Зуун жилийн дараа сэргэн мандаж буй хамжлагат ёсны тухай  

 

  

 сонин mn

 

Монголчууд  хамжлагын хар дөнгөнөөсөө салаад яг 100  жил болж байна. 1921 оноос эхлэн  шат  дараалсан үйл явдлуудын үр дүнд бид хамжлага хэмээх хоцрогдлоос ангижирч, дундад эриний балар харанхуй зуунаас XX зуунд дэвшин орох цаг үеийнхээ хөгжилтэй хөл нийлсэн том алхмыг социалист нийгмийн үр дүнд хийж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз. 

 1911 оны үйл явдлыг эрх чөлөөний хувьсгал хэмээн эндүүрэгсдийн тоо өдрөөс өдөрт өсөх төлөвтэй. Ингэж ойлгодог залууст ганцхан зүйлийг сануулъя. 1911 оны үйл явдал бол Монголчууд тусгаар тогтнолоо анх дэлхий нийтэд зарласан явдал байсан гэвэл үнэнд илүү нийцэх болов уу. Түүнийг маань харамсалтай нь түвдүүдээс өөр хэн ч тоогоогүй. Тухайн явдлаас хойш дөрөвхөн жилийн дараа 1915 оны Хиагтын гурван улсын хэлэлцээрээр энэ тусгаар тогтнолыг маань үгүй болгочихсон. Дараа нь 1919 онд манай ноёдын өөрсдийнх нь хүсэлтээр Хятад цэрэг зэвсэглэн орж ирээд бүр нухчин дарсан энэ тэр гээд яриад байвал зөндөө их юм бий. Харамсалтай нь эдгээр  үйл явдлуудыг манай улс төржсөн түүхчид  дурсах ч үгүй явсаар шинэ зуунтай золгосон билээ. 

 

   Хамжлагат ёс гэж юу яриад байгаа юм болоо гэвэл хүн амын тодорхой хэсэг нь ямар ч эрх мэдэлгүй, эрх чөлөөгүй, эзэд нь тэдний хүч хөдөлмөрийг нь сорон мөлждөг, эздийн уур хүрсэн үедээ зодож занчиж, хүчирхийлж, хамжлагаас оргож  зугатаасан ч очих газаргүй, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу орчлонд аж төрөх ёсыг хэлдэг юм болов уу. Барууныханд бөөн бөөнөөрөө гинжлүүлж, адгуус аятай зарагдаж явсан Африкийн хар боолуудаас зарим талаараа арай л дээр юмуу даа. 

 

     17-р зууны дундаас Англид хөрөнгөтний хувьсгал гарснаар Европад дахин сэргэлтийн эрин өрнөж, харин хамжлагат ёстойгоо зууралдан үлдсэн мань мэт нь олны хөлөөс холын хол  хоцрогдон гээгдсэн байдаг. XX зууны хамгийн том үйл явдал бол хүн төрөлхтөн хамжлагат ёс, боол болон колонийн нийгмээс салсан явдал.

    Манайд ноёрхож байсан хамжлагын үеийн хуулинд “5 үхрээс дээш мал бүхий айл, 20 хонь бүрт 1 хонь, 2 үхэр бүхий хүнээс 6 тогоо амуу ав” гэх мэтээр зааж өгсөн байдаг юм билээ. Энэ хууль яаж хэрэгждэг байсныг Ц.Дамдинсүрэн гуайн зохиолоор хийсэн “Гологдсон хүүхэн” киноноос бид харсан даа. Мөн зарим хошууны ноёд хятад худалдаачдад ихээхэн өр тавьж тансаглачихаад, түүнийгээ хамжлагын албатуудаасаа гаргуулдаг байсныг эсэргүүцсэн ард Аюушийн “Цэцэг нуурынхны” хөдөлгөөн байна.  Хамжлагын эздэд ээлж халаа гэж байхгүй,  хамжлагууд нь эзэндээ хичнээн дургүй байлаа ч юу өөрчилж чаддаггүй байсан.   Харин ардын засаг тогтсон 1923 онд “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм”, “Монголын олон засаг ба засаг бус ван гүнгийн эрх хэмжээний дүрэм” баталснаар хамжлагат ёсыг халах эрх зүйн орчин бүрэлдсэн юм билээ. Гэвч  энэ шийдвэрийг ямар ч татвар гувчуур өгдөггүй байсан эрх ямбатнууд мэдээж  эсэргүүцсэн. 

