Үйлдвэр худалдааны яамны сайд асан, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.


-Ерөнхий сайд намуудыг шилэн болгох санаачилга гаргасан. Үүнийхээ хүрээнд “Шилэн нам” хэлэлцүүлгийг ч зохион байгууллаа. Та Ерөнхий сайдын санаачилгад ямар дүгнэлттэй байна вэ?

-Ерөнхий сайд Үндсэн хуулиа өөрчилж, шинэчилье. Сонгуулийн хуулиа өөрчилж, ил тод болгоё, сайжруулъя хэмээн хэлэлцэж байгаа нь цагаа олсон зөв алхам. Би өөрчлөөсэй гэж бодож байсан юм. Өөрчлөхгүй бол сонгууль хэтэрхий хулхи явж ирсэн. Тиймээс одоо иргэд бүгд сонгуулиа өгдөг хууль зүйн орчинтой болъё. Иргэн та эрхээ эдэлье гэж бодож байгаа бол үүргээ мөн биелүүлэх хэрэгтэй. Үүрэг нь дөрвөн жилд нэг удаа төрийн эрх баригчдаа бүгдээрээ сонгодог баймаар байна. Сонгуульд оролцоогүй бол төрийн үйлчилгээ үзүүлэхгүй байя. Ингэж зохицуулбал бүх иргэд сонгуульд оролцдог болно.

Харамсалтай нь сонгуулийг мөнгө гэж ойлгодог болчихсон. Сонгуулиар иргэдтэй уулзахаар юу өгөх юм бэ гэдэг. Энэ чинь аж ахуйн ажил биш шүү дээ. Сонгогдож байгаа, сонгож байгаа хоёрын ажил. Тиймээс хуулиудыг ийм байдлаар засах ёстой.

Түүнчлэн УИХ-д нэр дэвшиж байгаа хүн сонгогдохын тулд арилжааны банк ч юм уу, санхүү зээлийн хоршооноос тэрбум төгрөг зээлж аваад тойрог дээрээ тараачихдаг. Сонгогдсоныхоо дараа хадгаламж зээлийн хоршоо, арилжааны банкнаас авсан зээлээ төлөхийн тулд янз бүрийн тендерүүд, хөнгөлөлттэй зээлүүд ч гэдэг юм уу мөнгө хөөцөлдөж эхэлдэг. Ингээд гэмт хэрэгтэн болдог. Тиймээс үүнийг одоо таслан зогсоож, шийдэх хэрэгтэй. Иймээс Үндсэн хууль, Сонгуулийн намуудын хуулийг хэлэлцэх нь зүй ёсны хэрэг. Үүнээс эхлэхгүй бол энэ улс оронд шударга ёс тогтоох боломжгүй.

Гэхдээ шударга ёс тогтоох хууль, дүрэм журам гаргасан ч гэсэн түүнийг хэрэгжүүлэгч нь хүн. Тиймээс нийгэм дэх энэ олон хүмүүс дундаас эх орончдыг яаж шигшиж гаргаж төрийн эрхэд оролцуулах вэ гэдгийг бодох хэрэгтэй юм билээ.

Эцэст нь хэлэхэд бүх хүн нэг л хуулийн дор амьдаръя. Татвар төлбөл бүгдээрээ төлье. Ажил хийвэл бүгдээрээ хийдэг болъё. Нэг хэсэг нь ажил хийж, нэг хэсэг нь гэртээ суумааргүй байна. Манай ажилчид “Захирал аа, бид өдөр шөнөгүй ажиллаад 700, 800 мянган төгрөгийн л цалин авч байна. Гэтэл цаана чинь зарим иргэд ажил хийхгүйгээр сард 1-2 сая төгрөгийн тэтгэмж аваад амьдраад байна” гэж байна. Хүүхдийн мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмж, авгай нөхөр хоёр хуурамчаар салж хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгож. Ингээд зүгээр сууж байгаад 1-2 сая төгрөгийн тэтгэмж авчихдаг. Ийм байхад үйлээ үзэж ажил хийгээд 700, 800 төгрөгийн цалин аваад яадаг юм бэ гэж нийтээрээ бодож байна.

