр явдаг эсвэл оргон зайлдаг. Гэтэл бид эндээ ингээд яриад л үлддэг. Би нэг юмыг уриалмаар байна. Шүүх, прокурор, цагдаа, хуувь, хяналтын байгууллагууд, АТГ та бүхэн улсаа бодоод иргэний зориг гаргаач ээ. Шударга баймаар байна шүү дээ. Д.Хаянхярваа чинь мөнгө авч байгаад газар дээрээ баригдсан биз дээ. Тэгээд торгуулсан болоод яваад өгдөг. Тэгэхэд өлсөхийн эрхэнд ядарсан нэг Сонгинохайрхан дүүргийн иргэн айлын хашаа даваад мах хулгайллаа гэхэд эрүүгийн хуулиар хэдэн жилийн ял авч байна. Харин улсыг маань хулгайлаад байгаа хүмүүс ямар ч ял зэмгүй яваад байдаг. Сайхан амарч зугаалаад, казино тоглоод л явж байна. Иргэд нь шоронгоор дүүрч байдаг. Тиймээс хууль хяналтынхаан, улс орноо, ард түмнээ, үр хүүхдээ, ирээдүйгээ бодоод хуулиа сахиач ээ. Тэгвэл бид болчих гээд байна шүү дээ.

 

АН-ын дарга Л.Гантөмөр Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахын төлөө ажиллана гэж мэдэгдсэн нь нийгмийн нүдийг бага ч гэсэн сэргээсэн болов уу. АН-ын зүгээс хэдэн хувь бууруулах боломжтой гэж тооцсон юм бол?

 

Яг одоо үүнийг барин тавин, баримжаагаар хэлж болохгүй. Эдийн засагчид, судлаачид нийлж сууж байгаад судлана, тооцно. Ер нь хүнд цаг үеийг даван туулах төлөвлөгөө гаргах хэрэгтэй байх. Энгийнээр бодвол хулгайгаа л зогсоочихвол бүх л юм болчих гээд байна шүү дээ. Тэр идсэн уусан, хулгайлсан гээд байгаа 40 их наяд чинь улсын төсвөөс давсан мөнгө шүү дээ. Энүүхэндээ л гэхэд.

 

Цагаан сар болох гэж байна. Ахмадууд маань хэзээ тэтгэврийн зээл авахгүйгээр Цагаан сараа хийдэг болох бол. Та юу гэж бодож байна вэ?

 

Шинэ бодлого хэрэгжүүлж, эдийн засаг сэргэж байж, шударга, иргэн бүр эрх тэгш байдаг нийгмийг бүтээж байж л зээлгүй болно. Ахмадууд маань уламжлалт цагаан сараа тэмдэглэхгүй байхын аргагүй. Энэ чинь бидний өв, соёл. Монгол хүн болсон л хойно нэгнээсээ дутахгүйн төлөө чадлынхаа хэрээр тэмдэглэдэг. Одоо ахмадууд гэхгүй бүх хүн банк болон банк бусаас зээлтэй. Тэгээд зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Ихэнх нь байр саваа алдаж байна. Хүндрэлтэй л байна.

 

Ерөнхий сайд “5Ш” ажиллагаа санаачилсан. Та юу гэж харж, хүлээж авсан бэ?

 

Ямар ч юм ярьж болно л доо. Би фэйсбүүк дээрээ ёгтлоод өөрийнхөө “5Ш”-ийг бичсэн л дээ. Одоо энэ МАН, Засгийн Газар, эрх баригчид юу ч яриад иргэд итгэхгүй. “Алсын хараа 2050” гэдэг ч юм уу... Дөнгөж гуравхан жилийн өмнө УИХ-ын 2020 оны сонгуулиар ярьсан, амласан мөрийн хөтөлбөрийг нь хар л даа. Нэг ч татвар нэмэхгүй гэсэн. Эргээд хар, бүх юм нь эсрэгээрээ байна. Өмнө нь эдийн засаг хямарч байна гээд ярьдаг л байсан. Гэхдээ ингэж тартагтаа тулдаггүй л байсан. Ядуурал 70 хувьтай гэсэн судалгаа гарлаа.

 

Сая сүүлд бөх үзэж байсан иргэд яагаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг орж ирэхэд дургуйцлээ илэрхийлж, шуугилдсан юм бэ? Амьдралд нь хямрал тулчихаад л тэгж байна шүү дээ. Үүнээс өмнө Монголчууд бөх үзэж байхдаа төрийн өндөрлөгүүддээ ингэж хандаж байсан түүх байна уу? Байхгүй.

 

Нижигнэтэл нь алга ташаад л хүлээж авдаг байсан.

 

Та ёгтолсон “5Ш”-ээ хэлж болох уу?

 

Хэвлэлд өгч буй ярилцлагадаа яриад дэмий байх аа.

 

Засгийн Газар бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ Өмнөд Солонгос улсад айлчиллаа. Айлчлалыг хэрхэн харж, ажиглаж байна вэ?

 

Би нэг ийм л юм бодож байна. Монголчууд чинь бүгд л амьдралын эрхээр Солонгос явах гээд визэнд дугаарлаж байна. Тэгэнгүүт иргэдийн бухимдлыг дарах зорилгоор визгүй болгоно гэдэг ч юм уу, нэг тийм арга ядсан “ажил” л хийх гэж явж байна гэж харж байна. Түүнээс нэг их сүртэй бодлого энэ тэр тэднээс лав гарахгүй. Хувь хүнийхээ хувьд би ийм цөхрөлтэй байна. Тэд нараас юм хүлээгээд хэрэггүй дээ.

Ярилцсан Ч.Явуухүү

сонин.мн