 

Нөгөө талаас хамжлагат ёсыг үзэн ядаж, өширхсөн баахан залуус дарлалын дөнгөнөөсөө мултарсандаа хөөрөн “Бошгыг халах” эвлэл буюу бидний үеийхний сайн мэдэх МХЗЭ-д элсэн орцгоож, эр эмгүй үс гэзгээ тайруулан дөнгөж бүрэлдэн тогтож байсан шинэ засгийн мундрыг нь хутгаж байлаа. Яагаав нөгөө “Тунгалаг Тамир” кинон дээр  согтуу Галсан Итгэлт баян дээр давхиж ирээд “Чи муу  намайг дарлаж байсан” хэмээн шүлс амаа үсчүүлэн агсам тавьж байдаг даа. Уг нь Итгэлт мэтийн баячуудын “буянд” Ням гуай, Галсан, Дулам, Эрдэнэ, Долгор мэтийн хамжлага ардууд Монголд мянга мянгаараа зуу зууныг дамжин амьдарч байлаа.  

 

Хамжлагат ёсыг халсны дараа Коминтернийхний заавраар хийсэн засаг захиргааны шинэчлэл гэгч нь Монголчуудын хувьд их задаргааг авчирсан байдаг. Уг зааврын дагуу  1923 онд  тэр үед байсан 80 хошууг жижиглэн 600 гаруй сум, 2000 гаран баг болгосон ба халх дөрвөн аймаг, 2 хязгаарыг таван аймаг болгоод, хуучин нэрүүдийг нь өөрчилж, Түшээт хан аймгийг Богд хан уулын аймаг, Сайн ноён ханыг Цэцэрлэг мандал уул аймаг, Сэцэн ханыг Хан Хэнтий уулын аймаг, Засагт ханыг Хан Тайшир уулын аймаг, Дөрвөд хоёр аймгийг Ховдын хязгаартай нийлүүлж Чандмань уулын аймаг гэхээр болж байжээ. Энэ зун 100 жилийнхээ ойг нижгэр тэмдэглэхээр тал тал тийшээ хандивын эрэлд мордох аймаг сумдын засаг ноёдын сэтгэл одооноос гэгэлзэж л  байгаа.

  1924 оны анхны үндсэн хуулийн дагуу хуучин хамжлага, зарц байсан ардууд ихэс ноёдын адил засаг мэдэлцэх эрхтэй болж, хошуу, аймгийн чуулган буюу одоогийнхоор ИТХ-ыг бүрдүүлсэнийг бид “Тунгалаг тамир” кинон дээр харсан даа. Нэгдэлжих хөдөлгөөн ялснаар Монголд бие биенээ зарцлан амьдардаг байсан тогтолцоо яаж нуран унасныг Удвал гуайн зохиол “Хүргэн хүү” кино ч сайхан дүрсэлсэн байдаг.

 

 Тэгвэл өнөөдөр МАН, АН гэлтгүй улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн буурал түүхийн тоосонд хоцрогдож гээгдсэн хамжлагат ёсыг дахин сэргээж байна аа. Нам гэдэг бүлэглэл улс төрийн сонгодог утгаа аль хэдий нь алджээ.

