АИ-92 шатахууны нийлүүлэлтийн асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Хувийн компаниудад шатахууны нөөцийн сав бий. Харин улсад байхгүй. ОХУ эсвэл Монгол Улсад ямар нэгэн баяр тохиох, зунаас өвлийн түлш рүү, өвлийнхөөс зуных руу шилжих тохиолдолд шатахууны гурван өдрийн саатал үүсэхэд бидэнд томоохон асуудал үүсгэж байна. Энэ нь бид 1992 оноос хойш шатахууны нөөцийн савны асуудалд анхаарал тавиагүйтэй холбоотой. Үүнээс хойш манай улсын шатахууны хэрэглээ нэмэгдсэн. Тиймээс Засгийн газраас 100 мянган тонн түлшийг хадгалах савны тендерийг зарлаж, ААН нь шалгарсан байгаа. 

АИ-92 шатахуун нийлүүлдэг хоёр компани бий. Асуудал нь компанидаа байна. Санхүүгийн асуудал бий. Нэг компани нь "Роснефть" компаниас хямд бензинийг хайж, гэрээ хийсэн. Тухайн бензин нь арай орж ирээгүй гэдэг шалтгаанаар зарим шатахуун түгээх станцуудад доголдол үүсэж байна.

Түүнээс биш "Роснефть" компанитай гэрээтэй тогтвортой үйл ажиллагаа явуулж буй компаниудад асуудал байхгүй. Асуудал үүсгэж байгаа хувийн компаниудын үйл ажиллагаа удахгүй жигдэрнэ" гэдгийг хэллээ.