Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.

Хотын ерөнхий менежер М.Баяраа "Улаанбаатар хотын зүгээс нөөцийн махыг борлуулах цэгүүдийг тодорхой болгож, худалдаалах үүрэг хүлээсэн.

Гуравдугаар сарын 15-наас 450 гаруй цэгээр нөөцийн махыг худалдаална. Ямар дэлгүүрт зарах саналаа нэгтгэж байна.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийслэлээс 16,243 малыг гаргасан байгаа. Нийслэлээс мал гаргах ажил өнөөдөр дуусна. Ирэх жилээс хотод орж ирсэн малыг хэрхэх талаарх журмыг батална. Одоогоор журмын төсөлд санал авч байна.

2016 онд нийслэлийн ойролцоо мал маллаж буй айлуудын шүлхий өвчин гарч байсан. Энэ байдлыг дахин үүсгэхгүйн тулд энэ ажлыг хийж байна. Улаанбаатар хотод малын халдварт өвчин бүртгэгдээгүй.

Харин нийслэлийн ойролцоох зарим аймагт малын халдварт мялзан өвчин гарсан мэдээлэл байна.

Золбин нохой, муурыг уламжлалт аргаар устгах ажил энэ жилдээ үргэлжилнэ. Унтуулах аргаар устгах ажлыг хийнэ. Галт зэвсгээр нохойтой тэмцэхгүй. Улаанбаатарт 300-350 золбин нохой бий гэсэн мэдээллийг ЗӨСҮТ-өөс өгсөн.

ААН-үүд ойр орчмын 50 метрийн талбайг цэвэрлээд сурчих хэрэгтэй. Цэвэрлэх талбайн зураглалтай болно. Ингэснээр байгууллагууд орчноо цэвэрлэхэд дөхөмтэй" гэв.