 

Төрийн өндөрлөгт гарахын тулд төсвийн мөнгийг ёстой нэг баруун солгойгүй цацна. Ингэснээр нийгмийн  дотор баян ядуугийн ялгаа улам ихэсч, дээдэс нь доодуулаа хүний зэрэгт үл үзэх  үзэл бий болов. Ямартаа л “улныхан” гэдэг нэр томьёо гарч байхав.

 

Нөгөө талаас доодос нь дээдсээ үзэн ядах, хандлага улам хүчээ аваад байгаагийн учир цондонг нягтлан үзвэл: 

 

 Нэгдүгээрт. Тэгш ёсны хүмүүжилтэй нэг нь нийтийн төлөө гэсэн үзлээр хүмүүжсэн бидний үр хүүхэд өнөөдөр нийтээрээ хөрөнгө мөнгийг шүтсэн амьдралын хэв маяг руу эргэлт буцалтгүй шилжчихлээ.  Шинэ маягийн хамжлагын энэ  нийгэмд хүмүүс нэг нэгийгээ хайрлах нь бүү хэл ичих татах, нэр хүндээ хайрлах, эртний нандин ёс заншлаа тун хурдан гээж байна. “Хүн нэрээ, тогос өдөө”, “Нэр хугарахаар яс хугар” гээд хэлбэл одоогийн залуус хөх инээд нь хүрэх байх л даа.

 

Хоёрдугаарт. Шударга ёсны наад захын хэм хэмжээ алдагдаж, хууль шүүх хэв журам сахиулагчид нь эрх мэдэл, хөрөнгөтэй хамжлагын ноёдын талд улаан цайм үйлчилдэг болов. Тэдний үйл ажиллагаа иргэдийн хяналтаас гарч, ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэцгээж байна. Хууль шүүхээс ангид оршдог “халдашгүй дархан эрхтнүүд” ч хаа сайгүй бий болов. Ерэн оны хувьсгалаар биднийг гошгоруулж байсан шударга ардчилсан биш шуналтнуудын үүсгэсэн хамжлагат  төрийн тогтолцоо нэгэнт бий болжээ гэхэд нэг их хилсдэхгүй байх. 

 

Гуравдугаарт. Төрийн өндөрлөгийг шинэ үеийн хөрөнгөтнүүд зүү орох зайгүй болтол чигжжээ. Түрүүч нь бүр үр хүүхдүүддээ төрийн суудлаа өвлүүлээд эхэлчихсэн байна. Албаны  эрх мэдлээ аминыхаа хөрөнгийг арвижуулах арга зам болгох явдал өдрөөс өдөр ирэх тусам гаарч, бүр улаан цаймдаа орсныг  саяын нүүрсний хулгайгаар бид харлаа. Концесс ч гэнэ үү оптек ч гэнэ үү ухаарч ойлгох нь бүү хэл хэлэхэд хэл халтирмаар хачин хачин нэртэй гэрээ хэлцлүүд нууцын түвшинд явагдаж, хамжлагат төрийн ноёдууд эх орны маань өнгөтэй өөдтэй бүхнийг хамж шимэн хайр найргүй, бөөн бөөнөөр нь хусдаг болжээ.

 

 Нам гэгдэх эх захгүй эрх мэдэлтэй шинэ үеийн хамжлагын эзэд хөрөнгөтний эвслүүд төрийн эрх мэдлийн төлөө галзуу ноход мэт уралцдаг болов. Энэ нохдууд наанаа том том намын нэртэй боловч, цаанаа бүгд түрийвч нэгтэй новшнууд.

 

Намын далбаан дор хэн нэг эрх мэдэлтнийг дагаж, Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлдгээр чухам “хөлийнх нь өсгийнөөс хүзүүнийх нь хонхор хүртэл юутай хүүтэй нь” долоож байж баялагаас бага ч болов хүртэх гэсэн адгийн муухай хүсэл эрмэлзэл залуусын дунд түгээмэл болж байгаа нь алсдаа арчаад арчаад арилахгүй  асар том гамшиг болно. 

