Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.

Энэ үеэр "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал дээр Халимагийн иргэн орогнол хүсэж ирсэн гэх мэдээлэл байгаа. Үүнийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн эсэх талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах хариултыг өгөв.

Тэрбээр "Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг төрийн байгууллагууд нь дагаж мөрдөх зохицуулалттай. Казахстан улсаас ирсэн Халимагийн иргэн Монгол Улс руу нэвтэрч чадахгүй болсон шалтгаан нь гадаад паспортын хүчинтэй хугацаа нь дууссантай холбоотой. Дэлхийн аль ч улсад хугацаа нь хүчингүй болсон паспорттой иргэнийг нэвтрүүлэх боломжгүй. Энэ нь агаарын тээврийн олон улсын яриа хэлэлцээрийн түвшинд зохицуулагдсан байдаг.

Орогнол хүсэх, хугацаа нь дууссан паспортоор нэвтрэх хоёр бол тэс өөр ойлголт гэдгийг зөвөөр ойлгох байх. Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дэлгэрэнгүй мэдээлэл хэлнэ" гэв.