Тиймээс хүүхдийн мөнгө, энэ олон тэтгэмжийг хасах хэрэгтэй. Хоёрдугаарт, Улаанбаатар хотод тэтгэмж өгөхөө болих хэрэгтэй. Орон нутагт амьдардаг иргэд л авдаг баймаар байна.

Харин Улаанбаатарт хэн ажил хийж байна тэр хүн амьдардаг хот болгомоор байна. Түүнээс уулын өврөөр дүүрэн тарж буучихаад нэг нэг “пүүжгээ” уначихаад халамж аваад нийгмийн баялаг бүтээхгүй амьдарч болохгүй. Ийм байхаар шударгаар ажил хийж байгаа улаанбаатарчуудын эрх үүрэг хохироод байна. Ажил хийж байгаа хүмүүсээс татварыг оцойтол нь аваад түүнийгээ ажил хийдэггүй хүмүүст хувааж өгч байна.

-Нүүрсний хулгайтай холбоотойгоор олон хүнийг яллагдагчаар татлаа. Ер нь өнгөрсөн хугацаанд ч тэр аливаа хэрэгт холбоотой нь илчлэгдэж ялагдагчаар татагдсан этгээд эцэс сүүлдээ хариуцлагаас мултарч ял завшдаг байдал гаарсан. Энэ удаад хариуцлага хүлээлгэж чадах эсэхэд оло ннийт эргэлзэж буй. Ер нь улстөрчдөд хариуцлага хүлээлгэдэггүй энэ байдлыг хэрхэн таслан зогсоох хэрэгтэй гэж та харж байна?

-Ерөнхий сайд шүүгч, прокурор, цагдаагийн ажилтан биш. Үүнийг шийддэг хуулиар баталгаажсан эрхээ эдлээд явж байгаа төрийн албан хаагч хууль хүчнийхэн байна. Тэд шийдэх ёстой. Ард иргэд тэднээс хариуцлага нэхэх хэрэгтэй. Яагаад тэднийг ярьдаггүй юм бэ. Яагаад шударга биш хууль зүйн орчныг бий болгоод байгаа юм бэ. Ажил хийдэггүй хэрнээ ажлаа өгдөггүй прокурор, шүүгчдээс нэхэх ёстой шүү дээ. Үүнийг ярьж байгаа хүн байна уу. Хөөрхий, ганцхан Ерөнхий сайд нь л яриад байна. Бусад нь таг чиг. Манайхан “Хийхийг нь чи хий. Би харж байя. Аятайхан бол би очоод иднэ” л гэж бодож байгаа. Дандаа хүний гараар могой барих гэдэг. Шалтгаан нь энэ.

Ер нь АНУ ч бай, Европ ч бай, Канад ч бай, Япон ч бай бүх л газарт хулгай гардаг. Манайд хулгай өнөөдөр ч гараад байгаа юм биш. Зөндөө л хулгай гарсан, гарч ч байгаа. Жишээлбэл, Баян-Өлгий аймгийн нэг сумын иргэд хуурамч факт гаргаад сумаараа нийгмийн халамж авч байсан. Энэ бол хулгай биз дээ.

Гэхдээ энэ бол гол асуудал биш. Хамгийн гол асуудал нь улс орноо цааш нь яаж хөгжүүлэх вэ, яаж залуучуудыг ажилтай болгох вэ, цалинг яаж нэмэгдүүлж, доод тал нь 1000 ам.доллар болгох вэ гэдэг л байна. Авлигач, луйварчин гэж долоо, найман жил ярилаа. Бараг хүүхэд хэлд орохдоо авлигал гэж хэлд орох гээд байна. Гэтэл сонгууль болохоор саналаа Ардын намд өгчихөөд байгаа биз дээ. Тиймээс утгагүй зүйл дээр нэг их анхаарах шаардлага байна уу. Хулгай зэлгийн асуудалд хууль хүчний байгууллагууд л хариуцлагатай сайн ажиллах хэрэгтэй.