  Ард олныг утсан хүүхэлдэй гэж хардаг, тэднийг хамжлагынхаа харьяанд байлгах сонирхол нэлэнхүйдээ хавтгайрч, хот, аймаг сумдын хурган дарга нарын хооронд чухам алалдаан болж байна. Хэдэн жилийн өмнө нэгэн яамныхан албан тушаалын төлөө бие биенээ олны нүдэн дээр балбаж байгаад амийг нь бүрэлгэсэн. 

Өнөөдөр хамжлагын эзэд нийгмийн баялагийг луйвардан дээрэмдэж, эрх мэдэл, авилга хоёр нэг зоосны хоёр тал болсон байна. 

 

Арилжааны  банкнууд дахь хадгаламжийн 90 хувийг хүн амын 3-5 % эзэмшдэг гэсэн судалгаа ч байдаг. Гадаадад байршуулсан тэдний оффшор данс руу манай дотоодын нийт бүтээгдэхүүнээс хэд дахин их баялаг урсан орж, эдийн засгийн хямралын хамаг ачааллыг нийгмийн үнэмлэхүй олонхи болсон дунд болон доод давхаргынхан үүрч байна. 

Хөрөнгөлөг эрх мэдэлтнүүд  эдийн засгийн хямрал бүрийг овжин ашиглана. Нийтийг айлган сүрдүүлж байгаад ковидоос ч хүртэл ашиг хүртэнэ. Ард олны ашиг орлогыг нэмэгдүүлж байх ёстой нүүрс, төмөр, алт, жонш гээд газрын баялаг хамжлагын эздийн гарт аль хэдий нь гулсаад орчихсон. Жирийн иргэд болгон татвар төлдөг байхад хамжлагын эзэд “өршөөлийн хууль” гаргаж,  хамжлагын компаниудаа татвараас чөлөөлж байсан нь Монголын буурал түүхэнд арилшгүй хар толбо болон үлдсэн. Хэрэг хуучирдаггүй, хэрээ цайдаггүй гэдэг дээ. Бадарчин баярлах болоогүй ээ, хэзээ нэгэн цагт энэ булай хэрэг алсдаа сөхөгдөж л таараа.  

 

 Хамжлагын төр түмэн олныг эв нэгдэлгүй талжсан, утсан хүүхэлдэй болгон байлгах сонирхол улс төрийн бодлогын хүрээнд явагдаад байгааг мэдэж анзаарч байгаа хүн бидний дунд олон байгаа ч, “төрийн төлөө оготно боож үхэв” гэж амиа хоохолцгоон өөрсдөө л болж байвал өндөг мэт дуугүй  явдаг болсон байна. Бидэнд солонгосчууд шиг эв нэгдэл даанч алга.  

 

 Дахин хэлэхэд хэвлийдээ агуулсан их эрдэнэсээрээ юутай ч зүйрлэшгүй  эх орны маань их баялаг цөөн тооны улс төр, эдийн засгийн хамжлагын эздийн халаасыг түнтийлгэж, хулгайлсан тэр их мөнгө гадагшаа урсан “оффшор” бүсэд дэлхийн баячуудын банкинд түгжиж байгаа нь даанч харамсалтай юм аа. Мөнгөө хураалгачихсан,  төмсгөө базуулчихсан, хамжлагын удирдагчид хүссэн ч хүсээгүй ч гаднын хөрөнгөтнүүдийн утсан хүүхэлдэй болж, улс орноо нохойн зам руу аажмаар оруулж байгааг бид анзаарахгүй байна гэж үү? 

Ийм л шинэ цагийн зүсээ хувилгасан хамжлагын нийгэмд бид өнөөдөр амь зууж байна. Арай л Африкийн боолчуудын араас орж, эздийнхээ хатгаасаар зэвсэг агсан хоорондоо байлдаад эхлэхгүй байгаа даа, бүү үзэгд                                 

                                               

 

 Ш.Пүрэвсүрэн