Нэр бүхий иргэн “Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн хоёр настай охины хэрэг олон удаа прокурор дээр хаагдсан” гэх мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэлсэн.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Чанцалням мэдээлэл өглөө.

Тэрбээр "Иргэн Ч.Уранхолбоогийн цахим хуудсан дээр гарсан “Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн хоёр настай охины хэргийг хэрэгт нотлох баримт хангалтгүй мөн эцэг эхийн эд хөрөнгийн маргаан гэж үзэн хаасан” гэдэг бол үндэслэлгүй мэдээлэл.

Өөрийн төрсөн охиныг түүний эцэг хүчирхийлсэн байж болзошгүй талаар нэр бүхий иргэнээс гаргасан гомдлыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хаах саналтай Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт ирүүлснийг хяналтын прокурор нь хүлээн авч хянаад, мөрдөгчийн саналыг үндэслэлтэй байна гэж үзэн хааж шийдвэрлэсэн.

Тодруулбал, хохирогчийн биед хийлгэсэн удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд болон гэрчүүдийн мэдүүлгээр хүүхэд бусдад хүчирхийлүүлсэн болох нь тогтоогдоогүй учраас прокуророос уг хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн байна.

Дээрх хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч ажилласан.  Тухайлбал, тусгай мэдлэг бүхий нарийн мэргэжлийн 3-7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийг томилж гурван удаагийн шинжилгээ хийлгэсэн, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх, мэдэж болзошгүй бүхий л хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан.  

Мөн хэргийн оролцогчдоос гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас болон Улсын ерөнхий прокурорын газраас хэргийг хянаж, анхан шатны прокурорын шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тухайн хэргийн оролцогч болдог бөгөөд прокуророос дээрх хэрэгт гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг хэргийн оролцогч нарт дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн" гэв