Хулгай ярьсаар байтал бидний боломж алдагдаад байгаа нь харамсалтай байна. Хятадууд Австралиас асар их хэмжээний нүүрс, төмрийн хүдэр авахаар болчихсон. Энэ жилээс авч эхлэх байх. Тэгэхээр манай нүүрс, төмрийн хүдэр хэнд ч хэрэггүй болчих вий дээ. Бид нүүрсний хулгай яриад сууж байтал нүүрс хэнд ч хэрэггүй болчихвол яах вэ гэдэгт улстөрч хүний хувьд миний санаа зовж байна. Тиймээс тэр хулгайг удаан биш түргэн шуурхай шийдэх ёстой. Ажлаа илүү сайн хийдэг баймаар байна. 20 сая биш болж өгвөл 200 сая тонн нүүрсийг экспортод гаргадаг болгох хэрэгтэй. Ингэж байж монголчуудын дундаж цалин 1000-2000 ам.долларын хэмжээнд очно. Энэ л чухал. Өнөөдөр 250 ам.долларын цалингаар яаж амьдрах вэ. Бараа бүтээгдэхүүний үнэ дөрөв дахин өсчихлөө. Би амаа сөөтөл “Юмны үнэ өслөө, яах вэ” гэдгийг хэлсэн. Бүх л хүн юмны үнээ нэмж өрсөлдсөн. Жишээ нь, тээврийн жолоочид. Замын-Үүд-Улаанбаатар хооронд дөрвөн саяар ачаа зөөдөг байсан бол 40 саяар зөөдөг болсон. Цагаан сараар ченжүүд хонины ууцыг 600-800 мянган төгрөг болтол үнийг нь өсгөлөө. Ингэж галзуу юм шиг үнэ өсгөсний дараа хэн хохирох вэ. Өөрсдөө л хохирно. Цагаан сарын дараа хайран сайхан ул боовоо хогон дээр хаядаг юм билээ. Цагаан сар бол өндөр настнаа хүндэтгэх баяр болохоос биш ул идээг өндөр намаар өрөх уралдаан биш. Хэн нь хэр зэрэг том сүүлтэй ууц тавьсан түүгээрээ уралддаг баяр биш. Бид хэлбэр, дүрс хөөцөлддөгөө болих хэрэгтэй.

Өнөөдөр их хэмжээний мөнгөн дүнтэй тендерүүд зарлаж байна. Харин тэр тендерийг хэн авч байна гэдэг нь асуудал. Монгол Улсын төсвийн тэн хагас нь тендерт явчихаад байна. Юун нүүрсний хулгай. Түүнээс 10, 20 дахин их мөнгө яригдана. Үүнийг хэн ч ярихгүй байна. Тендерээс мөнгө хулгай хийлгэдэггүй болгохын тулд хяналт л тавих хэрэгтэй. Тиймээс хууль зүйн орчныг яаралтай бүрдүүлэх хэрэгтэй. Тэгвэл энэ их хулгай дээрэм зогсоно.

-Авлигыг өөгшүүлээд байгаа зүйл юу вэ?

-Яагаад огт бүтээн байгуулалт сонирхдоггүй юм бэ. Яагаад ажил хийе гэж боддоггүй юм бэ. Нийгмийн баялаг яагаад бий болгоё гэж боддоггүй юм бэ. Яагаад тэгш эрх эдэлье гэж ярьдаггүй юм бэ. Ийм болохоор л авлига гаараад байна шүү дээ. Нийтээрээ ажил хийхгүй байгаа учраас байгууллагууд цалингаа нэмж чадахгүй байна. Өнөөдөр амьдрахын тулд 1000-1500 долларын цалин авч байж амьдрах боломжтой. Өнөөдөр иргэд 250 доллар л гар дээрээ авч байна. Бараа бүтээгдэхүүний үнэ тав дахин өсчихлөө. Яаж амьдрах юм бэ. Тиймээс эхнэр хүүхдээ тэжээхийн тулд хүссэн хүсээгүй төрийн албан хаагчид авлига хөөцөлдөөд эхэлнэ. Авлига гаараад байгаа нэг том шалтгаан нь энэ. Иргэдийн орлого амьдралд нь хүрэлцэхгүй байгаа учраас авлига авах, хулгай луйвар хийх гээд байна. Өнөөдөр авлига авсан нэг хүнийг сольж өөр хүнийг тавья. Гэтэл бодит байдал ийм байхад шинэ томилогдсон этгээд авлига авахгүй гэх ямар баталгаа байгаа юм бэ.

