Урсгал сөрөн хоёр хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн иргэн Ч.Маралмаагийн гэм бурууг шүүх хурал өнөөдөр боллоо.

Анхан шатны шүүхээс Ч.Маралмаад эрүүгийн тусгай ангийн 20.17-р зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй замын хөдөлгөөнд оролцож, бусдад их хэмжээний хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайг тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах шийтгэл ногдуулсан юм. 

Шүүхийн шийдвэрийн талаар хохирогч хоёр охины өмгөөлөгч О.Цэрэнпунцагаас тодруулахад "Манай үйлчлүүлэгч шүүхийн шатанд хохирогчоор оролцоод явж байсан. Шүүх дээр өөрчлөгдөөд, хуульд заасан шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна. Тиймээс хохирогчоор үзэх боломжгүй гэсэн. Өмгөөлөгчийн хувьд тухайн цаг үед нь нэхэмжлэгчийн хүсэлтээ гаргасан. Хуульдаа нэхэмжлэгч нь нэхэмжлэлтэй холбоотой харилцах хэмжээ хязгаартай.

Сэтгэл засалчийн эмчийн тодорхойлолтоор ослын дараах эмгэг өөрчлөлттэй гэсэн. Шинжээчийн дүгнэлтээр миний үйлчлүүлэгчид сэтгэцтэй холбоотой гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэсэн байна. Хавтаст хэргийн материал дээр дахин шинжээч томилох хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж авсангүй. Тухайн үед захирамжаар шийдэж байгаа учраас гомдол гаргах эрхгүй байгаа юм.

Үндсэндээ хохирогч биш гэмт хэргийн улмаас учирсан иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Нотлох баримтыг үнэлж дүгнээд шүүх хуралдааны завсарлагын үеэр 2,630,000 орчим төгрөгийн хохирлыг барагдуулж авсан" хэмээн тайлбарлалаа.