-Ерөнхий сайд системийн авлигыг бууруулахын тулд улс төрийн санхүүжилтийг ил тод болгоё хэмээсэн. Та үүнд ямар дүгнэлттэй байна?

-Авлига гэдэг бол зүүний нүхээр орохоор зүйл шүү дээ. Манайх хүн ам цөөтэй. Бүгдээрээ нутгархуу. Бүгдээрээ бие биенээ танина. Танай гэрт очоод найзыгаа дэмжээрэй гээд нэг жаахан юм өгчихнө. Үүнийг авлига гэж хэлэхэд хэцүү. Ер нь гүйлгээнд байгаа мөнгөний 80 хувийг бэлэн бус болгох хэрэгтэй. Бүх хүн банкны карттай болчихвол бэлэн мөнгөөр авлига өгдөг байдал байхгүй болчихно. Учир нь банкных нь дансны гүйлгээ гараад ирнэ шүү дээ. Авлига үүсгээд байгаа цаад шалтгааныг эхлээд шийдэх хэрэгтэй. Түүнээс энд намын санхүүжилтийн асуудлыг ярьчихаад банк санхүүгийн асуудал нь хэвээрээ байвал ялгаагүй.

-Төрийн өмчит компаниуд дахь хулгайг зогсоохын тулд ямар арга хэмжээ авбал зохилтой гэж та бодож байна вэ?

-Олон нийтийн байгууллагын хяналтыг оруулах ёстой. Төрийн эрхийг барьж байгаагийнхаа хувьд Засгийн газар менежмэнтийг авч болно. Захирлыг нь тавиг. ТУЗ-дөө орог. Харин хяналтыг нь сөрөг хүчин ард түмний төлөөлөлд өг. Үүнээс гадна жил бүрийн нэгдүгээр улиралд төрийн өмчит компаниуд, банкууд үнэн бодит, аудит, мониторинг хийлгэсэн тайлангуудаа олон нийтэд ил тавих ёстой. Таван толгой хэдэн төгрөгийн зардал гаргасан, хэдэн төгрөгийн зээлтэй, хэдэн төгрөгийн ашиг олсон, хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь тодорхойгүй байна. Эрдэнэт үйлдвэр байна, мөн л тайлангаа тавихгүй байна. Тиймээс төрийн өмчит аж ахуйнууд тайлангаа тавьдаг болох хэрэгтэй. Үүнийг л бид хяналт гэж яриад байгаа юм. Барууны орнуудын төрийн өмчит бүх томоохон компаниуд аудит хийлгэж тайлангаа баталгаажуулдаг. Ингэж байж банкуудаас зээл авдаг. Хамгийн гол нь аудит хийж байгаа компаниуд нь бие даасан хувийн компаниуд байдаг.

-Та ярилцлагын эхэнд Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжиж байр сууриа илэрхийллээ. Тэгвэл Үндсэн хуулийг өөрчлөх цаг одоо мөн эсэхэд ямар бодолтой байна?

-Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Намуудын хуулийг яаралтай УИХ хэлэлцүүлж өөрчлөхгүй бол бидэнд өөрчлөх өөр хугацаа байхгүй болчих гээд байна. Өнөөдөр нийгэмд үүсчихээд байгаа бүх болохгүй зүйлс нь намууд, сонгуультай холбоотой болчихоод байна. Төрийн эрхийг Ардын нам ба Ардчилсан нам хоёр л барьж ирсэн. Энэ хоёр намын үед бүх болохгүй юм гарсан, тийм биз.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Хүн амын тоо нэмэгдчихлээ. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмчихвэл гишүүд бүлэглэн хуйвалдаж хууль болоод төрийн ажилд нөлөөлөхгүй гэж үзэж байгаа нь нэг талаар үндэстэй. Гэхдээ хамгийн гол шалгуур нь хүний шалгуур. Намын нэрээр орж байгаа хүн нь хэн байх вэ гэдгийг сайн журамлаж дүрэмлэхгүй бол намын нэрээр хэн ч орж ирж магадгүй. УИХ-ын гишүүдийн тоо 76 байна уу, 106 байна уу ярилцаж байгаад шийднэ биз. Зарчмын хувьд тоо асуудал биш.

-Өнөөдөр бидний өмнө тулгараад байгаа нэн тэргүүний нэг асуудал нь валютын ханш. Ам.долларын ханшны өсөлтийг яаж хазаарлах вэ?

-Манай улс машин, шатахуунд асар их мөнгө өгчихөөд байна. Зөвхөн шатахуунд л гэхэд нэг миллиард 200 сая ам.долларыг ОХУ-д төлж байна. Суудлын автомашинд 600-аад сая ам.доллар өгчихөөд байна. Үлдсэн нь барилгын материал, хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд явчихдаг. Тиймээс импортыг орлуулдаг аж ахуйн нэгжүүдийг бий болгох хэрэгтэй. Хүнсний ногоогоо 100 хувь дотоодоосоо хэрэглэдэг болчихъё. Турк, Хятад, Солонгосоос оруулж ирж байгаа хувцсанд өндөр татвар ногдуулъя. Харин давууг татваргүйгээр оруулж ирье. Өөрсдөө хувцсаа оёод өмсчихвөл мөнгө гадагшаа гарах уу. Мөн бензинд онцгой татвар тавимаар байна.

-Бензин гэснээс манай улс нэг улсаас шатахууны хамааралтай байна. Өөр эх үүсвэр яаж олох вэ?

-Бид газтай, нефтьтэй гээд ОХУ онгироод байсан. Тэд Украин руу дайрч хот суурин газрыг нь дэлбэлээд, хүн ардыг нь сүйд хийлээ. Үүнтэй холбоотойгоор ОХУ-д хориг тавьж нефть, газыг нь авахаа больчихсон. Европ авахаа болилоо гээд сөнөчихсөн байна уу. Дэлхий дээр нефть, газтай улс ганцхан Орос биш шүү дээ. Өчнөөн л орон газ, нефтийг гаргаж байгаа. Манайх ОХУ-аас хамааралтай байгаа нь үнэн. Тиймээс бид шатахууныг зөв зүйтэй зарцуулах хэрэгтэй.

Манайх ОХУ-аас нэг миллиард 400 сая ам.долларын шатах, тослох материал авч байхад оросууд манайхаас бараа бүтээгдэхүүн авдаггүй. Монголын бараа бүтээгдэхүүнд 70 хувийн татвар ногдуулдаг. Харин манайх Оросын бараанд тавхан хувийн татвар ногдуулдаг.

Тиймээс бид Орост татварын энэ асуудлыг тавих хэрэгтэй. Хэрвээ шийдэхгүй бол шатахуунаа бусад орноос авна гэдэг асуудлаа тавих хэрэгтэй.

-Энэ л чухал байна. Найрсаг харилцаатай гэсэн хэрнээ худалдааны хоригтой улс шиг л явж ирлээ шүү дээ?

-Тийм. Манайхтай анд нөхөр гээд байдаг, үгүй байна. Монгол Улсад эдийн засгийн хориг тавиад 30 жил болж байна. Орос Монголын хамтарсан төмөр зам, Эрдэнэт зэрэг үйлдвэрүүд бий. Гэтэл оросууд Монголын төмөр замд хөрөнгө оруулж байна уу. Вагон олддоггүй нь ч хэв хэвээрээ, ганц зам нь бахь байдгаараа байна. Тиймээс одоо оросуудтай энэ асуудлыг хэлэлцэх хэрэгтэй. Төмөр замаа бид өөрсдөө 100 хувь авъя, эсвэл та нар хөрөнгө оруул гэж хэлэх хэрэгт